Салют хорьсон хэвээрээ биз

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Салют хорьсон хэвээрээ биз

Өнгөрсөн жилийн шинэ жилээр салют буудуулснаас болж их, бага хэмжээгээр 40 гаруй хүн бэртэж, гэмтсэн. Бүр хоёр гаргүй болсон тохиолдол ч гарч л байлаа. Иргэд баяраа тэмдэглэж байгаа нь тэр гээд эрүүл мэндээ хохироох үзэгдэл их гарсан тул Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр салют буюу протехникийн төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэд худалдаалах, борлуулах, ашиглахыг хорьсон журмыг гаргасан билээ.

Цагаан сарын дараахан энэ журам батлагдаж байсан санагдана. Ерөөс манай улсад протехникийн бүтээгдэхүүн оруулж ирдэг албан ёсны зөвшөөрөлтэй хоёр л компани байдаг аж. Эдгээр компани салютын төрлийн протехникийн бүтээгдэхүүнийг зарахаас гадна салют буудуулах зэрэг үйлчилгээг өөрсдөө үзүүлэх үүрэг хүлээдэг гэж байгаа. Харамсалтай тийм үйлчилгээ үзүүлэхгүй л дээ. Зүгээр л зарахаас цааш хэтэрдэггүй.

Тэгээд ч өнгөрсөн шинэ жилийн үеэр орж ирсэн салютууд бүгд зөвшөөрөлгүй, ашиглах зааваргүй, хууль бусаар гаалиар нууж оруулж ирсэн бүтээгдэхүүнүүд байсан. Энэ талаар мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ жил ч дээрх золгүй тохиолдлууд дахин гарахгүй гэх баталгаа алга байна. Тун удахгүй шинэ жил болох гэж байгаа. Албан байгууллагууд гацуур модоо засаад, шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлж байна.

Энэ зуур гадуур өнөөх салют чинь зарагдаад эхэлчихэж. Мэр сэр харагдаж л байна билээ. 20-д дөхөөд ирэхээр урд хөршөөс оруулж ирсэн ёслолын буудлага хийгч буу хаа сайгүй гарч ирэх нь тодорхой болоод байна. Тиймээс эрхэм дарга нараас өнөөх шийдвэр чинь хэвээрээ биз дээ гэж асуумаар байна. Нэгэнт гарсан шийдвэр хойно шийдвэрийн биелэлтэд анхаарах л хэрэгтэй.

Тэгэхгүй бол иргэд дахиад л салют худалдаж аваад, гар хөлнөөсөө салах вий дээ. Наймаачид ч яах вэ, ашиг олох гээд л хэрэгтэй, хэрэггүй бараа авчирч таарна. Хүмүүс ч шинэ жилийн баяраа салютгүйгээр төсөөлөхгүй гээд авч л таарна. Аягүй бол өнгөрсөн жил хүмүүс гарнаасаа салсан гэдгийг таг мартчихсан л байгаа. Баяр л сайхан болж байвал барав гэдэг сэтгэлээр нь хандаж таарна биз.

Тэгэхээр иргэдээ хамгаалахын тулд ердөө л гаргасан шийдвэрийн биелэлтдээ анхаарах хэрэгтэй байна. Цагдаа нар гадуур явж, хүмүүсийн самар хурааж байхаар салют зарж байгаа дэлгүүр, үйлчилгээний байгууллага, хувь хүмүүсийг шалгасан нь дээр байлгүй. Шинэ жилийн урдхан талд шалгалтаа бүр ч их идэвхжүүлж, хурааж авах хэрэгтэй. Алийн болгон амьдрах гэж яваа гэж өрөвдөх юм. Бүгд адилхан амьдрах гэж ядаж явахад.

Гэхдээ тэд амьдрах гэж байгаа нь энэ гэж хүний эрүүл мэндийг хохироох бараа, бүтээгдэхүүн зарах эрх байхгүй. Муудсан хоол хүнс, хортой зүйл зарж байвал хураах нь түмэн зөв биз дээ. Ерөөсөө л нэг гаргасан шийдвэрээ л биелүүлж, биелэлтэд нь анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм. Шийдвэр гаргагч нь УИХ, Засгийн газар, Нийслэл байх нь гол нь биш. Шийдвэр л бол шийдвэр шүү дээ. Салют зарахыг хориглосон чигтээ дуус. Ядаж иргэдэд хэрэгтэй.

Н.Пунцаг

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж