Эмнэлэг, хүчний байгууллагынхан ажил хаяна гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Эмнэлэг, хүчний байгууллагынхан ажил хаяна гэв

Гурав хоногийн өмнөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяад байсан бол өчигдөр эмнэлэг, хүчний байгууллагынхан буюу цагдаа, Онцгой байдлын ажилчид ажил хаялтад нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.  Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд “Иргэнээ хамгаалдаг, авардаг цагдаа, эмчилдэг цагаан халаадтай эмч нар ажил хаялтад нэгдэж УИХ-ын баталсан төсвийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Ажил хаясан багш нар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын баталсан төсөвт хориг тавих хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн ч тэдний хүсэлтэд  хариулт өгөөгүй учраас хугацаагүй ажил хаялт зарласан. Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид буюу төрийн үйлчилгээний ажилтнууд УИХ ойрын хугацаанд баталсан төсөвийг эргэн харж, цалин нэмэх хугацааг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэхгүй бол албан ёсоор ажил хаяна, харин хэзээнээс эхэлж хаях нь эрх мэдэлтнүүдээс шалгаална “гэлээ.

Ажил хаялтад нэгдэж буй эмнэлэг, багш, хүчний байгууллагынхан өчигдөр УИХ болон төрийн өндөр албан тушаалтнуудад гурван шаардлага хүргүүлсэн юм. Төрийн үйлчилгээний албан хаагчдийн /Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, онцгой байдал,  цагдаа/ цалин, ахмадуудын тэтгэвэр, хувийн хэвшил, үйлдвэрийн ажилтнуудын цалинг мөн  2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхийг шаардсан юм. Хэрэв энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол дээрхи салбарынхан ажил хаяна. Одоогийн  байдлаар 2000 гаруй төрийн албаныхан ажил хаялтад нэгдэх бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэж юм байна. МҮЭХ-ны дарга С.Ганбаатар “Багш нар ажил хаяж байгаа боловч цаашлаад хувийн хэвшил, эмнэлэг, төрийн албаны туслах ажилчид гээд олон хүмүүс нэгдэнэ. Зарим хүчний байгууллагынхан ажил хаялтад нэгдэж байгаагаа гарын үсгээр илэрхийлж байгаа. Хэрэв ойрын хугацаанд цалинг нэмэх хугацааг урагшлуулж, баталсан төсвөө эргэж нэг харахгүй бол бүх бидэнтэй олон хүн нэгдэнэ гэдгээ мэдэгдээд байна”  гэлээ

Монголын эрүүл мэндийн  ажилт­ны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын хувьд арванхоёрдугаар сар бол хамгийн ачаалалтай сар. Бид хангалттай тэвчиж үүргээ гүйцэтгэж ирсэн. Одоо бид багш нартай нэгдэж, цалин нэмэх хугацааг урагшлуулж, төрийн өндөр албан тушаалтнуудыг гаргасан шийвэрээ эргэж харахыг хүсч байна. Хэрэв ойрын хугацаанд бидэнд тодорхой хариу өгөхгүй бол шууд ажил хаяна” гэв. Эмнэлэгийн салбарын хувьд ачаалал ихтэй, нэг эмч хоёр эмчийн ажлыг хийдэг. Дээрээс нь түргэн тусламжийн машин хүрэлцэхгүй иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байхад үр дүн, чанар шаардах эрхгүй. Өдөрт 400-450 дуудлага ирдэг. 20 машин үүнийй хаана ч хүрэхгүй. Ачаалал ихтэй цалин багатай ажилласаар ирсэн бид. Би 103-т 21 жил ажилласан. Одоо би 24 цагаар ажиллаад 248 мянган төгрөгний цалин авч байна. Амьдралд хүрэлцэхгүй, хүүхдээ хооллох уу, автобусанд нь суулгах уу гээд өдрөөс өдөрт өрний хооронд л амьдарч байна гэж  Яаралтай түргэн тусламжийн төвийн ҮЭ-ийн дарга Б.Төрмандах хэлж байсан. Яаралтай түргэн тусламжийн 30 машин нийслэлийн сая 300 мянган хүнд үйлчилдэг. Техникийн шинэчлэл хийгдээгүй удаж байгаа бөгөөд түргэн тусламжийн машин ирээгүй удсанаас хүний амь нас эрсдэж байсан тохиолдлууд ч гарч байсан.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатараас мэдээлэл хийх үеэр нь зарим асуултанд хариулт авсан юм.

-Ажил хаяж багагүй зүйлийг золиосолж байгаа. 80 мянган төгрөгний төлөө энэ их золиосыг гаргах хэрэг байна уу?

-Бид 80 мянган төгрөгний төлөө тэмцээгүй. Ерөөсөө л энэ нийгэмд шударга бус байдал үүссэн. Үүний эсрэг нийгмийн тэргүүлэгч салбарынхан өөрсдөө санаачилсан. МҮЭХ бол зөвхөн зохицуулах үүрэгтэй. Түүнээс бид ажил хаяхыг уриалаад байгаа хэрэг биш. Манай холбооны үүрэг нь зохицуулах.  Засгийн газар төсөв мөнгө нь багадаад нийгэм эдийн засаг хямраад байгаа юм биш. Ард иргэдийн цалин, орлого бага байгаа учраас ядуу хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж эдийн засаг, нийгэм хямраад байна. Улсын төсөв өнгөрсөн жилийнхээс бодвол гурван их наяд төгрөгөөр нэмэгдэж батлагдлаа. Энэ их мөнгөөр үйлдвэр бариад шинээр ажлын байр бий болгож, бүтээн байгуулалтанд зарцуулж байгаа бол энэ өөр асуудал.  Гэтэл иргэдийн дунд ядуурал 40 хувиас давж байна. Ийм шударга бус нийгмийн тэгш бус байдлыг бид таслан зогсоохоор тэмцэж байна.

-Цалин нэмэх хугацааг нааш­луулаагүй шалтгаан нь инфляци нэмэгдэнэ гэсэн?

 -Инфляцийн үндсэн шалтгаан бол банк санхүүгийн үнийн хөөрөгдөл буюу мөнгө хүүлж байгаа улс төрчдийн гар хөл болсон энэ ажлыы тэд зогсоохыг хүсэхгүй байна. Өнөөдөр нэг кг элсэн чихэр 420 төгрөгөөр нийлүүлэгдээд ир­гэдийн гар дээр 2000 төгрөг болон очиж байна. Энэ тэгээд шударга нийгэм гэж үү.

-Багш нар ажил хаяж байгаа учраас цалингаа авах боломжтой юу, Сурагчид хичээлээс хоцорч байгаа хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ?

-Хуулирааа бол авах ёстой. Засгийн газар гурван талт гэрээ хэлэлцээрээ зөрчиж, маргаан үүсгэсэн учраас тэд өөрсдөө буруутай. Тиймээс ажил хаяж байгаа багш нар илүү цагаас бусад цалингаа бүрэн авах ёстой. С.Батболд, С.Баярцогт хоёр хүсвэл өөрсдийн халааснаасаа илүү цагийн мөнгийг нь гаргаж өгөхөд болохгүй гэх газаргүй. Сурагчид хичээлээс хоцорч байгаа. Харин түүний хариуцлагыг гэрээ хэлэлцээрээ зөрчсөн хүмүүс өөрсдөө хүлээх ёстой. Боловсрол телевизээр гарч байгаа ТВ хичээл нь өнгөрсөн 2009 онд ханиад дэлгэрээд телевизээр цацаж байсан хичээлээ одоо заагаад сууж байна. Харин түүнийгээ шууд гэж хэлээд байгаа. Тухайн үед хичээл  зааж байсан хүмүүс нь одоо ажил хаясан байгаа. Ингэж хүмүүсийг хуураад сууж байна. Хоёр жилийн өмнөх хичээлийн сургалт одоогийнхтой таарахгүй шүү дээ. 

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж