Ч.Хүрэлбаатар: 1.5 саяыг агуулгаар нь хэрэгжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: 1.5 саяыг агуулгаар нь хэрэгжүүллээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон яг одоо Төрийн ордны “А” танхимд 2011 оны ажлаа дүгнэж байна. Одоогоос 100 жилийн өмнө буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсад шинэ үеийн анхны таван яам байгуулагдаж байсан түүхтэй. Тэр утгаараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны хувьд энэ он бас түүхэн жилүүдийн хүрээнд ажлаа тайлагнах он цагтай давхцаж буйгаараа онцлог болж буй аж.

Харин бид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас дараах асуултад хариулт авлаа.


-2011 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс хэрэгжүүлсэн гол ажлаа дүгнэвэл юуг нэрлэх вэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол Засгийн газрын ажлын алба байдаг. Засгийн газраас гаргаж байгаа бүхий л шийдвэрүүдийг баталгаажуулах, оруулж байгаа шийдвэр дээр нь хяналт тавих. Орон нутгийн үйл ажиллагааг зохицуулах, яамд хоорондын уялдааг хангах гээд олон ажлыг хариуцаж хийдэг. Монгол Улсын Засгийн газрын энэ оны хамгийн том ололт амжилт бол Монгол Улсын эдийн засаг хамгийн өндөр хувиар буюу 18 орчим хувиар өссөн нь Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Үүний цаана газар тариалангийн салбарт сэргэлт ирснийг харуулж байгаа. Тухайлбал, төмс,  хүнсний ногооны ургацын хэмжээ нэмэгдсэн. Урьд өмнө байгаагүй их хэмжээний ургац хурааж авсан. Мөн урьд өмнө байгаагүй их төл бойжуулсан. Уул уурхайн салбарт явуулж байгаа эерэг бодлогын үр дүнд олон уурхай үйл ажиллагаагаа нээж, энэ нь эдийн засагт үр нөлөөгөө  өгсөн. Мөн Боловсрол, эрүүл мэндийн салбарт ч мэдэгдэхүйц үр дүн дагуулсан гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн орчныг сайжруулахын тулд олон хүнд суртлын зөвшөөрөл  үе шатуудыг халсан зэрэг ажлууд хийлээ. Товчхон дүгнээд хэлэхэд,  Монгол Улсын эдийн засаг дэлхийд байхгүй хамгийн өндөр хувиар өсч, өнгөрсөн жилийн хугацаанд байнгын болон түр 75 мянган ажлын байр бий боллоо. Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж чадсан, тэр дундаа банк санхүүгийн зохистой орчинг бүрдүүлж чадсан. Энэ бол Засгийн газрын ажлын хамгийн гол үр дүн гэж үзэж байна. Мөн гадаад харилцаа нэлээд сайн эрчимжлээ. Үүнээс гадна 2008 оны УИХ-ын сонгуулиар МАН, Ардчилсан намын ард түмэндээ амласан 1.5 сая төгрөгийг олгох ажлыг агуулгаар нь бүрэн хэмжээнд шийдвэрлэсэн шийд гаргаж чадсанаараа энэ Засгийн газрын амжилт юм. Энэ бүх ажлыг хийхэд цаана нь Засгийн газрын ажлын алба буюу хэрэг эрхлэх газрын ажилтнуудын хувь оролцоо байсан гэж дүгнэх байна даа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж