Хүн чанарыг брэнд болгох боломж бий

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Хүн чанарыг брэнд болгох боломж бий

Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Шатарын Энхбаттай уулзан ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан урт намар боллоо. Өвөл ч налгар эхэллээ. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутгаар  отрын нутаг үзлээ. Тав зургаан өрх тийш нь оторт гараад байна. Адуу тийш нь оторт гарна байх.  Харин бог мал нутагтаа өвөлжих боломжтой гэж үзэж байна. Манай сум чинь аймгийн нутгийн тавны нэгтэй тэнцэх өргөн уудам нутагтай. Тэгсэн атлаа нутгийн зах нь сумын төвөөсөө харагддаг сумтай ав адилхан төсөвтэй. Тэгээд цаг хүндэрвэл  ер нь их зардал шаарддаг онцлог бий. Тэглээ гээд  дээрээс  мөнгө нэхээд суугаад байдаггүй даваад л гардаг.
Мөд “Ес” эхэлнэ. Нар буцна. Одоо цаг гайгүй байгааг бодоход нэг их хүндрэхгүй болов уу. Малчид ч тийм санаа бодолтой байгаа.

– Иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

– Манайх чинь тэмээний нутаг. Далаад оны эхээр хорин мянган тэмээ тоолуулан Засгаас мөнгөн буйлаар шагнуулж мандаж явсан газар.  Одоо түүнээсээ их цөөрсөөн.  Гэхдээ сүүлийн 3-4 жилд тэмээ гайгүй өсч байна.  Малчдын орлогын томоохон эх үүсвэр дээ.  Тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа сумандаа гаргаж үзсэн. “Говь”  мэт томхон үйлдвэрийнхэн ирж тором, тэмээний ноос үнэ хаялцуулан худалдаж авсан. Тэмээний ноос нь ямар их үнэтэй, гоё бүтээгдэхүүн болдгийг малчид өөрсдөө харцгаасан. Одоо ч С.Батдэлгэрийнх гээд айл гэртээ ноос самнадаг машин авчихаад  янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд гаргаад байгаа. Манай 200-гаад тэмээтэй, мянгат малчин Б.Насан гэхэд аймгийн төвд амины орон сууцны хороололд сайхан байшин бариад сая хүүхдүүдээ орууллаа. Ер нь манай сумаас аймгийн төвд орон сууцтай малчин хэдэн арваараа тоологдоно шүү. Энэ чинь малын нь, тэр дундаа тэмээний л буян.

 -Танай нутаг жоншоор баялаг юмаа даа.?

 -Ганц нэг нээгдсэн ордод гадны компани лицеизтэй байсан. Харин энэ намар хашир малчид, нутаг орноо сайн мэддэг хэдэн хүнийг баг болгоод нутгаараа аялуулсан. Жонш илрэх газар байгаа эсэхийг тогтоо гээд. Тэдгээр хүмүүс яваад Ембүү Дурсэнэ-Ус гэдэг газар жонш байгааг илрүүлсэн. Ингээд сум өөрийн гэсэн ордтой болчихож байгаа юм. Тэнд ажиллах уугуул иргэд 15 нөхөрлөл байгуулчихлаа. 200-гаад хүн ажлын байртай болж ар гэрээ төдийгүй төрөл саднаа орлогожуулах боломж нээлээ.  Тэд ажиллаад эхлэхээр банкин дахь малчны зээлээсээ чөлөөлөгдөж таарна. Хуримтлал ч үүсэх биз. Нөхөрлөлүүдээс олзворлосон жонш худалдан авах  таван компани сонгон  шалгаруулалтаар  гарч ирлээ. Тэдэнтэй аймаг, сум гурвалсан гэрээ байгуулж байна. Энэ бол иргэдийг орлогожуулах том ажил.

-Өөр нэг зүйл асуумаар санагдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Солонгосын нэг жуулчин шуурганд төөрч орон даяар зарлагдаад байсан нь танай нутгаас олдсон гэл үү?

-Тийм. Олсон хүн нь миний төрсөн дүү Ш.Бөхбат. Ээжтэй минь хөдөө хэдэн малаа хариулаад л байдаг юм. Тэр үед хэдэн өдөр үргэлжилсэн шороон шуурга болсон. Бараг л угалз даа. Холын бараа байтугай хоттой хонь харагдахгүй шуурна шүү дээ. Тэгээд тэнгэр муухайрах нь гээд  хонио бараа харах гээд манай дүү мотоцикльтой явсан байгаа юм. Тэгээд дурандаж байтал дэрстэй хөндийн явган хүн гүйж явдаг. Давхиад очтол пүүз, жинстэй, ноосон цамцнаас өөр хувцасгүй, айхтар линзэн нүдний шилтэй хүүхэн тэврээд л уйлчихсан гэсэн. Хэл мэдэхгүй түүнийг гэртээ авчирч ээж хоёул хооллож ундалж холгосон хөлийг хонины сүүлээр тосолж сувилан хонуулаад маргааш нь шуурга намдахаар гучаад км-т явсан эрлийн багийнханд хүлээлгэж өгсөн.  Манай ээж бол түүнийгээ сайхан яринаа. Бараг өнгөтөөр зурагт үзэж байгаа юм шиг. Манай Цагаан суварга дахь жуулчин авдаг нэг айл дээрээс  төөрөөд өдөржин шөнөжин шуурганаар хад асгатай, чоно нохойтой газраар 30-40 км гүйчихсэн байгаа юм даа.  Тэгээд хүргэж өгөхөд жуулчнаа алдсан компаныхан манай дүүд таван литр бензин л өгсөн гэсэн. Манай говийхон ч хариу нэхдэггүй хүн чанартай улс даа.

-Тэр эмэгтэй эргэж холбоо барьсан уу?

-Үгүй ээ. Манайхны хаяг, утсыг ч авсан. Дүүд е-майл хаяг, утас өгсөн байсан, Тэгсэн чинь  Энхбатын ээжид “Ланд” машин өгч гэнэ, дөчин сая төгрөг гуйвуулж гэнэ гэсэн цуурхал тарсан байсан. Тэгээсэй гэсэн хүмүүс л тийм яриа гаргасан байх даа. Харин би саяхан ажлаар Солонгос явахдаа тэр утас, хаяг руу нь орох гэж оролдсон. Хавь хамаагүй газрын хаяг байна лээ. Утас нь ч өөр хүнийх. Харин тэр жуулчин авсан компаныг том хэрэгт унах аюулаас манай дүү аварсан юм билээ,

-Хүн чанар ямар хол зөрөөтэй байна аа?

-Хүн чанар гэхээс нэг сонин санаа төрөөд байгаа юм. Сонин эргүүлжээ суусан чинь “Хашаандаа Дундговийн айл буулгана” гэсэн зар тааралдсан. Тэгээд ер нь яагаад тэр юм бол гээд зарын сонин сонирхоод байсан чинь тиймэрхүү манай аймгийг нэрлэсэн зар их гардаг юм байна. Энэ бол Дундговийнхны хүн чанарын том үзүүлэлт юм. Дуу хуур гэдэг шиг хүн ардын маань хүн чанар Дундговийн нэг бренд юм байна шүү. Үүнийг орон даяар сурталчилмаар байна.

-Танай дүү, ээж хоёр чинь хүн чанарын том жишээ болсон байна ш дээ.?

-За тэгэж харах хүн байх л байх. Би бол өөр жишээн дээрээс энэ санааг олсон юм шүү.

-Та бид хоёр өвөлжилтийн тухай ярих гэсэн чинь санаандгүй сонин сэдэв рүү орчихлоо. Танд баярлалаа.

-Зүгээр, Баярлалаа.   

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж