Хэвлэлийнхний эсрэг хийрхэгчдийн булхайг илчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхний эсрэг хийрхэгчдийн булхайг илчилнэ

Улстөрчид гэж өөрийгөө нэр­лэдэг хүмүүсийн ам­наас  “Хэвлэлийнхний амыг хааж бооё”, “Өндөр тор­гууль хүлээлгэж залхаан цээр­лүүлье” гэсэн омголон хийр­хэл сүүлийн үед унах бол­лоо. УИХ дахь үзэг нэгт нөхөр, эрхэм гишүүн З.Ал­тай тэдний хийрхлийг эсэр­гүүцэн ганцаардсан чоно шиг үзэлцэж буй ч аргагүй хү­чин мөхөстөв. Ёстой л “Но­хой хүнийг зуусан гэвэл ши­нэ мэдээ биш. Харин хүн нохойг зуусан бол энэ шинэ мэдээ” хэмээн Ч.Андерсоны хэлсэнчлэн “боорлуулсан” түүний ард Монголын мянга мян­ган сэтгүүлчид бий. Үзэг­нээс өөр зэвсэггүй бид хал­дашгүй дархан эрхээ хуу­лиар хамгаалсан эрх мэдэлт­нүүдийн эсрэг үнэнийг илч­лэн тэмцэхээс хэзээ ч айхгүй. Чуулганы дугуй танхимд товч­луур дарах эрхийн тө­лөө тэд юу ч хийхээс буц­даггүйг хамгийн сайн мэдэх хү­мүүс бол сэтгүүлчид. Өр­сөлдөгчийнхөө эсрэг ямар бузар булай зүйл бичээд, хэдэн халтар төгрөг сарвайгаад гүйж явдгийг нь Монголын хэвлэл мэдээллийнхэн ба­римттайгаар дэлгэж чадна. Магадгүй тэр цагт чуулганы танхимд одоо бай­гаагаас хавьгүй цөөн хүн үлдэх байх шүү.

Хэрэв  улстөрчид  сонгогдсоныхоо мар­гааш үүнийгээ мартаад, бидний үзгийг булааж, амыг хаах хууль сэтгэж явдаг бол сэтгүүлчид “Хэрээ мянган жил наславч цайхгүй, хэрэг мянган жил өнгөрөвч хуучрахгүй”-г санаж баримт бүхнээ хадгалдаг.

Арван сая төгрөгөөр торгох сүрдүүлгийн цаана тэдний хэдэн тэрбумын луйвар явдгийг АТГ-аас бус сэтгүүлчдээс асуу. Гүтгэлээ гээд шоронд хорих гэвэл Монголын шорон цөөндөж, үнэнийг хэлдэг сэтгүүлч нь ихдэж таарна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр “Ёс зүйн хоточ ноход” гэчихээд сонгууль дөхөхөөр ёс зүйг сахин хамгаалбал торгоно хэмээн ярьж буй энэ улстөрчид үнэхээр солиорчихож. Яг Улаанбаатарыг утаагүй болгоно гэж амладаг шигээ. Тэд сэтгүүлчдийг мөнгөнд дуртай гэдэг юм. Хэвлэл мэдээллийн салбарт ч гэсэн хуулийн дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулж болдог. Бид архи, тамхи зарж бусдыг хордуулаагүй. Мэдээ мэдээлэл хүргэдэг. Бидний бичиж буй үг, үсэг болгоны цаана хариуцлага, баримт нотолгоо байдаг. Энэ бол хамгийн цэвэр бас ашигтай бизнес гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм биш бол яагаад улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагыг ангуучлан худалдаж аваад эхэлчихсэн юм бэ.

Монголд ардчилсан хувьсгал ялахтай зэрэгцэн хэвлэлийн эрх чөлөө бий болсон гэж үздэг. Гэтэл 21 дэх жилийнхээ босгон дээр хэвлэлийн эрх чөлөөг цаазалсан улс орноор тодрох нь. Сэтгүүлчид мулгуу юм бол, гүтгэгчид мөн бол яагаад манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асанууд бидний мэргэжил нэгтнүүд байдаг юм бэ. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Би ч гэсэн уг нь сэтгүүлч юм шүү дээ” хэмээн шивнэдэг олон улстөрч өнөөгийн парламентад бий. Тэд үзэг, суудал хоёрынхоо алинд нь үнэнч үлдэхийг одоо л харцгаая.

Нэг л жишээ дурьдъя. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Анод банк нэг л биш болчихлоо” хэмээн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Гэтэл төв банк болон төр, засгийнхан “Яасан муу ёртой юм ярьдаг, муухай гүтгэгчид вэ. Анод аятай сайхан ажиллаж байна” хэмээн хашгирцгааж байв. Дараа нь “Анод” дампуурсан. Сэтгүүлчдийн мэдээллээс бус үгсэн хуйвалдсан цагаан захтнуудын боловсон луйвраас болж хадгаламж эзэмшигчид хохирсон.

Ер нь улстөрчдийн яриад байгаа төлбөртэй нийтлэл гэгчийн дотор мөрийн хөтөлбөр, намын болон нэр дэвшигчийн бодлогоо танилцуулах нь тун ховор. Голдуу өрсөлдөгчийнхөө идсэн уусаныг тоочсон, унасан машин, өмссөн хувцас, дансан дахь мөнгө, цаашилбал хөнжил гудас руу шагайсан ямар нүгэлтэй, нүүр улаймаар бичиг, бичлэг авчирч өгдөг гэж бодно. Тэр бүхнийг мөнгийг нь аваад нийтлээд байвал сонины хуудас, телевизийн эфир ч бузартах биз. Мөн өрсөлдөгчийнхөө удам судрыг хэдэн үеэр нь судлаад, аль болох монгол үндэстэн биш, эрлийз хурлийз болгох талаас нь сөрөг сурталчилгаа хийхийг оролдох болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл ийм мэдээлэл өдөр тутмын сонинд лав нийтлэгдээгүй. Энэ бол бидний ёс зүй. Мөнгөний цаана хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүй, хариуцлага, үнэ цэнэ гэж бий.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж яваа хэн, хэн гэгч тойрогтоо ямар бэлэг сэлт тараасан талаархи матаасуудад  хэвлэлийнхэн  дараг­даад байна. Баримт нь гэхээр “сэтгэлийн” үгээ сийлсэн аяга, уриа лоозон тэргүүтэн байдаг. Яагаад тэр хүн нутаг орныхоо ард түмэнд хайртайгаа хэлж аяга дурсгаж болдоггүй юм бэ гэхээр “Өө, танай байгууллага түүнийг хаацайлж өмөөрдөг юм байна” гэх жишээтэй. Харин өөрийнхөө тухай сайн ч, муу ч үг дурсахгүй байвал мөнгө өгнө гэж байгаа. Тэднийхээр бол бид хийгээгүй үйлдлийнхээ төлөө мөнгө авдаг болох юм байна. Үнэнийг бичвэл гүтгэсэн хэмээн торгуульд унана. Амаа жимийвэл мөнгө өгнө. Улстөрчдийн цаасан дээр баталгаажуулаагүй энэ хууль одоо батлах гэж байгаа хуулиас нь тэнгэр газар шиг ялгаатай. “Ийм байж болохгүй” хэмээсэн З.Алтай гишүүний өөдөөс шүдээ хүртэл ирлэж байгаад тэмцдэгийн учир энэ.

Дахин сануулахад хэвлэлийнхнийг энэ мэтээр айлган сүрдүүлэх нь даамжирвал бид хэн, хэний эсрэг ямар гүтгэлэг тарааж байсныг нь баримттайгаар дэлгэхээс өөр арга алга. Үүний дараа хэвлэлийнхэн, улстөрчдийн хэн нь гүтгэгч болж, торгууль хүлээхийг хараарай. 

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж