Тендерийн хамтарсан комисс байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Тендерийн хамтарсан комисс байгуулав

Дундговьд нэг тулгамдсан асуудал нь жонш олзворлогч бичил уурхай дахь төрийн зохицуулалт болоод байна. Тус аймгийн Хулд сумын Түймэрт цагаан, Өлзийт сумын Ембүү Дурсэнэ-Ус,  Луус сумын Сариг хайрхан, Адаацаг сумын Булаг Алтганад жоншны орд илэрсэн юм. Илэрсэн ч гэж дээ, малчид л өөрсдөө илрүүлчихсэн хэрэг. Ямар ч геологич, хайгуулч  тэнд очоогүй, нөөц тогтоох гэж нарийвчилсан хайгуул хийгээгүй, хэзээ нөөц нь дуусахыг ч мэдэхгүй, юү ч гэсэн агуулга сайтай жонш тэнд гарч байгаа нь үнэн.  Одоогоор Хулд суманд бичил уурхай ажиллаад бүтэн жилийн нүүр үзчихсэн, тэнд 13 нөхөрлөлд 150-аад хүн ажиллаж байна. Ингэж зохион байгуулагдтлаа энд элдэв эрсдэл бас тохиолджээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж хүний амь эрсдсэн, жонш олзворлох, худалдан авах ажилд хэл ам тасрахгүй хуулийн байгууллагад хандах гээд юү эс тохиолдох билээ. Харин энд одоо ажил нэлээд зүгширчээ. Өлзийт суманд байдал өөр байна. Жоншны ордод олон хүн бужигнаж, аймгаас нэлээд хүн засаг захиргааны шилжүүлгээ хийж очин нөхөрлөл байгуулсан байна. Бичил уурхай ажиллуулах түр журамд зааснаар тухайн нөхөрлөлийн гишүүд нь тухайн нутаг дэвсгэрт иргэний харьяалалтай байх ёстой аж.   Гэвч энд бичил уурхай зохион байгуулагдах хүртэл үйл ажиллагааг зогсоон сумын Засаг даргын тамгын газраас харуул хамгаалалт тавиад байна. Сонирхогчид олон байгаагаас жонш худалдан авах компаны сонгон шалгаруулалт хамгийн ээдрээтэй, хэл ам дагуулсан ажил байлаа. Ийнхүү асуудал хуримтлагдсаныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхааралдаа авч тэргүүлэгчдийн хурлаараа  бичил уурхайд ажиллах нөхөрлөлүүдээс жонш худалдан авах компаниудыг сонгон шалгаруулах тендрийн комисс байгууллаа. Энэ комисст тухайн  сумаас зургаа, аймгийн холбогдох байгууллагаас гурван хүн орохоор албан тушаалыг нэрлэн тогтоосон байна. Энэ нь аймаг, сум, иргэдийн аль алины сонирхлыг дундачлан тогтоосон шийдэл юм.  Ингэснээр Өлзийт суманд жоншны бичил уурхай ажиллах эрх зүйн үндэс нээгдсэн байна.   Хулд сумын жишээнээс харвал орон нутагт оршин суугчдыг дагнан ажиллуулсан бичил уурхай нь иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлсэн, банкны зээлээс нь чөлөөлсөн сайн үр дагавартай байгаа бөгөөд тиймээс ч  иргэд элдэв геологич, энэ тэр гэлгүй хөрсөн дорхи эрдэс баялгаа нээсээр байна.

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж