Яадаг юм, муу 76 ”ямаа”

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Яадаг юм, муу 76 ”ямаа”

Сургуулийн багш нар өн­гөрсөн долоо хоногт су­рагчдадаа бие даалтын цаг өгч, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ хүлээн авалгүй ажил тасалж байгаад жагсаал зохион байгууллаа. Үндсэндээ тэдний жагсах шалтгаан нь цалинтай холбоотой. Тэдний авдаг цалин миний авдаг цалингаас бага байгаа юм гэнэ ээ. Гэтэл энэ жагсаалтай зэрэгцээд урлагийнхан бас төр засагтаа гомдоллож эхлэв. Тэдний авдаг цалин ч гэсэн амьдралд нь хүрэлцдэггүй юм байх. Нэг л их олны танил хүмүүс яваад байдаг. Монголын хэмжээнд “од” болж гялалзаад байдаг. Гэтэл цалин гэж шальтай мөнгө авдаггүй байж л зээлээр өөрийгөө хувцаслачихаад гялал­заад байдаг байсан гэ­нэ. Дээрх ажил хаялт зохион байгуулсан хүмүүсийн зөв л дөө. Тэдний авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь мэдээж. Ер нь төрийн албан хаагчдын цалин бага гэдгийг хүн бүр л мэднэ. Монголд төрийн албан хаагч 130 мянган хүн байдаг гэх тоо бий. Тэгвэл үүнийг нийт ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоотой харь­цуулбал 20 орчим хувийг эзэлж байгаа юм. Тэгвэл төрд ажилладаггүй хувийн хэвшилд ажилладаг 520 орчим мянган хүний эрх ашгийг хэн өмгөөлж хам­гаалах вэ. Үүн дээрээс нэ­мээд аль нэг байгууллагад харъяалалгүй хэрнээ өөрөө өөрийгөө болгоод явдаг мян­га мянган хүний эрх ашгийг хэн төлөөлөлөх бол гээд асуу­дал  байна. “Төрийн ал­бан хаагчдын асуудлыг л шийдчихвэл Монгол Улсын асуудлыг шийдчихнэ” гэж үзэж байгаа бол том эндүүрэл. Ер нь хувийн байгууллагууд улс орны гол ачааг нуруун дээрээ үүрч байгаа. Бизнес эрхэлнэ, ажлын байр нэмнэ, татвар төлнө гэх мэ­тээр улс орныг голчлон хөдөлгөж байгаа бизнесийн байгууллагуудын эрх ашгийг хэн хамгаалах юм бол. Цалин нэмэхийн тулд татвараа өсгөнө. Энэ татварыг бизнесийнхэн л төлнө. Тэгээд төрийн албан хаагчдын цалин өсөхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ үнийн өсөлт гэх шуургыг цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагчид даваад гарах нь мэдээж. Харин бид буюу бизнесийн байгууллагад ажилладаг 520 мянга гаруй хүн, дээр нь хувиараа бизнес эрхлээд өөрийгөө болгоод явдаг хүмүүс энэ шуургыг давж чадахгүй л болов уу. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Биднээс авсан татварыг эргээд бидний эсрэг зэвсэг болгон хэрэглээд байгаа энэ төр засгийг “ямаа”, “тэмээ”, “мал” гэж хэлэхээс өөр аргагүй байна. Яадаг юм, муу 76 “ямаа”.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж