В.Путиний Ерөнхийлөгч болох гэсэн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

В.Путиний Ерөнхийлөгч болох гэсэн шалтгаан

Владимир Путин. Энэ нэрийг сонсоход чанга хатуу байр суурь илтгэсэн, өнгө нь хувиршгүй дуу хоолой, төрөлхийн тагнуулч, улстөрч, удирдагчийн дүр төрх нүдэнд харагддаг гэх хүн олон бий байх. Түүнийг ОХУ-ын улс төрийн төдийгүй түүхийн нэгэн үеийг шинээр эхлүүлж, бүхэлд нь захирч байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тэрбээр хойд хөршийн Ерөнхийлөгчийн суудлыг хоёр улирал дараалан эзэлж, өдгөө Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй. Мөн ирэх 2012 оны сонгуульд Ерөнхийлөгчийн сэнтийд дахин өрсөлдөх гэж байгаа. Үнэндээ бол өрсөлдөх бус эзлэх гэж хэлэхэд болохгүй зүйлгүй л болов уу. Тэгвэл Путин яагаад дахин Ерөнхийлөгч болох гээд байгаа юм бол? Ийм асуулгыг Оросууд нэхэж буй. Хашир бур­хинууд Пути­нийг 2024 он хүртэл төрийн эр­хийг атга­на хэмээн өгүүлж байна. Путин 2024 онд 72 настай болсон байх бөгөөд 78 нас хүртлээ улс төрд хүч үзэх бүрэн боломж­той. Тиймээс тэр “хөөгдөх” хүртлээ эзэмшлээ улам бүр тэлж, Ерөнхийлөгчийн суудлаас буухгүйг хичээх нь гарцаагүй гэжээ. Ирэх 2012-2018 он хүртэл нийт зургаан жил Путин Ерөнхийлөгчийн суудалд суух нь бараг гарцаагүй болоод байгаа. Энэ хугацаанд тэр 66 нас хүрсэн байна. Хүчтэй, туршлагатай, ид оргил үедээ тэр өөрийн гэсэн ул мөрөө үлдээснээс гадна дараагийн алхам, ирээдүйн нөхцөл байдлыг хэдийнэ төлөвлөж, үг үсэг алдалгүй дэс дараалан тэмдэглэсэн байх биз. Биднийхээр бол насны намар нь гадаа ирсэн байдаг 70 шахсан хүн улс төрийн гол дүрийг гүйцэтгэж, бүр төр, засаг барих нь гадныхны хувьд хэвийн үзэгдэл. Жишээлбэл, Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилл Дэлхийн II дайн эхлэхэд буюу ид хийж бүтээж байх үедээ 60 гарсан байсан. Түүнийг дэлхий дахин бүрх малгай, эрвээхэй зангиа, навчин тамхин имижээр нь сайн мэднэ. Рональд Рейган 1980 онд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо 70 нас­тай байсан. Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа авч буй нь энэ. Гэтэл Путин 70 настайдаа Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа улиран ажиллаж байх нь. Тэгэхээр үүнээс дүгнэхэд Путин тэр үед улс төрөөс сонирхол буурах нь битгий хэл ид дур хүсэл нь оргилж байх биз. Тиймээс түүний хувьд 2012-2018 он тэр бүхний үндэс суурийг тавих хамгийн тохиромжтой, алдаж боломгүй үе.

Путинийг анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч болоход Орос орон асар гүнзгий хямралд ороод байсан. Тэрбээр арав гаруй жилийн турш эдийн засаг, санхүүгийн хямралд орсон, эмх замбараагүй, ороо бусгаа, мафийн сүлжээнд хэрэгдэж, хөл дээрээ сөхөрсөн улс орныг тэврэн авсныг хүн бүр мэднэ. Путиний Борис Ельцинээс 2000 онд уламжлан авсан Орос, Медведевийн Путинээс 2008 онд гардаж авсан Орос хоёр хоорондоо асар их зөрүүтэй. Харин өнөөдрийн Орос орон дэлхийн эдийн засгийн нөлөө бүхий, томоохон гүрэн болжээ. Путинийг энэхүү агуу үйлийнх нь төлөө үнэлүүштэй, бас хүндлүүштэй.

Харин ОХУ-ын одоогийн байдал өмнөхөөс арай өөр. Ельцинээс өвлөсөн Орос, Медведевээс буцаан авах Орос. Ельцинээс өвлөсөн Орос орон ядуурал, эмх замбараагүй байдалд автсан байсан бол энэ удаад Путин хөгжиж цэцэглэсэн, тогтвортой, нөлөө бүхий гүрэн гардаж авна. Эрх баригчдынх нь санааг чилээсэн дотоодын үймээн самуун үгүй байна. Дотоодын битгий хэл гадаад орнуудын асуудалд оролцсон ч хэн ч түүнийг зогсоож чадахаасаа өнгөрсөн гэх. Үүнийг 2008 онд ОХУ-ын Гүржтэй хийсэн дайнаас бэлхнээ харж болно. Тодруулбал, хэдийгээр ОХУ-ын хөндлөнгөөс оролцож, дайн хийснийг нь олон улсын зүгээс шүүмжилж, буруушаадаг. Гэвч дэлхийн худалдааны байгууллагад элсэх нь тодорхой болжээ. Мөн ОХУ гадаадын хөрөнгө оруулалт, дэлхийн зах зээл, үйлдвэрлэлтийн анхаарлын цөмд нь оршиж буй гэхчлэн жишээ олныг дурдаж болно.

Энэ бүх хувьсал, шилжилтийн үед Путин чухам ямар үүрэг гүйцэтгэсэн, хэн гэдэг дүрд тоглосон болон одоо юуны учир төрийн эрх мэдлийг гартаа атгахыг хүсээд байна вэ гэдэг нь бас чиг бүрхэг байна. Ганц жишээ татаад үзвэл, Барак Обама саяхан ОХУ-д суух АНУ-ын Элчин сайдаар өөрийн Үндэсний аюулгүй байдлын хувийн туслахыг нэр заасан. Аливаа нэг орны Элчин сайдаар хувийн туслахаа томилно гэдэг зүгээр нэг хэрэг биш, цаагуураа тун чиг нарийн учир шалтгаантай нь хэнд ч ойлгомжтой. Обама Дотоод хэргийн асуудлаарх илтгэлдээ “Путиний ОХУ-ыг гартаа атгаж, удирдан зохион байгуулах эрс шийдэмгий арга бол угтаа захиргаадалтын хамгийн тод жишээ. Гэхдээ үүнийг эрх барих сонгодог арга барил гэлтэй” гэж нэгэнтээ хэлж байжээ.

Тиймээс Обамагийн томилгоо нь өнгөрсөн үед Путиний эрх барьсан арга туршлагаас суралцаж, ирээдүйд ОХУ-ын хийх нүүдлийг алдалгүй ширтэж байхын төлөөх зорилготой байж болох.

Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэгчлэн сөрөг зүйлс мөн олон бий. Тэдгээрийн дотор “Юкос”-ын Михаил Ходорковский, “Эрмитаж Капитал”-ийн Сергей Магницкийн гэх хэргүүд багтана. Олон улсын зүгээс эдгээр хэргийг ОХУ-ын эрх баригчдын зохион байгуулсан улс төрийн агуулгатай шударга бус үйлдэл хэмээн шүүмжилдэг ч яаж ч чадах билээ дээ. Сүүлийн үед Орос, Америкийн хооронд Европын пуужин эсэргүүцэгч системтэй холбоотой маргаан дэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Оросын талаас шууд болон шууд бус заналхийлэл олонтаа өгсөн. Мөн сонгуулийн дүнд нөлөөлөхийг оролдвол яаж ч магадгүй ухааны юм ярьсан. Ер нь бол энэ бүхнээс харахад ирэх оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Путиний замд садаа болох зоригтон байхгүй бололтой. ОХУ-ын дотоод болон түүнтэй холбоотой бүх асуудал Путиний хувьд харин ч таатай нөхцөл байдлыг бүрдүүлжээ. Түүний өмнө улс орноо сайн сайхан, зөв зам руу нь чиглүүлэн, тулгарах аюул, гамшиг, эрсдлийг даван туулах ухаантай, ирээдүй рүү өнгийн харж чадах билиг авьяастай, үнэнхүү сайн төрийн хүн байх. Эсвэл зүгээр л он удаан жил төр баригч, өөрөөр хэлбэл, захирагч байх гэсэн хоёр л сонголт бий. Оросыг өнгөц харахад хөгжингүй, тогтвортой мэт харагдавч угтаа улс төрийн шинэчлэлт, хэвлэл мэдээлэл, шүүх, эдийн засгийн эрх чөлөө зайлшгүй шаардлагатай болсон. Путинд өдгөө ч, ирээдүйд ч энэ бүхнийг хийх хүч чадал, эрх мэдэл, боломж бололцоо бий. Гэхдээ гол нь хүсэх болов уу?

С.ҮҮЛЭН

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж