“Би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан”

Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Лхагважавтай ярилцлаа. Тэрбээр “Зууны мэдээ” сонинд “Зэсийн үнэ унавал хорьдугаар тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гарчигтай ярилцлага өгснийхөө дараахан сэтгүүлчид тийм утгатай үг, өгүүлбэр хэлээгүй хэмээсэн боловч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.


-Таныг “Зууны мэдээ” сонинд “Зэсийн үнэ унавал хорьдугаар тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гарчигтай ярилцлага өгсний дараа Монголбанк болон тус сониныхон харилцан залруулга, мэдэгдлүүдийг гаргалаа. Монголбанкны олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд таны үгийг  төв банкны байр суурь гэж хүлээж авна гэдгийг та ухамсарлаж байсан уу. Яагаад тийм үг, өгүүлбэр хэлсэн юм бэ?

-Юуны өмнө би “Хорьдугаар тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гэсэн утгатай үг, өгүүлбэр хэлээгүй. Хэлэх ч шаардлага байхгүй. Бидэнд тийм мэдээлэл байгаагүй. Олон нийтийн дунд мөнгөний ханш унаж магадгүй гэсэн яриа хүчтэй газар авч байгаа юм билээ. Ханш унана гэдгийг л тайлбарлах гэж оролдсон. Ирэх онд инфляци өсөх хүлээлт байгаа.Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ханш унана гэж ойлгоод байгаа байх гэдэг байдлаар ярьсан.

-Инфляцийн хүлээлт үүсээд байгааг гэдгийг ч Монголбанкны хариуцлагатай албаны хүн урьдчилан хэлж болдог юм уу. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлчих юм биш үү?

-Энэ талаар хүмүүс хоёр өөр байр суурьтай байдаг. Зарим нь та нар өөрсдөө ингэж мэдээлснээр инфляцийг хөөрөгдөж байна гэх хүн ч бий. Гэтэл төв банк үйл ажиллагаагаа нээлттэй байлгаж, инфляцийн хүлээлтийг зарлаж байж түүнийг тогтоон барих учиртай. Өөрөөр хэлбэл инфляци өсөж байгаа гэдгийг нууж байгаад гэнэт хяналтаасаа алдах, эсвэл мэдээлээд тал талдаа анхаарч арга хэмжээ авах уу гэдэг л асуудал байгаа юм. Тиймээс ч би манай өрөөнд орж ирсэн сэтгүүлчдэд төрийн нууц л биш бол шаардлагатай мэдээллийг өгдөг.

-Таны ярилцлага өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэн тэр орой Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурал нэлээд ши­рүүхэн хуралдсан, таныг хатуу шүүмжилсэн гэдэг үнэн үү?

-Тэр хурал дээр би учраа хэлсэн.  Яагаад ярилцлага өгсөн, чухам юу ярьсан, цаана нь ямар зорилготой байсныг мэдэхгүй гэдгээ ч хэлсэн.  Миний хариултад итгэх, итгэхгүй янз бүрийн байдлаар хүлээж авсан байх. Шударгаар хэлэхэд төв банк нээлттэй байх ёстой, ёсгүй гэдэг асуудал маргаантай байдаг. Миний хэлэх зүйл гэвэл Монгол Улсад Мэдээллийн ил тод байдлын тухай хууль гарсан. Үүний дагуу нууцын жагсаалтад л байхгүй бол сэтгүүлчийн тавьсан асуултад бид хариулт өгөх үүрэгтэй. Мэдээлэл өгөөгүйнхээ төлөө хариуцлагаа хүлээдэг байх учиртай гэж би боддог.

-Та сэтгүүлч мэргэжилтэй юу. Энэ албан тушаалд ямар шалгуураар томилогдсон юм бэ?

-Би мэргэжлийн сэтгүүлч биш. Аз болоход надтай харилцдаг сэтгүүлчид маань бичих зүйлээ сайн ойлгодог. Энэ удаад дуулиан дэгдээмээр санагдсан ч юм уу, яагаад тэгж бичсэнийг  мэдэхгүй байна. Гэхдээ би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Монголбанкинд ажиллах хугацаандаа мэдээллийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах ажилд ахиц гарсан гэж бодож байгаа. Нэг үеэ бодвол иргэд Монголбанкны бодлого, үйл ажиллагааг тодорхой хэмжээнд ойлгодог болсон. Би их сургуулийг статистикч мэргэжлээр төгссөн. Магистраа хөгжлийн эдийн засаг сэдвээр хамгаалсан. Үндэсний статистикийн хороо болон Монголбанкинд судалгаа, статистик, мөнгөний  бодлогын чиглэлээр ажиллаж байсан.

-Сэтгүүлч “Зэсийн үнэ унавал хорьдугаар тогтоол давтагдах юм байна, тийм үү” гэж асуухад та “Яг тийм” гэсэн юм байна шүү дээ. Та бол огт тийм зүйл яриагүй гэж зүтгээд байгаа?

-Хорьдугаар тогтоолтой холбоо­той нэг ч үг хэлээгүй. Зэсийн үнэ унасан ч шууд хямарчихна гэж ойлгож болохгүй.  Яагаад гэвэл нүүрсний экспортын үнэ зэсээс илүү ач холбогдолтой болчихоод байна. Миний  санаа гэвэл төсөв хэт тэлж байна. Үүн дээр нэмээд гадаад шокууд үүсвэл инфляцийн дарамт зайлшгүй ирнэ. Монголбанкны зүгээс инфляцийг тогтоон барихын тулд чадах бүхнээ хийнэ гэдгийг л хэлсэн.

-Гэхдээ таны уг ярилцлагыг өгсөн цаг хугацаа олон нийтийн дунд мөнгөний ханш унах нь гэсэн цуурхал дэгдсэн, айдастай үетэй давхацсан. Тиймээс ч “Монголбанкны албаны хүний хэлснээр” хэмээн иш татаж бичиж байгаа. Энэ бүхнээс харахад та хариуцлага хүлээх нь гарцаагүй. Харин яаж хариуцлагаа хүлээх болж байна?

-Би ажлаа өгье гэдэг хүсэлтээ гаргаж, өргөдлөө газрынхаа захиралд өгсөн. Нэгэнт үл ойлголцох байдал үүслээ. Хэний буруу, зөв бэ гэдгийг шүүж, өөрийгөө хамгаалаад суух сонирхол алга. Гэхдээ миний бодлоор хэн нэгний эрх ашигт нийцээд байсан учраас “Мөнгөний ханш унана” гэсэн цуу яриаг тараасан болов уу гэж бодож байна. Сонгууль, улс төртэй ч холбоотой байж магадгүй. Ард түмний санаа сэтгэлийг сандраах, “пааник”-т оруулах гэх мэтээр. Гэвч үр дагавар нь маш аюултай. Инфляци хүлээгдэж буй хэмжээнээс ч өсөж болохоор тийм аюултай үр дагавартай юм шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж