Ченжүүд ээ, битгий далимдуулаарай

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Ченжүүд ээ, битгий далимдуулаарай

Монголчууд их сонин улс. Шата­хууны үнэ нэмлээ гээд шал худал цуурхал тараачихвал тэр даруйд таксиныхан, талх зардаг дэлгүүрийн эзэн үнээ өсгөчихдөг. Бүр худлаа гээд байхад өсгөсөн үнээ бууруулахгүй гээд л гүрийчихэж мэдэх улс. Өнөө зах зээлийн хууль, шударга өрсөлдөөн, хэрэглэгч хаан гэх өргөмжлөл бүгд худлаа. Монголын  зах зээлд нэг л хууль үйлчилдэг. Тэр нь үнийн өсөлт.  УИХ-аар төсвийн хуулийг батлахдаа Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, автомашины онцгой татва­рыг өөрчилсөн. Үүнээс болж хуучин, шинэ гэлтгүй бүх машины үнэ дотоодын зах зээлд өссөн гэсэн шум дэгдээд байгаа. Үнэндээ ямар нэгэн татварт өөрчлөлт орох сургаар л машиныхаа үнийг нэмчихдэг нь гэм биш зан болсон. Үүнийг л болиулах арга зам байдаг бол түүнийгээ төрөөс, төрийн байгууллагуудаас хэрэгжүүлмээр байна. Ядахдаа л Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь шударга өрсөлдөхийг уриалах хэрэгтэй байгаа. Тус газрын хувьд хэрэглэгчийн гэхээ­сээ илүү эздийн эрх ашгийг хамгаал­даг бодлого явуулдаг гэх шүүмж­лэл да­гуул­даг. Зарим, шийдвэ­рүү­дийг харахад ор үндэсгүй хард­ла­га  биш санагддаг.

Өөрөөр хэлбэл, үгсэн хуйвалдаж үнийг хөөрөгдсөн аж ахуйн нэгж иргэнд хариуцлага тооцдог болмоор байна. Өнгөр­сөн жилийн өдийд Гаалийн ерөн­хий газраас авто машины татварт өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан нь машины үнэ өсөх далим болсон.  Уг хуулийн төсөл УИХ-аар ороод уначихаад байхад, сургаар өсгөсөн машиныхаа үнийг ченжүүд буулгаагүй. Энэ удаад бас хэний хөөрхөн лобби орчихов гэх хардлага нийгэмд байна.  Хуучин машины онц­гой албан татварт өөрчлөлт оруу­лах нь яалт ч үгүй зөв. Тэгэхгүй бол удах­гүй Монгол Улс харийнхны хаягдал төмрийн “оршуулга”-д дарагдах биз. Гэхдээ энэхүү шийдвэрээс болж ардууд алхаад марш гэдэг л болчихгүй байгаасай гэж найдья. Тансаг хэрэглээ гэдэг утгаараа том жипүүдэд том татвар ногдуулах болсныг олон хүн дэмжиж буй. Дэлхий ний­тээр тансаг хэрэглээтэнгүүд илүү татвар ногдуулах ёстой гэдэг хууль үйлчлэх болсон болохоор. Харин энэ хүү хуулийн төслийг утгыг ойлгохгүйгээр учиргүй үнээ өсгөөд битгий далимдуулаарай гэж ченжүүдэд хэлэхэд буруудахгүй байх. Хэдийгээр мөнгө цагаан нүд улаан ч аливаа юм  тодорхой хязгаартай, хэмжээ­тэй байх учиртай болов  уу. Учир нь авто машины онцгой албан татварт өөрчлөлт оруулснаар бол ардуудын унадаг машины  үнэ бол өсөхгүй юм билээ. “Нас нь залуу, моторын хүчин чадал нь 3500 хүртэлх бол татвар огт нэмэгдээгүй. Хуучнаараа байгаа шүү” гэдгийг Сангийн сайд хүртэл тайлбарласан байсан. Автомашины онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар “Хустай элбэрэл”-ийн лобби ийнхүү УИХ-аар баталгаажууллаа. Энэхүү шийд­вэр монголчуудын  нэг хэсэгт нь таалаг­­даж, нөгөө хэсгээс нь багагүй шүүмж­лэл хүртэж байна. Ард хүн гэхээрээ гоё машин унаж, гоё бай­шинд амьдарч болохгүй гэж үү гэх асуултыг тавих хүмүүс олон бай­на лээ. Гоё машин унаж, гоё байшинд амьдрах гэсэн залуусын мөрөө­дөл, цалингаараа машинтай, байр­тай болно гэсэн итгэл ингээд л “будаа”. Нийт машины зөвхөн есөн хувьд өндөр татвар ногдуулна гэсэн эрхбаригчдын амлалт үнэн байгаа­сай. Ингэхэд ченжүүд ээ, дахиад гуйя. Энэ шийдвэрээр битгий далим­дуу­лаарай гэж.

УИХ-аар
Төсвийн хуулийг батлахдаа Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийг хамт баталсан. Үүнд автомашины онцгой татварын
хууль мөн багтаж байгаа юм. Автомашины татвар нэмэх сургаар суудлын
тэрэгний үнэ огцом өссөнийг иргэд хэлж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн,
Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Онцгой албан татварын тухай хуулийн хүрээнд автомашины татварт ямар өөрчлөлт орсон бэ?

-Хуучин
бол онцгой албан татварыг машины насаар гурав ангилдаг байсан. 0-3,
4-9, 10-аас дээш жил гэж. Нөгөө талаас моторынх нь багтаамжаар 1500,
1500-2500, 2500-3500, түүнээс дээш гэж ангилдаг байсан. Энэ тооцоо
үндэслэл энэ ангилалдаа хэвээрээ байгаа. Бид хоёр концепц оруулж ирсэн.
Нэгд, харьцангуй тансаг хэрэглээний татвар гэдэг концепцийг Монголд
оруулж ирье. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ чинээлэг хүмүүс илүү татвар
төлөх ёстой гэж үздэг болж байна. Өөрсдөө түүнийг санаачилж байна.
Европ, АНУ, ОХУ-д тийм болж байна. Тансаг хэрэглээний концепцийг яагаад
хэрэглэдэг вэ гэвэл одоогийн мөрдөж буй хуулиуд дээрээ түшиглэж
хэрэглэдэг. Жишээ нь, хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулах
боломж байна. Мөн үл хөдлөх хөрөнгө дээр өөрчлөлт оруулах боломж байна.
Том, том байшин, үнэтэй үл хөдлөх хөрөнгө, эдлэн газар, тансаг
хэрэглээний машинуудыг энэ төрлийн татварт хамруулах боломж байдаг. Бид
сая шинэ ангилал нэмсэн. 3500-4500, 4500-гаас дээш куб.см моторын
багтаамжтай машинуудад тансаг хэрэглээний татвар ногдуулна. Дээрээс нь
насны хувьд машины эдэлгээний хугацаанаас хамаарч дөрвөн ангилалд
хуваасан. 0-3, 4-6, 7-9, 10-аас дээш жил ашигласнаас хамаарч татварын
хэмжээг тогтоохоор болсон.

-Татварын хувьд ямар үзүүлэлттэй машиных хэвээрээ, ямар нь нэмэгдсэн бэ?

-Нас
нь залуу, моторын хүчин чадал нь 3500 хүртэлх бол татвар огт
нэмэгдээгүй. Хуучнаараа байгаа. Аливаа машиныг үйлдвэрлэснээс хойш 10
жилийн дараа машин өөрийнхөө өртгийг нөхөөд “төмрийн хог” болдог.
Америк, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд хориглосон, маш өндөр
татвар ногдуулдаг машиныг манайхан Монголдоо оруулж ирдэг. Тиймээс
үүнийг захиргааны аргаар хаа гэдэг шаардлагыг хаа хаанаа тавьж байгаа.
Гэхдээ захиргааны аргаар биш эдийн засгийн аргаар хаая гээд10-аас дээш
жил ашигласан машинд ногдуулах онцгой албан татварыг бүх төрөлд нь
нэмсэн. Дээрээс нь 3500сс-ээс дээш ангиллын машины татварыг өндөр
болгосон. Энд зөвхөн жийп орж байгаа хэрэг биш. Дунд зэргийн жийпнүүдийн
үнэ яг хэвээрээ үлдсэн. Зөвхөн 3500сс-ээс дээш буюу суудлын
Бенз-300-гаас дээш ангилал, BMW-5-аас дээш ангиллын  машинд өндөр татвар
тавьж байна. Энэ бол нийт ашиглаж байгаа машинуудын ердөө есөн хувь нь
болж байгаа. Тийм учраас нийт иргэдийн хувьд машины үнэ өсөх нөхцөл
байдал үүсэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Ж.ЭРХЭС, Д.ОЮУН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж