Соёл урлагийн түүхэнд шинэ хуудас нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Соёл урлагийн түүхэнд шинэ хуудас нээлээ

… Тэнгэрээс заларч ирмү
Газраас ургаж ирмү
Уулсаас шившиж ирмү
Уснаас долгилж ирмү
Уртын дуу минь өнө мөнхөд оршму… хэмээн ногоон боржигон чулуун дээр монгол хадмал бичгээр Монголын нэрт зураач, графикч, уран дархан н.Баттөр шижир алтаар “Норовбанзад” шагналын дурсамжийг сийлжээ. Монголын соёл урлагт ийнхүү нэр хүндтэй нэгэн шагнал бий боллоо. Уртын дууны домогт хатан хаан Н.Норовбанзадын үр хүүхэд нь “Норовбанзад” санг байгуулж байсан бол өдгөө тус сангаас санаачлан Соёл урлагийн дээд шагнал “Норовбанзад” шагналыг бий болголоо. Энэхүү нэр хүндтэй шагналын анхны эзэд өчигдөр тодров.

Дахин давтагдашгүй, ер бусын авьяас билиг, гайхамшигт дуу хоолой, урлагийг бүтээх суу ухаанаараа дэлхийн урлагийн агуу их зүтгэлтэн болсон Н.Норовбанзад амьдралынхаа 50 жилийг Монгол үндэснтний оюуны чадварыг дэлхийн сонорт хүргэхэд бие, сэтгэл, оюун ухаанаа чилээсэн их авьяастан билээ. Түүний үйл хэргийг үргэлжлүүлэн, Монголын ардын урлагийн хосгүй төрөл уртын дууны өв санг хамгаалах, судлах, гадаадад сурталчлан таниулах, залуу авьяастныг тодруулан дэмжих, олон түмнийг соён гэгээрүүлэхээр үр хүүхдүүд нь “Норовбанзад” сангийн үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Энэ удаад ч тэд Монголын соёл урлагт бас нэгэн түүхийг бичиж, авьяас билэгтнүүдийг тодруулж, хүндэт шагнал олгож байна. Энэ шагналын нэр хүнд, цар хүрээ нь өргөн. Сүүлийн жилүүдэд шагналын үнэ цэнэ буурах болсон ч “Норовбанзад” шагнал жинхэнэ хийж бүтээж чадсан уран бүтээлчдийг олонд таниулав.

“Норовбанзад” шагналын анхны эзнээр уртын дууг монголчуудын бүтээсэн сонгодог урлаг болохыг анх удаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд тулгуурлан баталсан урлаг судалын ухааны доктор Д.Оюунцэцэг тодорч, “Шилдэг оюуны бүтээл”-ийн эзэн болсон юм. Сонгодог урлагт дуртай үзэгчдийг гайхшруулж, дэлхийн алдартай театрууд тэр бүр тоглоод байдаггүй дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг Монголын тайзнаа амилуулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн тоглосон “Аида” дуурийг “Шилдэг уран бүтээл”-ээр нэрлэж, “Норовбанзад” шагнал  олгосон. Харин “Шилдэг уран бүтээлч”-ээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин, Ардын жүжигчин, Морин хуурч Ч.Батсайханыг тодруулж, “Норовбанзад” шагналаар шагнасан нь нүдээ олсон шагнал хэмээн уран бүтээлчид, урлаг судлаачид санал нэгтэй байлаа.

Уртын дууг монголчуудын бүтээсэн сонгодог урлаг болохыг анх удаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд тулгуурлан баталсан урлаг судалын ухааны доктор Д.Оюунцэцэг нь Монголын дуулалт яруу найргийн төрөл, уртын дууны гарал “Хувьсал” хэмээх бүтээл туурвисан. Монгол судлалын байтгутай дэлхийн хөгжмийн судлалд анхны бүтээл болсон юм.

Д.Оюунцэцэг: “Би багаасаа уртын дуунд дурлаж, хөгжим судлаач мэргэжил эзэмшиж, уртын дууны гарал үүслийн тухай чадах чинээгээрээ судалж, эрдмийн ажил хийсэн.  Уртын дуу бол үнэхээр дэлхийн сонгодог урлаг юм. Уртын дуу бол дэлхийн төв үзэгдэл. Монголчуудын оюун ухааны эгшиглэсэн дархлаа, оршин тогтнохыг дуун алтан аргамж, хүн төрөлхтний өмнө нүүр бардам байх үнэт эрдэнэ юм. Ийм их том үзэгдлийг авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө хагас зууны турш оройлон манлайлж явсан хүн бол Н.Норовбанзад билээ. Энэ агуу хүний шагналыг хүртэж байгаадаа би баяртай байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв.

Шилдэг уран бүтээлээр шалгарсан “Аида” дуурь нь Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн сод бүтээлүүдийн нэг юм. Энэхүү бүтээл одоогоос 140 жилийн өмнө анх 1871 оны арванхоёрдугаар сарын 24-нд Ж.Боттезинигийн удирдлагаар Каирт тоглож, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скалад, 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тус тус тоглож байсан юм. Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил хэмээн нэрлэдэг “Аида” дуурийн Монголын тайзнаа анх концертын хэлбэрээр 2010 оны арванхоёрдугаар сарын 19-нд тоглож, өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 30-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн таетрт “Аида” дуурийг амилуулсан нь Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн тавцанд хүрснийг илтгэж буй. УДБЭТ-ынхан “Аида” дууриа ирэх онд уртын дууны хатан хаан Н.Норовбанзад гуайн төрсөн нутаг болох Их газрын чулуунд тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Театрын захирал, хатагтай Б.Сэргэлэн хэлэхдээ “Би “Аида” дууриа дэлхийн тайзан дээр тоглоно. Энэ бол ямар нэгэн театрт биш тайзан дээр биш. Дэлхийн байгаль эхийн бүтээсэн Монголын хамгийн гоё байгальтай Дундговь аймгийн Их газрын чулуу гэдэг газарт тоглохоор ажлаа эхлээд байна” хэмээн тодорхойлсон.

Шилдэг уран бүтээлчээр тодорсон Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан нь 1970-1978 онуудад Хөгжим бүгийн дунд сургуулийн Морин хуурч мэргэжлээр, Төрийн соёрхолт Б.Жамъян багшаар багшлуулж төгссөн. 1978 оноос эхлэн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад  гоцлол хөгжимчнөөр ажиллаж,  33 жил морин хуур хөгжмийг гоцлон тоглож, Ардын жүжигчин цолыг 2010 онд хүртсэн. Түүний талаар багш нэрт морин хуурч Г.Жамъян хэлэхдээ “Ийм гайхамшигтай хуурч тийм ч олон төрөхгүй ээ” хэмээн шавиараа бахархан ярьж байжээ. 

Ийнхүү Монголын соёл урлагт түүхийн нэгэн шинэ хуудсыг “Норовбанзад” сан нээж, “Норовбанзад” урлагийн дээд шагналыг бий болголоо.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж