Байгаль орчны төслүүдийн үр дүнг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.15-нд нийтлэгдсэн

Байгаль орчны төслүүдийн үр дүнг танилцууллаа

Нидерландын Вант улсын засгийн газрын санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн Жижиг төслийн хөтөлбөрт 2011 онд шалгарч хэрэгжсэн төслүүдийн үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Танилцуулгыг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд  хийсэн байна.

Өдөрлөгийн үеэр, 2011 онд хэрэгжсэн жижиг төслүүдийн үр дүн, сургамж, гаргасан зөвлөмжүүдийг хэлэлцэх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт орон нутагтаа мэдээлэл сурталчилгаа сайн хийж “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрт иргэд, олон нийтийг өргөнөөр хамруулж, тодорхой тооны төсөл шалгаран хэрэгжих нөхцөл бүрдүүлсэн нэр бүхий 17 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дарга, мэргэжилтэн, хууль боловсруулагчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс болон сонирхогчид оролцсон байна.

“Байгаль орчны шинэчлэл“ төслийн хүрээнд Монгол Улс дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, тус салбарын үйл ажиллагаа, чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулсны нэг нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахад орон нутгийн ард иргэд, ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын идэвх санаачилгыг өрнүүлэх зорилго бүхий жижиг төсөл дэмжих тэтгэлэгт хөтөлбөр юм.

Төсөл хэрэгжих хугацаанд жижиг төслийн хөтөлбөрийн хүрээнд ТББ, иргэдтэй хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн талаар хэдэн тоо баримт дурдвал:

  •  БОШ-1 төслөөр 2006 оны 2-11 дүгээр сарын хооронд 408 төслийн саналыг ТББ-ууд, иргэдээс хүлээн авсан ба үүний 30 хувь нь хөдөө орон нутгаас, 70 хувь нь хот суурин газар буюу ихэнх нь Улаанбаатараас байлаа. Дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд 62 төсөл шалгаруулан 935,420 ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүллээ.
  • БОШ-2 төсөл хэрэгжсэн нийт хугацаанд 2008 онд 345 төслийн санал хүлээн авч, 36 төслийг 291,000 ам.доллараар, 2009 онд 579 төслийн саналыг хүлээн авч 35 төслийг 281,481 ам.доллараар, 2010 онд 700 төслийн санал хүлээн авч, 51 төслийг 281,281 ам.доллараар, 2011 онд 411 төслийн санал хүлээн авч 36 төсөл шалгаруулан 238,049 ам.доллараар  тус тус санхүүжүүлэн хэрэгжүүллээ. 
  • Нийтдээ иргэд, ТББ-уудын зүгээс байгаль хамгаалах, байгаль хамгаалалд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх санаачилга гарган бичсэн 2455 төслийн санал ирснээс 220 төслийн санал шалгаруулан санхүүжүүлж дэмжлэг үзүүлсэн байна. 
  • Нийтдээ 2,025,231 ам.долларыг энэ хөтөлбөрийн хүрээнд ТББ-ууд, иргэдэд орон нутгийнхаа байгалийг хамгаалах, нөхөн сэргээх, хүүхэд багачууд, оюутан, ард иргэдийн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчны стандарт, арга зүйг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр байгаль хамгаалахад шууд зарцуулаад байна. 
  • Төсөл хэрэгжүүлэгчдийг үйл ажиллагааных нь чиглэлээр авч үзэхэд, төсөл хэрэгжүүлсэн 220 багийн 52.27 хувь буюу 115 нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ байсан  ба тэдгээрийн 38 нь хөдөө орон нутагт ажилладаг ТББ-ууд байна. 
  • Эхний жил буюу 2006 онд хөдөө орон нутгийн ТББ-ууд нийт төсөл хэрэгжүүлэгчийн дотор 4.8 %-ийг эзэлж байсан бол 2011 онд 47.36 % -ийг эзэлсэн нь орон нутгийн ТББ-уудын байгаль орчны төсөл боловсруулах, гүйцэтгэх чадавх жил бүр өсөн нэмэгдэж буйг харуулж байна. Мөн 2008 оноос байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн оролцоо нэмэгдсэн бөгөөд 34 нөхөрлөл энэ хөтөлбөрт хамрагдаж, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулаад байна.
  • Хэрэгжсэн төслүүдийг газарзүйн байрлалаар нь авч үзвэл, хөтөлбөрийн эхний жилүүдэд улсын түвшний бодлогын болон хот суурин газрын байгаль орчны асуудлаар дийлэнх төсөл хэрэгжиж байсан бол 2011 оны 36 төслийн 83.33% нь хөдөө орон нутагт байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, 16.66% нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчны мэдээ мэдээлэл, сурталчилгааг боловсронгуй болгоход чиглэсэн байна.
  • БОШ-2 төслийн хүрээнд 2008-2011 онуудад хэрэгжсэн төслүүдийн үр дүнг товч дүгнэвэл, 78166 иргэн сургалтад хамрагдаж, 105,500 мод бут тарьж, 21000 ширхэг сургалтын гарын авлага тарааж, 67 нөхөрлөл, 4 ТББ, 30 гаруй олон нийтийн Зөвлөл, Хороо байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж туршлагажсан байна. Мөн 55 төрлийн гарын авлага, сурталчилгааны материалыг 21000 ширхэг хэвлэсэн ба төслийн хүрээнд явагдсан тв сургалт сурталчилгаанд 1.5 сая гаруй хүн хамрагдсан гэсэн тоо баримт байна.
     Эх сурвалж: mne.mn     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж