Төрийн албаныханд тусгай хууль үйлчилдэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Төрийн албаныханд тусгай хууль үйлчилдэг үү?

Төрийн болон өндөр албан тушуултнууд улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон ч тэдний хэрэг элдэв шалтаг тоочин ийш, тийш шилжүүлсээр  ихэнхи нь замхардаг болжээ.  Хянадаг, шалгадаг газрынх нь даргаас эхлээд УИХ-ын гишүүд аймгийн Засаг дарга гээд төрийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэг олноор гарах болсон. Гэвч тэдгээрийн ихэнхи нь өршөөгдөх, эсвэл шалгаж, хянах хугацаа нь дуусахгүй байсаар өдгөө хэрэг хүлээсэн эрхэм нэг ч алга. Зөвхөн өнгөрч буй онд дуулиан тарьсан төрийн албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдээс нэг ч хэрэгт эцсийн байдлаар ял оноож, тэр нь хэрэгжээгүй байна.

“Анод”-ын хэрэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнуудыг шалгаж эхэлжээ

Анод банкны 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан тус банкны захирал Л.Уламбаяр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энх­төр нар гурван жилийн хугацаанд шалгуулсаны эцэст одоогоор батлан даалтад гараад байгаа. Энэ хугацаанд тэдний хэрэг хууль хяналтын байгууллагын хооронд 12 удаа шилжсэн. Харин өнгөрсөн сарын 13-нд нийслэлийн Прокурорын газраас дахин мөрдөн байцаалтад буцаад байгаа билээ. Учир нь “Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт “Мон-Уран” компаний захирал Х.Наранхүү мөн холбогдоод байгаа юм. Тэрээр тус компаниас 17 тэрбум төгрөг авч, өөрийн эзэмшлийн байгууламжийг өрөндөө өгөхдөө 12 тэрбум төгрөг хэмээн тооцсон байна. Мөн уг хэрэгт “Стардевелопмент” компанийн захирал Э.Цэрэндаш /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/, “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг /Анод банкны ТУЗ-мйэ гишүүн Д.Энхтөрийн төрсөн дүү/, “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/ нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа аж. Түүнчлэн тус компанид шалгалт хийсэн атлаа үйл ажиллагаа нь доголдсоныг анзаараагүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан Монголбанкны ажилтан, хувьцаа гаргахад хууль ёсны шаардлага тавиагүй Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд бас шалгуулж байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Харин энэ хэргийн талаар Н.Даваагийн эхнэрээс тодруулахад “Надад бол мэдэгдсэн юм алга. Тэрний дүүг нэмж шалгахаар болсон гэж юм яриагүй. Манай хүний бие маш муу байна. Тэр хэргийн талаар мэдээлэл өгөх боломж алга” гэлээ. Түүний хэлснээр бол Н.Даваагийн бие хүнд байгаа аж.

Ч.Сангарагчаагийн тэнсэн харгалзах ял дуусахад найман сар үлджээ…

Авлигатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэж, оноосон ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн өнгөрсөн аравдугаар сард сулласан. Тиймээс тэднийг тус бүрийг нь нэг жилийн тэнсэн харгалзах ялыг нь эдлүүлэхээр болсон. АТГ-ын дарга нарын өмгөөлөгчид тэдний хэргийг цагаатгах саналтайгаар Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн ч одоогоор тодорхой мэдээлэл алга. АТГ-ын даргын албан тушаалыг хашиж байхад нь Ч.Сангарагчаад   Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 111.1 буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэж, нэр төрд нь халдсан, 133.2 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн, 263.2-оор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 273.2-оор төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татан шүүж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө зориулалтын бусаар ашигласан зүйлчлэл нь хүчингүй болж бусад гурван зүйл ангид нь нийтдээ 2.4 жилийн хорих ял оноогоод байсан юм. Суллагдсаных нь дараа Ч.Сангарагчааг албандаа буцаж очих байх гэсэн олны таамаглал байсан ч тэнсэн харгалзах ял нэг жилийн хугацаатай учраас энэ хугацаанд төрийн албанд үүрэг гүйцэтгэх, ажиллах боломжгүй байдаг. Ингээд олны таамаглал талаар өнгөрсөн. Одоогоор Ч.Сангарагчаа албан тушаал хашаагүй, гэр зуур байгаа гэдгийг тэдний хэрэгт холбогдох өмгөлөгч хэлж байсан юм.

Х.Наранхүүгийн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын гэх хэргийг шалгаж байгаа ч эцэслэн шүүхийн шатанд очсон хэрэг одоогоор нэг ч байхгүй. Тэдгээр хэргийн нэг нь УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй холбоотой хэрэг юм. Түүнд 2000-2007 онд Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан  гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул харъяалал тогтоолгохоор нийслэлийн Прокурорт шилжүүлсэн байсан. Нийслэлийн Прокурорын газрын нэгдүгээр албаны хяналтын прокурор Т.Жадамбаас энэ талаар тодруулахад “Манайд өнгөрсөн аравдугаар сард харъяалал тогтоолгохоор шилжиж ирсэн. Үүнийг хяналтын прокурор Д.Туяа хянаж нийслэлийн прокурорын дэд даргад танилцуулснаар албан ёсны шийдвэр гараад АТГ-т буцаасан” гэлээ.  Харин АТГ-ын холбогдох албаны хүмүүс түүний хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгожээ. УИХ-ын гишүүн Х.Наранхүүг 2006 оноос өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа улсын мөнгө шамшигдуулсныг тогтоохоор АТГ  шалгаж байсан юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуульд хүндэвтэр хэрэгт холбогдож хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж заасан байдаг аж. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жилийн хугацаанд хүчинтэй байдаг гэнэ. Тиймээс Х.Наранхүүгийн хэргийг АТГ-аас хэрэгсэхгүй болгоогүй байсан ч 2006 оноос өмнөх хэргээр шалгаж байгаа учраас энэ удаагийн хэрэг хүчингүй болох байжээ.

П.Даш гэм буруугүй гэдгээ нотлохоор гомдоллосоор байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Дашийн хэргийг нийслэлийн Шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Ингэснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд төрийн өмчийг хувьдаа ашигласан хэмээн эрүүгийн хуулийн 236,2, 15,3 гэсэн зүйл ангиар буруутгагдан түүнд 3.6 жилийн ял оноож байсан юм. Гэвч түүнийг Өршөөлийн тухай хуульд хамруулж сулласан. Харин ОБЕГ-ын дарга асан П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон, нэр төрөө сэргээнэ” хэмээн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд  гоидол гаргасан юм. Гэм буруутай гэдгийг нь тогтоож, түүнд 3,6 жилийн ял оноосон ч Өршөөлийн хуульд хамруулсны дараа хэрэг хийгээгүй, өөрийгөө гэм буруугүй гэж шүүхэд хандсанаар бол тэрбээр улсын мөнгө шамшигдуулаагүй, гүтгэгдсэн болж таарах нь.

Увс аймгийн Засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг иргэдийн мэдээллийн дагуу АТГ-т шалгуулж эхэлсэн. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад холбогдох албан тушаалтны хууль буй үйлдлээс болж иргэн 26 сая төгрөг завших боломж олгосон гэх хэрэгт АТГ-ны мөрдөн байцаах хэлтэс шалгаж дуусаад тус аймгийн Прокурорт шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан”, 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт шилжүүлсэн  байсан юм. Гэвч тус аймгийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүнд холбогдох хэргийг дээд шатны прокурорын байгууллагаас дахин шалгах шийдвэр гаргаж, АТГ-т ирүүлсэн байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж