Багш нар Солонгос, Сингапурт амарна

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Багш нар Солонгос, Сингапурт амарна

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаях тухай асуудал яригдаж байгаатай зэрэгцэн багш нарын ур чадварын улсын уралдаан болж дүнгээ гаргажэ.

Багш нарын сурагчдад олгож байгаа мэдлэг боловсролд эцэг, эхчүүд шүүмжлэлтэй хандаж, багш нар мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг шаардах болсон. Энэ асуудалд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Боловсролын хүрээлэнгээс анхаарч жил бүр монголын багш нарын ур чадварын улсын уралдаан, боловсрол судлалын оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй юм. Зорилго нь багш нарын заах арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанарыг ахиулахад ач холбогдолтой арга хэмжээ болж иржээ.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр уралдаанд мэдлэг чадвараа сорьсон багш нартай уулзаж санал бодлыг нь сонсч мөн  амжилт үзүүлсэн багш нарт шагналыг нь гардууллаа.

 Энэ жилийн Монголын багш нарын ур чадварын улсын уралдаанд нийт 69 багш 21 аймаг, нийслэл хотыг төлөөлөн оролцсоны 30 нь бага ангийн, 29 нь дунд ахлах ангийн багш аж.

2011 оны багш нарын ур чадварын улсын уралдаанд бага ангийн багш нараас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийн багш Г.Энхцэцэг тэргүүн байр эзэлж, удаах байрт Хэнтий аймгийн Батноров сумын дунд сургуулийн багш С.Сувданчимэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дунд сургуулийн багш Э.Алтантуяа, гуравдугаар байрт Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолборын багш Ч.Эрдэнэцэцэг, Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн багш Б.Баярмаа, Өвөрхангай аймгийн Хархорин сумын дунд сургуулийн багш Ц.Баярсайхан шалгарсан байна.

Дунд ангийн багш нараас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Шинэ үе” сургуулийн физикийн багш О.Идэрсайхан тэргүүн байр эзэлж удаах байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р дунд сургуулийн монгол хэлний багш Ж.Байгалмаа, Дархан-Уул аймгийн “Од” цогцолборын хөгжмийн багш Ч.Батчимэг, 3-р байрт Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ сур” цогцолборын математикийн багш Л.Уранцэцэг, Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн англи хэлний багш Н.Хүрэлбаатар, Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын биологийн багш П.Батчимэг шалгарлаа.

Оны шилдэг илтгэлээр Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор, Монген, 9-р сургууль, 19-р сургуулийн баг тэргүүн байрт шалгарав.

Энэ үеэр сайд Ё.Отгонбаяр багш нарт хандаж хэлэхдээ “Боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн чухал нэг хэсэг нь багш нарын заах арга зүйг олон улсын жишигт хүргэх явдал юм. Энэ утгаараа энэхүү арга хэмжээ маш ач холбогдолтой юм. Тийм учраас дараа жилээс энэхүү арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит болгож, шалгарсан бүтээлүүдийг олшруулан тараах, сонин хэвлэлд нийтлэх зэргээр шилдэг багш нарын арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шалгарсан багш нарын шагнал урамшилд ч анхаарна. Энэ жилээс эхлэн тэргүүн байр эзэлсэн  дөрвөн багшийг гадаадад амрах эрхээр шагнаж байхаар шийдлээ. Энэ удаа тэргүүн байр эзэлсэн дээрх нэр бүхий дөрвөн  багшийг Солонгос, Сингапур улсад амраах аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж