Кэмбриж: Хувь заяагаа өөрсдөө сонгож байна

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Кэмбриж: Хувь заяагаа өөрсдөө сонгож байна

“Дэлхийн боловсролыг Мон­голдоо” уриа биш ажил болж байна. Олон улсын хөтөлбөртэй анхны гурван сургууль Улаанбаатарт үүдээ нээсэн, жилийн өмнөөс хичээл нь эхэлсэн. Анхных нь “Шинэ эрин”, удаах хоёр нь “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”. БСШУЯ-ны харъяа, олон улсын лаборатори сургуулиуд үнэ төлбөргүй. Шалгалтаа өгч тэнцсэн л бол аав ээжийнх нь ашиг орлогын хэмжээ, илүү мөнгөтэй боломжтой айлынх уу, эгэл ардын хүүхэд үү гэдэг нь энд хамаагүй. Заавал том компанийн захирал аавтай байх албагүй.  Жирийн иргэн, эгэл ардын хүүхдийн өмнө дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэх зам дурайж байна. Олон улсын гэрчилгээ олгодог, хувийн сургуулийн жилийн төлбөр нь 8500 доллар юм.

Олон улсын хөтөлбөрөөр үнэ төлбөргүй хичээллэх хос хэлний сур­гууль аймаг бүрт нэг, Улаанбаатарт ес, нийт 30 ийм сургууль байгуулах төлөвлөгөө гарчээ. Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн анхны гурван сургуулийн 320 сурагч үе тэнгийнхээ гурван мянган хүүхдээс шалгарч тэнцсэн юм. Тэд Харвард, Стэйнфорд, Кэмбрижийн ирээдүйн Монгол оюутнууд. Хос хэлний сургуулийн хүүхдүүд хоёр гэрчилгээтэй төгсөнө. Олон улсын болон Монголын ерөнхий боловсролын гэрчилгээ зэрэг гар­дана. Гадаадад суралцах хүсэлтэй бол олон улсын гэрчилгээ нь хэрэг болно. Эх орныхоо их дээд сургуульд элсье гэвэл Монголын гэрчилгээтэй.  Хөтөлгөө морьтой хүмүүс болно. Кэмбриж нь уян хатан хөтөлбөр. Үндэсний онцлог, хэв шинжээ хадгална. Нэг үгээр хэлбэл англи, монгол хэлээр хичээллэнэ. Монгол бичиг, монгол хэл, Монголын уран зохиол, Монголын түүх зэрэг хичээл мэдээж монголоор орно. Өнөөдрийн байдлаар олон улсын шалгалт өгөх эрх авсан 11 хичээлээс англи хэлээр, Кэмбрижийн хөтөлбөрийн дагуу үзнэ. Хичээлээ сонгож үздэг нь Кэмбрижийн хөтөлбөрийн гол онцлог. Ирээдүйд эзэмших мэргэжил, авъяас сонирхол, хэрэгцээ шаардлагын дагуу эцэг эхтэйгээ ярьж зөвшилцөөд сонгодог юм байна. Инженер, эдийн засагч болох хүүхдэд математик түлхүү орно. Эмч болохыг зоривол хими, байгалийн ухаанаар илүү гүнзгийрнэ. Хүүхэд бүр нэг хэвэнд цутгасан үйлдвэрийн бараа биш. Найман сая эс дундаас хүн болж төрсөн хувь заяаны эзэн, дахин давтагдашгүй бодьгал. Өөр өөрийн онцлог, авъяас, ирээдүй, эзэмших мэргэжил, сонирхолтой. Түүндээ таарч зохицсон хичээл сонгож үз­вэл дур сонирхол нь нэмэгдэнэ, амьд­ралд хэрэглэх чадвар сууна. Монго­лынхоос хөтөлбөрийн агуулга нь нэг их ялгаагүй, үндсэндээ адилхан гэж БСШУ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Гагцхүү бүх зүйлийг нэг л том хайрцаг, хэмжээс, өнгө буд­ганд оруулж чихдэггүйгээрээ сүр­хий ялгаатай. Тооны хичээл өнөө­дөр бүх хүүхдэд яг адилхан цаг, өгөгд­лөөр орж байгааг өөрчилнө гэсэн үг. Багш бүгдэд нь адилхан математик заагаад л байдаг, үр дүн нь өөр өөр. Математикийн хичээл зайлш­гүй хэрэгтэй. Тэгэхдээ хүүхэд бүрт адилхан биш авъяас сонирхол, хэрэг­цээ шаардлага, ирээдүйд эзэмших мэргэжлийг нь харгалзаж үзээд ялгаатай орно гэсэн үг. Бүгдийг тэгшитгэж адилтгахын бас нэг сул тал нь авъяастай хүүхдийг ч боож хойш татна, сулыг нь бүр гээнэ. Жишээ нь тоонд онцгой сайн, ердийн, дунд зэргийн, нэлээн муу хүүхдийн дунд шалгалтын нэг л материал, адилхан бодлогууд ирнэ. Харилцан адилгүй хүүхдүүдийг нэг адил зүйлээр хэмждэг. Маш сайн хүүхдэд өөрийнх нь түвшингээс доогуур шалгуур өгөхөөр өөрөө өөртөө ханах, улам илүү их өөрийгөө нээх боломжийг алдана. 

Эсвэл нөгөө хэсгийнх нь урам, өөртөө итгэх итгэлийг нь хугалж орхидог. Хүүхэд бүрт байгаа давуу тал, боломжийг хөгжүүлж, ялгаа, онцлогтой нь тулж ажилладгаараа ялгаатай юм байна. Бас нэг том онцлог нь Кэмбрижийн стандартын үнэлгээ хүүхдийг дугаарлахгүй. Сураг­чийг сурагчтай харьцуулдаггүй. Сурагч тус бүрийг хичээлийнх нь хөтөл­бөртэй харьцуулж, юу чадах ёстой­гоос юуг нь чадахгүй байгааг тодор­хойлно. Хаана хүрэх хэрэгтэй тэнд нь хүргэнэ. Хүүхэд бүрийн ахиц дэв­шилд тулгуурлаж суралцуулдаг систем юм. Олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа сурагчид өөрсдөө ахиц дэвшил, ялгаа онцлог, давуу тал, нээгдэж буй боломжийн талаар бичиж байна:

10б Б.Сайнбаяр: Надад хамгийн их таалагдаж буй зүйл нь номын сан. Уран зохиол, танин мэдэхүйн шинэ ном үргэлж ирнэ, бас их тохилог. Удахгүй манай сургууль шинэ байрандаа нүүж орно. Би энэ сургуульд ороод өөртөө илүү их итгэдэг болсон. Гол хичээлүүдээ англи хэлээр үзэж, монгол сургуульд тэр бүр заадаггүй хичээл түлхүү орж байна.  

10б Хонгорзул:
Манай сургууль төрийн өмчит, Кэмбрижийн хөтөлбөрөөр үнэ төл­бөргүй хичээллэдгээрээ ялгаатай. Анги бүрт компьютер, проектор, бай­га­лийн ухааны хичээлийн тоног төхөө­рөмж, оёдлын машин ч бий. Цөөн хүүхэдтэй тул багш нар хүүхэдтэйгээ тулж ажиллах хүрэлцээ нь илүү. Багш нар маань шалгалт өгч тэнцэн, шалгарсан мундаг хүмүүс. Мэдэхгүй, чадахгүй юм цөөнгүй гардаг л даа. Хичээл зүтгэлээр л давна. Хичээлээ сонгож үздэг, англи, монгол хэлээр явагддаг болохоор ачаалал их ч гэсэн сонирхолтой. Бид сайн суралцаж чадвал зөвхөн бидний амжилт биш. Улс орны амжилт болно.

10б Б.Биндэръяа:
Ердийн системд багшийн хий гэснийг нь сурагч биелүүлдэг, бие даадаггүй. Энд багш чиглүүлэгч, мэдээлэл өгөгч. Сурагч өөрсдөө асуудлын хариуг  хайж, багаар ажил­лаж, өөрсөддөө илүү тогтоцтой, үл­дэц­тэй мэдлэг олж авдаг. Мэдээж илүү сонирхолтой.

10б Ж.Баасандорж: Нүд ирмэхийн зуур нэг жил өнгөрч, бид улам сайн хичээж байна. Бид хичээх ёстой. Учир нь миний, бидний хувьд маш том боломж, маш том аз завшаан. Хэрэв бид тэнцэх юм бол олон сайн боловсон хүчин болж, эх орноо хөгжүүлнэ. Шалгалтаа заавал амжиллтай өгнө өө.

10б Б.Буяндэлгэр:
Иж бүрэн тоноглол, Кэмбрижийн сурах бичгээр хангагдсан. Багш нар маань  заах арга сайтай, хүүхдийг ойлгодог хүмүүс байгаа. Төгсөөд гадаадын алдартай их сургуульд орно, Монголдоо хэрэгтэй хүн болно.

10б А.Золзаяа:
Боловсролын шинэчлэл хийгдэж эхэлсэн нь маш том хөрөнгө оруу­лалт. “Шинэ Эрин”-ийн анхны 40 сурагчийн нэг болсноороо би их азтай. Олон улсын хөтөлбөрөөр хи­чээл­лэснээр дэлхийд хөл тавих бо­ломж бидний өмнө нээгдэж байна. Төр засаг бүх зүйлээр хангаж дэмжиж байгаад хүүхдүүд бид маш их баярлаж байгаа. Бид хичээлдээ сайн суралцаж баярласнаа хариулна.

10б О.Анармаа:
Монголынхоо болон олон ул­сын ерөнхий боловсролын хоёр гэр­чилгээтэй төгсөнө. Олон улсад зөв­шөөрөгдсөн IGCSE шалгалтыг өгөх боломжтой болно. Энэ шалгалтад тэнц­вэл гадаадад суралцана. Шалгал­таа давахад англи хэлийг маш өн­дөр түвшинд эзэмшсэн байх шаардла­гатай. Бид одооноос бэлтгэж, англи хэлээр сонгосон хичээлүүдээ үзэж байгаа. Бүгдээрээ шалгалтаа сайн өгч, Монголдоо хэрэгтэй, мундаг хүмүүс болцгооё гэж хичээж байгаа шүү.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж