Хонь, ямааны арьс 18-20 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Хонь, ямааны арьс 18-20 мянган төгрөг байна

Хүмүүс өвлийн идшээ бэлтгээд огтхон ч завгүй. Идэшний адуу, үхэр сурагласан хүмүүс олон байна.

Өдийд Эмээлт зах “үнэд” орж байдаг цаг. Ингээд бид тэндээс ханшийн сурвалжлага хийхээр зорьсон юм. Биднийг очих үед 12:00 цаг болж байлаа. Эмээлтийн орчимд газар их өгч байгаа бололтой. Тэнд авна гэсэн газрыг нь л өгдөг аж.

Сайхан том хашаанууд хатгасан байна лээ. Хотын давчуу байдалд дассан надад бол дэндүү сэлүүхэн харагдах юм. Гэр нь хашааныхаа баруун мухарт байхад зүүн мухарт ОО нь харагдах. Тэндэхийн оршин суугчид ОО гэр хоёрынхоо хороонд 2-3 минут алхдаг байх шүү. Тэнд “хөдөлгөөнтэй” хүн бол яаж л бол яаж амьдрах бололцоотой юм байна даа гэж дотроо дүгнэж явлаа. Гэхдээ даанч хотоос хол юм.

Бид арьс, шир ямар үнэтэй байгааг сонирхож явсаар “Баруун хязгаар” гэх хаягтай хашааны үүдэнд хүрлээ. Тэнд гурван том ачааны машинаас арьс шир буулгаж байв. 45, 46, 47 хэмээн чанга тоолж байхаас үзвэл тэдгээр машинаас ченжүүд арьс, ширээ буулгаж тушааж байгаа бололтой. Тэнд очих үед хэн ч анзаарах сөхөөгүй бүгд завгүй.

Арьс ширний ченжийн агуулах бололтой машины гараш шиг том байшингийн өмнө олон тооны хонь, ямааны арьс овоолсон байв. Түүнийг үзвэл өглөөнөөс хойш лав 2000 гаруй хонь, ямааны арьс буусан харагдана. Түүнээс ч илүү байж мэднэ. Үүний хажуугаар тэмээ, адуу, үхрийн шир хөглөрч байлаа.

Захаас хөлсний ажилчид бололтой хоёр залуу арьсыг эмхэлж хурааж байв. Бид Ховд аймгийн дугаартай ачааны машинд дөхөж очин жолоочтой цөөн хором хөөрөлдсөн юм. Түүнийг Х.Цогоо гэдэг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумаас дөрөв хоногийн өмнө гарчээ. Тэрбээр хотоос жаахан хэвэг ачиж яваад хөдөө мал болгож зарчихаад, малаа нядлаад ачаад ирж байгаа энэ аж.

-Та хонь, ямааныхаа арьсыг хэдэд өгч байна вэ?

-Ер нь бол хонины арьс 18500, ямааны арьс 19-20 мянга төгрөгийн ханштай байх шиг байна. Энэ жил мал өндөр ханштай байна.

-Та холоос ирсэн. Тиймээс энд байгаа ханшнаас дээгүүр өгөхийг бодно биз дээ?

-Ямааныхаа арьсыг 20 мянган төгрөгөөр өглөө. Харин хониныхоо арьсыг таньдаг хүндээ 19 мянгаар өгсөн. Мянган төгрөгөөр илүү ханштай өгнө гэдэг бол бидэндээ болж л байгаа юм.

-Үхэр, адууны шир хэдтэй байна?

-Би үхрийн нэг л ширтэй ирсэн. Үнийг их сонирхсонгүй. Энд адууны ширийг 40 мянга, үхрийн ширийг 30 мянгаар л авч байна.

-Ингэж явах хэр ашигтай вэ?

-Би жилд 300 гаруй бог нядалж авчирдаг юм. Түүнээсээ хоёр орчим сая төгрөгийн ашиг хардаг. Тээвэрлэж ирэхэд зардал чамгүй гарна. Наанадаж л малаа хөлсөөр нядлуулдаг юм. Хоёр талын шатахууны мөнгө бусад зардалтай нийлээд хоёр сая төгрөг болдог.

-Та хонь ямааныхаа махыг энд тушаах уу?

-Үгүй хот руу авч орно. Ямааны махаа болж өгвөл маргаашнаас зарна. Харин хонинынхоо махыг жаахан азнаж байгаад зарна даа.

-Мах хэдээр зарах вэ?

-Ямааны мах 2500 төгрөг байгаа сураг байна. Харин бусад малын махны үнийг нь судалсангүй.

Бид хоёрыг ийн ярьж байх зуур 3333 гэсэн улсын дугаартай хамгийн сүүлийн загварын автомашин хөлөглөсөн Хятад залуу ирлээ. Хятадууд ер нь чанга ярьдаг юм уу, эсвэл тэр хүн тэгтлээ чанга ярьдаг юм уу. Төрөлх хэлээрээ тэнд байсан ченжүүдтэй их чанга дугаар ярих юм. Манай ченжүүд хэлийг нь гүйцэд ойлгохгүй байгаа ч гэсэн гар, хуруугаараа дохиод ойлголцоод байх аж.

Тэр хашаанд байгаа бүх арьсыг тэр хятад эр авч байгаа бололтой. Ямааны арьсыг сэгсэрч үсний ширхэгийг нь нарийн үзэж байлаа. Тэгснээ жолооч Х.Цогоод хандаж хятад аялгаар “Ямааны мах зарна уу” гэхэд Х.Цогоо толгой сэгсрэв. Харин би “Ямааны мах хэдээр авах юм” гэхэд түүнтэй хамт явж байсан монгол залуу “Чамд хэдэн ямаа байгаа юм” гэж байна. “100 ямааны мах” бий гэтэл толгой сэгсэрч цөөхөн байна хэмээн чамлаж байв.

Тэнд буй хүмүүсийн ярихыг сонсох нь хятадууд хамгийн багадаа мянган ямааны махыг бөөндөж авдаг байна. Түүнээс бага тооны махыг авдаггүй гэнэ. Ингэж бөөндөж авахдаа ахиухан үнээр авдаг бололтой. Энэ нь Эмээлтийн ченжүүдэд ашигтай аж. Учир нь ченжүүд хямд үнээр бөөндөж авчихаад хятадуудад өндөр үнээр зарж дундаас ашиг олдог аж.

Түүнчлэн энэ жил хятадууд мах авч байгаа учраас малын үнэ өндөр байгаа гэнэ. Эмээлтийн зах дээр өглөөний 9.00-12.00 цаг хүртэл ид ажил өрнөдөг байна. Харин үдээс хойш хятадууд түүхий эд худалдаж авдаггүй аж. Тиймээс хөл хөдөлгөөн ч багасч, түүхий эдийн үнэ ч 500-1000 төгрөгөөр унадаг юм билээ.

Д.Сүхбаатар

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж