26 тойрогт 48 мандат хуваарилсныг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

26 тойрогт 48 мандат хуваарилсныг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, дууслаа. Бүлгээр хоёр асуудал хэлэлцсэний дотор УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжжээ. Тус тогтоолд зааснаар 26 тойрогт 48 мандат хуваарилаад байна.

Тодруулбал, Архангай 2, Баян-Өлгий 2, Баянхонгор 2,  Булган 1,  Говь-Алтай 1, Дорноговь, Говьсүмбэр хоёр нийлж 1мандат, Дорнод 2, Дундговь 1, Завхан 2, Өмнөговь 1, Өвөрхангай 2, Сэлэнгэ 2, Сүхбаатар 1, Төв 2, Ховд 2, Хэнтий 2, Хөвсгөл 2, Увс 2, Дархан-Уул 2, Орхон 2 мандат тус бүр хуваарилсан байна. Улаанбаатар хотын хэмжээнд Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг нэг тойрог болж 2 мандат, Баянзүрх дүүрэг Налайхтай нэг тойрог болж 3 мандат, Сүхбаатар дүүрэг 2 мандат, Чингэлтэй дүүрэг 2 мандат, Баянгол дүүрэг 2 мандат, Сонгинохайрхан дүүрэгт 3 мандат тус бүр хуваарилжээ. Харин үлдэж буй 28 мандат нь намын жагсаалтаар улсын хэмжээнд нэг тойрогт хуваарилагдана.

Хоёр дахь асуудал нь Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл аж. Энэхүү хуулийн төслийг Д.Очирбат нарын гишүүд санаачилжээ. Түүнд зааснаар гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд сар тутамд урамшуулал олгох юм. Тухайлбал, гурван хүүхэдтэй бол 70200,  дөрвөн хүүхэдтэйд 105 мянган төгрөг, 5 хүүхэдтэй эхэд 140400, зургаан хүүхэдтэй эхэд 175500 төгрөг, долоон хүүхэдтэй эхэд 210600, найм болон түүнээс дээш хүүхэдтэй эхэд 280800 төгрөг олгохоор заагаад байна. Бүлгийн дарга Б.Энхтүвшиний хэлснээр тус намын бүлгийн гишүүдийн хувьд “Энэхүү төслийг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийсний дараа ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх боломжтой” гэж үзсэн юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж