Долоон жилийн дараа гэр бүлээ олжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Долоон жилийн дараа гэр бүлээ олжээ

2004 онд Индонезид болсон гамшигт цунамигийн үеэр азаар амьд үлдсэн охин долоон жилийн дараа гэр бүлээ олсон байна. Одоо 15 настай охиныг гэрийнхэн нь нас барсан гэж бодож байсан тухай Associated Press мэдээллээ.

Энэтхэгийн далайн эргийн орнуудад 2004 онд болсон цунамид 230 мянган хүн амиа алдсан билээ. Тэр үед найман настай байсан Вати охиныг ээж нь бүх чадлаараа тэврэн зуурсан хэдий ч хүчит давалгаа охиныг далай руу урсган одсон ажээ. Гурван охиноо цунамид алдсан охины эцэг, эх нь Ватиг амь үрэгдсэн гэж бодоод хайгаагүй гэнэ. Харин долоон жилийн дараа Ачех мужийн Меулабо хотын нэгэн кафед гэрийнхнийгээ хайсан охин ирсэн юм. Тэрбээр гэр бүлээ хайхаар автобусаар ирсэн гээд өвөөгийнхөө нэрийг санаж байгаагаа хэлжээ. Кафед байсан хүмүүс охиныг гэрт нь хүргэж өгөхөд аав, ээж нь тохойн дээрх жижиг сорви болон цээжин дэх мэнгээр охиноо таньсан байна.

Охин өөрийг нь цунамигийн дараа олсон хүмүүстэй долоон жилийн турш амьдарч, тэдэнтэй хамт төрөлх Ачех мужаар тэнүүчилж байжээ. Нэгэн удаа түүнийг гудамжинд гуйлга гуйлгахаар үлдээсэн үед охин тэднээс зугтаж чадсан гэнэ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж