Квотын төлөө байсан бол одоо сонгуулахын төлөө

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Квотын төлөө байсан бол одоо сонгуулахын төлөө

УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг анх удаа тусгаж өгсөн. Нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байх квотыг хэрэгжүүлснээр нам бүр 76 нэр дэвшигчийнхээ 15 орчмыг бүсгүйчүүдээс бүрдүүлэх болж байгаа юм.

Гэхдээ квоттой болох нэг хэрэг. Үүнийг бодитой болгож УИХ-д эмэгтэй гишүүн сонгуулах нь бас өөр хэрэг болоод байна. Мажоритар 48 мандат дээр эмэгтэй нэр дэвшигчид мөнгөтэй, эрх мэдэлтэй эрчүүдтэй өрсөлдөж байж гарч ирнэ. Тэгэхээр маш цөөн эмэгтэй тойргоос гарч ирнэ гэсэн үг.

Харин намын нэрсийн жагсаалтаар орж ирэх пропорциональ 28 суудал дээр эмэгтэйчүүдийг жагсахдаа 10-аас урагш бичигдсэн нь л боломжтой болохоос түүнээс хойш эрэмбэлэгдсэн эрэгтэй, эмэгтэй хэн нь ч гарч ирж чадахгүй гэж хэлэхэд хол зөрөхгүй. Тухайн нам 50 хувийн санал авахад пропорциональ жагсаалтаар орох 28 нэр дэвшигчийн 14 нь л УИХ-д орох мандат өвөрлөнө. Гэтэл мажоритар хувилбараар тойрогт өрсөлдөөд ялагдсан ч 28 хувийн босго давсан нэр дэвшигч пропорциональ тал руу гулсаж орохоор хуульчилсан. Уг босгыг давсан 7-8 нэр дэвшигч пропорциональ талд орж ирэхэд мөнөөх 14-өөс төдий тоогоор доош уруудна. Ингээд 6-7 нэр дэвшигч л пропорциональ талаас УИХ-ын гишүүн болох боломжтой. Хамгийн өндөр санал авсан намаар тооцож үзвэл ийм.
Тиймээс улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага намын нэрсийн жагсаалтад эмэгтэй нэр дэвшигчдээ эрэмбэлүүлэхдээ 10-аас урагш бичүүлэхгүй бол 20 хувийн квот нэр төдий зүйл болон хоцорч ч мэднэ. Квотын төлөө тэмцсэн эмэгтэйчүүд одоо сонгуулахын төлөө тэмцэх үе эхэллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж