”ЗГ юунд үндэслэж цалин нэмэх гэж байгааг мэдэхгүй”

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

”ЗГ юунд үндэслэж цалин нэмэх гэж байгааг мэдэхгүй”

Засгийн газар багш нарын шаардлагыг үндэслэн “Төрийн албан хаагчдын цалинг ирэх оны хоёр, тавдугаар сард нэмнэ” гэж мэдээлсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Таныхаар цалинг ирэх оны хоёрдугаар сараас нэмэх боломж байгаа болов уу. Энэ нь ямар үр дагавар авчрах бол?

-Засгийн газраас энэ талаар танилцуулсан зүйл алга. Сонин хэвлэлээс л уншсан. Чухам ямар тооцоог үндэслэж ийм шийдвэр гаргасныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр ингэж хэлсэн гэж бодож байгаа. Улс орныхоо эдийн засаг, дэлхийн нийтийн төлөв байдлыг ажиглаж байж яриа хэлцэл хийх хэрэгтэй байсан болов уу.  Европын улсууд бүхэлдээ төсвөө танаж байна. Зардлаа бууруулж, цалин нэмэх тухай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Цалин нэмбэл ямар байдал үүсэхийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Импортын, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Дотоодын үйлдэрлэл хумигдаж, инфляци өснө. Үүнтэй уялдаад эдийн засагт хэт халалт бий болно. Тиймээс “Засгийн газар энэ бүхнийг тооцсон байгаасай даа” л гэж бодож байна. Бид нэлээд нухацтай ярилцаж, дэлхийн эдийн засгийн хямралыг аль болох эвтэйхэн давж гарахын тулд 2012 оны төсвийг баталсан. Ер нь бол улс төр, улс орон хоёрын алийг нь нэгдүгээрт тавих вэ гэдгийг ярилцсаны үндсэн шийдвэр гаргасан. Гэтэл эргээд тэр байдал руу орох гэж байгаа нь дэндүү харамсалтай. Ирэх оны хоёрдугаар сараас цалин нэмлээ гэж бодъё. Цалингийн нэмэгдэл Эрээн рүү л явна. Үүнийг багш нар ойлгож баймаар юм. Хүмүүст цалин нэмсэний үр ашиг мэдрэгдэх нь юу л бол.

-Засгийн газар, УИХ-ын гишүүд “Сөрөг үр дагавартай” гээд зарим нь үүнийг үгүйсгэх юм. Чухам хэнийх нь зөв юм бэ?

-Иргэдийн гар дээр очиж байгаа бэлэн мөнгөний эргэлт нэмэгдэх тусам бараа бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, инфляци хөөрөгддөг. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны эдийн засагчид ч ийм эрсдэл байгааг анхааруулж байгаа шүү дээ.

-Цалин нэмбэл мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр арга байхгүй юу?

-Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр /уржигдар/ уулзсан. Тэрбээр “Цалинг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ гэвэл байдал тун хэцүү байна. Бид инфляцийг тийм амар барьж чадахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байна билээ. Төсөвт тодотгол хийхийг УИХ яаж хүлээж авахыг хэн ч мэдэхгүй. Цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх вэ, ямар индексээр хийх вэ, хэдэн сараас нэмэгдүүлэх вэ гээд олон зүйл ярих хэрэгтэй болно. 

-Тэгэхээр “Ирэх оны хоёрдугаар сараас цалинг нэмэх эсэх нь баттай биш” гэж ойлгож болох уу?

-Засгийн газар ямар байдлаар төсвийн тодотголоо оруулж ирнэ, түүн дээр үндэслээд л хэлэлцэнэ. Ямар ч байсан цалин нэмбэл инфляци өсч таарна. Энэ нь хэнд хамгийн хүндээр тусах вэ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, ажилгүй иргэд, өндөр настнуудад л хүнд тусна. Баялаг, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн бий болгож байгаа хүмүүс төсвийн байгууллагынхнаас бага цалин авдаг. Тийм болохоор цалин нэмэх тухай асуудлыг нэлээн нухацтай бодож байж шийдэх ёстой. Цаг хугацааны хувьд ч гэсэн нэлээн сайн тохиролцох хэрэгтэй байсан.

-Ер нь Монгол Улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг ирэх оны хоёрдугаар сараас нэмэх эх үүсвэр бий юү?

-Эх үүсвэр нь хаана байгаа вэ гэдгийг бодох л ёстой. Тавантолгойн төсөлтэй холбогдуулж орлого, зарлага бий болох талаар хэлэлцсэн. Гэтэл Тавантолгойн төсөл ямар байдалтай байгаа билээ дээ.

-Зарим гишүүн “Ирэх сонгуулиар мөнгө тараахгүй, амлахгүй” гэдэгт төдийлөн итгэхгүй байх шиг байна. Таны хувьд юу гэж үзэж байна вэ?

-Тэгж болохгүй л дээ. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан. Саяхан Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн баталлаа. Тэгээд ч улстөрчид өөрсдийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн амлалт өгөхөөр эргээд улс орны эдийн засгийг сөхрүүлдэг юм байна гэдгийг мэдэрсэн байх. Тийм учраас хуулиар хориглосон мөнгөний амлалтыг өгөхгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж