Орон нутаг дахь сүлжээний ахлагч нартай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Орон нутаг дахь сүлжээний ахлагч нартай уулзав

Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай
тэмцэх газар нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар
нэгдсэн удирдлагаар зохион байгуулж, тэднийг авлигын эсрэг тэмцэлд татан
оролцуулах үүрэгтэй юм байна. Энэ чиг үүргийнхээ дагуу аймгуудын
авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран ажилладаг.
Авлигатай тэмцэх газар тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг
эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, харилцан туршлага
солилцуулах зорилгоор Сүлжээний ахлагч, төлөөлөгчдийг тодорхой
давтамжтайгаар урин цуглуулж, үе шаттай сургалтуудыг зохион байгуулдаг
болжээ. Ээлжит сургалтаар Сүлжээний ахлагч нар орон нутагтаа хэрэгжүүлж
буй ажил, арга хэмжээний талаар ярилцав. Тухайлбал, Сүхбаатар,
Өвөрхангай аймагт Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн
төсвийн зарцуулалтад мониторинг хийсэн талаар мэдээлж, туршлага
солилцлоо. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга,
Сүлжээний ахлагч нарын байгуулсан гурвалсан гэрээг хэрэгжүүлэхэд учирч
буй хүндрэл, бэрхшээл, цаашид шийдвэрлэх боломжийн талаар санал бодлоо
хуваалцав.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд орон нутаг
дахь авлига, хүнд суртлын эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээний
ахлагч нарыг “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт сургалтад оролцох үеэр
хүлээн авч уулзлаа.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Сүлжээний
ахлагч нартай уулзах үеэрээ “Авлигатай тэмцэх газар орон нутагт салбар
нэгжгүй байгууллага. Гэсэн ч авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын
нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах ажлыг орон нутагтаа
зохион байгуулж байгаа та бүхний үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас
дэмжиж ажиллана” гээд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт идэвх
гаргаж байгаад талархлаа илэрхийлж, цаашид үйл ажиллагаагаа улам
эрчимжүүлэхийг хүсэв.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж