Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой хэзээ болох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой хэзээ болох вэ?

Сүүлийн үед Төв Азийн нүүдэлчдийн байгуулсан анхны эзэнт гүрэн болох Хүннү гүрэн байгуулагдсаны ойг албан ёсоор тэмдэглэх тухай янз бүрийн төвшинд яригдах болжээ. Сонин, хэвлэлд бичиж байгаагаас үзэхэд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой ирэх 2011 онд болно гэж үзэж байгаа юм байна. Энэ тоог хэрхэн бодож гаргасан юм бол? Түмэн шаньюйгийн хүү Модун эцгийгээ хөнөөж, шаньюйгийн сууринд суусан нийтийн тооллын өмнөх (НТӨ) 209 оныг Хүннү гүрэн байгуулагдсан он гэж үзээд,  энэхүү 209 гэдэг дээр 2011 оныг нэмээд 2220 гэж тооцоолж гаргасан бололтой. НТӨ 209 оноос өмнө хүннү нар аймгийн холбооны хэлбэрээр оршиж байсан боловч чухамхүү НТӨ 209 онд Модун шаньюй Төв Азийн нүүдэлчдийг нэгтгэсэн эзэнт гүрэн байгуулсан нь Төв Азийн нүүдэлчдийн түүхэнд асар их ач холбогдолтой үйл явдал болсон билээ.      
Энэхүү түүхт үйл явдлыг ёслол төгөлдөр тэмдэглэх нь зүйн хэрэг. Гэтэл үүнийг буруу жил тэмдэглэх гээд байх шиг. Мөхөс миний бодлоор Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой 2011 онд биш, 2012 онд болно. Үүний учир нь Григорийн болон Юлианы тоололд 0 он гэж байдаггүйд оршино. Ойлгомжтой болгох үүднээс жаахан тоо бодож үзье. НТӨ 209 оноос НТӨ 1 он хүртэл 209-1=208 жил болж байна. Хэрэв 0 он гэж байсан бол 209 жил болох ёстой байлаа. Гэтэл 0 он байхгүй тул шууд нийтийн тооллын 1 он болох агаад энэ онд Хүннү гүрэн байгуулагдсаны 209 жил тохиож байна. Үүн дээр 2011 он хүртэлх 2010 жилийг нэмэхээр 2219 жил болж байна. Тиймээс Хүннү гүрний 2220 жилийн ой 2011 онд биш, 2012 онд болох нь тодорхой ажээ. 2012 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохионо. Гэтэл энэ онд бас Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой тохиох нь байна. Өөрөөр хэлбэл, Чингис хаан Төв Азид анхны эзэнт гүрэн байгуулагдсанаас яг 1370 жилийн дараа мэндэлсэн ажээ. Тиймээс 2012 онд дээрх хоёр түүхэн ойг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөхөс миний бодол буруу ч байж болох юм. Ямарч атугай энэхүү ойг тэмдэглэх тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа энэ цаг мөчид дахин нэг нягтлан үзэх нь зүйтэй болов уу гэдгийг сануулъя. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэсэн ардын үг бий. Монголын төрт ёсны бахархал болсон Хүннү гүрний түүхт ойг буруу тооцоолж, тэмдэглэн өнгөрөөвөөс алдас болох вий хэмээн аюунам.
     

Түүх судлаач Ц.Цэрэндорж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж