Италиас их Монголд суух элчин сайд Марко Поло

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Италиас их Монголд суух элчин сайд Марко Поло

Италиас Их Монголд суух Элчин сайд Марко Поло. Энэ үгийг арван жилийн сурагчийн биш нэгэн цагт Ерөнхий сайд “хийж” явсан С.Баярын амнаас сонслоо. Кембрижийн стандарт руу шилжээд хичээлийн агуулга өөрчлөгдөж, ийм хичээл багачуудад ороогүй л бол тэдний амнаас ч ийм үг гарахгүй байх гэж найдья. Гэтэл Ерөнхий сайд асны энэ үгийг нь бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд гаргаж байгааг харав. Харамсалтай ч бас инээдтэй юм шиг.

Ойрхи дорнодоор аялагч худал­даачин аавтай бяцхан Марко хэзээ нэгэн цагт Ойрхи Дорнод цаашлаад Ази тивээр аялал хийх хүсэлтэй байжээ. Ингээд тэр 1260 онд Константинополь хотод очоод Торгоны замын худалдаачидтай таарч Их Монгол Улсын тухай сонссон гэсэн түүх байдаг. Тухайн үед Хятадын газар нутагт байсан Юань улсад ирж Хубилай хаантай уулзаж байсан гэх баримт бий. Одоогийн газар нутгаар нь харвал тэр Монгол Улсад ирээгүй болж таарч байна гэсэн үг. Талийж одоод найман зууныг илээж байгаа энэ хүнийг бид арай дэндүү өргөмжилжээ. Итали улсаас Их монгол улсад суух элчин сайд ч гэх шиг. Тэгээд ч тэр эрхэм дарга нарын хэлээд байгаа шиг тухайн үеийн Монголын эзэнт гүрний төв болсон Юань хавьцаа 10 гаруй жил болжээ. Угтаа Монголд ирээд хоёр жил ч болоогүй байхад ээж нь нас барж үеэл нь түүнийг нутагтаа ирэхийг дуулгасан хэл хүргүүлсэн гэдэг. Ингээд Монголд ирсэн хэсэгхэн хугацаагаа өндөрлөхөөс өөр аргагүй болж. Хэдийгээр Монголд удаагүй ч тэр Ромын папын захидлыг Хубилай хаанд, Хубилай хааны захидлыг Ромын папад өгсөн аж. Тэгэхээр юуных нь Элчин сайд байхав. Худалдаачдыг дагаж явсан одоогийн хэллэгээр бол жуулчин мэтийн хүн бол Марко Поло.

Элчин сайд Поло “агааг” ядаж байхад их эрлийз хийчихэж. Дундад Азийн царайтай толгой дээр нь эртний уугуул америкуудтай адил титэм маягийн зүйлд өд хатган тавьжээ. Мөрөн дээр нь эртний Италийн бус монголчуудын бэлгэдэл шонхор шувууг суулгачихаж. Өмссөн хувцас нь Чуваш үндэстэн шиг байхыг нь яана гээч. Гадны олон жуулчид явдаг их хөлийн газар буюу нийслэлийн төвд барьсан Марко Поло юм уу, Марзо Коло юм уу, бүү мэд. Нэг хүний хөшөөг сүндэрлүүлжээ. Өмнөөс нь ичиж үхмээр. Гадны жуулчид үүнийг хараад яавч сайн хэлэхгүй нь лав.

Эртний монгол, 18-19 дүгээр зууны монголчуудаас өнөөдрийн Монголд хөшөөг нь босгочихоор өөр хүн алга уу? Бүр болохгүй байвал арай ойр төрхтэйгөөр нь Тэв тэнгэр, Хөхчүү бөөгийн хөшөөг яагаад хийгээгүй юм бэ? Сүүлийн үед бөө, “мөө” гээд сүйд болоод байгаа биз дээ. Аль эсвэл Аргасун хуурчийн хөшөөг яагаад босгож болохгүй гэж. “Нууц товчоо”-нд нэрээ үлдээсэн л байдаг юм сан. Холоос бүр олдохгүй бол ойрмогхоноос Чойном, Намнандорж, То ван гээд хөшөөг нь мөнхлөхөөр хүмүүс баймаарсан. Монголын түүхийн шарласан хуудас, алтан хэлхээс алгасаагүй байхад хөшөө хийх эрх мэдэлтэй хотын удирдлагууд алгасаад хаа хамаагүй гадны хүний хөшөөг эрэмдэглээд хаячихаж. Ядахдаа Монголынхоо хүмүүсийг “эрэмдэглэж” болмоор. Андуурч хийсэн ч бид мэднэ, тэд мэдэхгүй шүү дээ. Гэтэл гадныхны онигоо болмоор нэг ийм хөшөөг хийчихжээ.

Бидэнд бахархмаар зүйл үнэхээр алга уу? Бүхэл бүтэн 20 жилийн турш ярьсаар бид Чингис “агаа”-гаасаа уйдсан бололтой. Мянга уйдсан ч өөр бахархмаар юм үлдсэнгүй юу. Хэдийгээр тэр Болд, “молд” нь төрийн шагнал аван гялалзаж яваа ч түүнийг дэлхий мэдэхгүй. Спортын одод нь жүдо, “мүдо” гээд яваад овоо хэдэн медаль зулгаасан ч “бүхнийг мэддэг” улстөрчид мартаж орхиж. Олон улсын уралдаанаас алтыг нь түүдэг спиртээрээ бахархая гэхээр ямар шилийг нь дуурайлгаж хийлтэй биш. Тэгээд л бид уйдаагаа Марко Пологоор гаргаж байх шиг. Ямар ч бахархалгүйн эмгэнэл одоо гарч байна.

Чуваш хувцас өмсгөн, дундад Азийн төрхтэй болгож, толгой дээр нь индиануудын титмийг тавьж, мөрөн дээр нь шонхор суулгасан сонин төрх, хэлбэртэй “Итали улсаас Их Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” Сентрал Тауэрын өмнө сүндэрлэв. Насан хутгийг олоод найман зуун улирсан ч эрхэм аялагчийн яс яасан их өндөлзөж байгаа бол.

Хэрвээ хөшөө үг хэлдэг байсан бол тэр юу гэж хэлэх байсан бол…

Б.Болорсүх

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж