Ли На шилдэг нь байж чадлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Ли На шилдэг нь байж чадлаа

Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд энэ жил онцлог үйл явдлаар дүүрэн өнгөрлөө.

Оны эхний Их дуулгад Азийн тэргүүн теннисчин Хятадын Ли На дэд аваргаар шалгарч олны анхаарлыг татаж улмаар оны дундуур "Ролланд Гаррос"-ын аварга болж Азийн түүхийг бичиж чадсан билээ. Мөн "Уимбльдон" тэмцээн аварга болон оны төгсгөлийн мастеруудын финалд түрүүлсэн аварга, дэлхийн чансааны 2 хүртэл дэвшсэн Чехийн Петра Квитова 2011 оны WTA холбооны оны шилдэг теннисчнээр тодорсон зэрэг нилээдгүй сонирхолтой үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн хооронд ч ширүүн, өрсөлдөөнтэй тэмцэлүүд гарч байлаа.


Сербийн Новак Жокович Их дуулгын гурван түрүүг авахдаа хоёрынх нь финалд Испаний Рафаэль Надалийг сөхрүүлж, улмаар түүнээс дэлхийн тэргүүн теннисчний байрыг булааж авсан нь түүнд энэ жилийн ATP-ийн шилдэг болох боломжийг авчирлаа.

Их дуулгын 16 удаагийн түрүүт Швейцарь цаг хочит Рожер Федерер харих болоогүй гэдгээ нотолсон жил байлаа. Тэрбээр энэ жилийн “Ролланд Гаррос”-ын финалд Рафаэль Надальд хожигдсон ч оны эцэст Мастеруудын финалд түрүүлснээрээ Рожер зургаа дахь түрүүгээ авч, рекорд амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр тэмцээний дараа “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Маш удаан хугацаанд талбайн теннист суралцлаа. Заримдаа бурхан надад олдоогүй боломжийг Рафаельд, түүнд олдоогүйг надад өгчихдөг болов уу гэж төсөөлж суудаг. Харин энэ удаа бурхан миний талд байсан” гэж хэлсэн нь үргэлж түүнээс цом л хүртэх ёстой гэсэн их тэмүүлэлийг тэрбээр гүйцээж чадсан билээ. Иймдээ ч тэрбээр харих болоогүй гэдгээ харуулаад авсан.

Өнгөрсөн 2010 онд “Их дуулга”-ын гурван түрүүг авч байсан Дэлхийн экс тэргүүн теннисчин Испаний Рафаэль Надаль энэ жил "Ролланд Гаррос"-ыг хүртсэн тэрбээр оны төгсгөлд "Мастеруудын финал"-д Рожер Федерерт хожигдсон ч багийн нөхдийн хамт Дэвисийн цомыг хүртэж чадсан билээ. Тэрбээр ирэх жил олимпийн тоглолтод илүүтэй анхаарч 2012 оны Дэвисийн цомд Испаний багийн өмнөөс тоглохгүй болсноо албан ёсоор зарласан билээ. 2008 оны Бээжингийн олимпоос алт авсан түүний хувьд олимпийн наадам багийн тоглолтоос илүүтэй билээ.

Ингээд энэ жил голлох болсон Ази тамирчдын тэргүүлэгчдийн тухай тоймлон хүргэж байна.

Ли На

Хятадын нэрт теннисчин Ли Нагийн хувьд оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээний дэд аваргаар шалгарч Ази тамирчин тэр дундаа Хятад тамирчин их дуулга хүртэх боломжтойг харуулсан билээ. Ийнхүү оны эхнийг гайхалтай амжилтаар эхлүүлж тэрбээр 6-р сард болсон “Роланд Гаррос”-ын аварга болсноор дээрх таамгийг бататгасан. Тэрбээр энэхүү ялалтыг авахдаа “Уимбльдон”-ы аварга Чехийн Петра Квитова, Беларусын Виктория Азаренкаг буулган,  улмаар хагас финалд ОХУ-ын нэрт теннисчин, их дуулгын гурван түрүүт Мария Шараповаг буулган авч шигшээд шалгарсан. Шигшээд шалгарахдаа тэрбээр Австралийн нээлттэй тэмцээний финалыг давтаагүй юм. Гэхдээ түүний өрсөлдөгч энэ жил аваргаа хамгаалахаар финалд гарч ирсэн Италийн нэрт теннисчин Франческа Скьявоне байлаа. Гэсэн ч Ли На финалд итгэл дүүрэн тоглож түүнд сэт алдалгүйгээр 6:4, 7:6-н харьцаагаар буулган авлаа. Түүний энэхүү ялалт зөвхөн Ли На-гийн биш Ази тамирчдад улам их урам өгч чадсан юм. Тэрбээр энэхүү амжилтаараа энэ жилийн дэлхийн хамгийн их хөгжөөн дэмжигчтэй тамирчнаар тодорсон билээ. На Ли оны төгсгөлд болдог шилдэг наймын тоглолтод оролцож дэлхийн чансаа 5-д дэвшсэн амжилтаар энэ оныг үдэж байна. Мөн тэрбээр мөнгөн шагналын хэмжээгээр 3,709,139 ам.долларын амжилтаар жагсаалтын 4-д эрэмбэлэгдэж байна. Түүний амжилтын дэргэд Азийн зарим тамирчдыг дурдах нь зүйтэй болов уу. 

Япон тамирчдын тухайд:

Талбайн теннисний “Их дуулга”-ын энэ оны гурав дахь цуврал  “Уимбльдон 2011” Лондон хотноо үргэлжлэх үед нэгэн сонирхолтой тоглолт болсон билээ.  Хоёрдугаар тойргийн энэхүү тоглолт сонирхолтой байхаас гадна теннисийн ертөнцөд нэгэн түүх бичиж чадсан. 2-р тойрогт оноолт таарсан "Уимбльдон"-ын 5 удаагийн аварга Винус Уильямс болон Японы 41 настай Кимко Датэ Крумо нарын хооронд болсон юм. Уг тоглолт 2 цаг 55 минут болж эцсийн мөчид Винус 6-7 /6-8/, 6-4, 8-6-аар ялалт байгуулж хүнд нөхцөлөөс түүнийг буулгаж авсан билээ. Энэ нь Японы нэрт теннисчин теннисчин Кимко Датэгийн хувьд даруй нас өндөрболсон ч теннисээс харих болоогүй гэдгээ харуулсан билээ. Түүний хувьд 1989 оноос мэргэжлийн теннист тоглож 1992 онд Дэлхийн шилдэг 4-т хүртэл дэвшиж байжээ. Тэрбээр 1996-2007 оны хооронд теннисээ орхисон ч 2008 онд эргэн ирж энэ жилийн дэлхий чансааны 40 хүртэл дэвшсэн тэрбээр оны төгсгөлийг 87-д эрэмбэлэгдсэн амжилтаар үдэж байна. Хэдийгээр "Уимбльдон"-ы аварга Винус Уильямсыг хожиж чадаагүй ч 41 настай Кимко Датэгийн хувьд сонирхолтой тоглолтыг үзүүлж чадсан нь Ази тоглогч, тэр дундаа Япон тамирчдын нэр хүндийг өсгөсөн билээ. Өдгөө мэргэжлийн эмэгтэйчүүдийн ангилалын шилдэг 100-д Азиас 6 хүн байгаагаас  Хятадын 3, /№5 На Ли, №17 Shuai Peng/, Японы 2 /№50 Ayuti Morita, №87 Kimiko Date Krummo/, Тайваны № 94 Tamarine Tanasugarn нар багтаад байна.

Дэлхийн тэргүүн теннисчинийг буулган авсан Японы Кей Нишикори

Оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээнд оролцохдоо ATP-н чансааны 82-т эрэмбэлэгдэж 3-р тойрогт Испаний Фернандо Вердасст ялагдаж байсан ч Ролланд Гаррос болон Уимбльдон, Америкийн нээлттэй тэмцээн хүртлээ дэлхийн чансааны 46 хүрсэн билээ.  Харин тэрбээр Шанхайд болсон “Shanghai Rolex Masters” буюу Мастеруудын цувралд Францын Цонга, Украйны Александр Долгоров нарыг буулган авч хагас финалд Их Британы Энди Муррайд хожигдсон ч чансаагаа 31 болтол өсгөж чадсан билээ. Мөн 10-сард Швейцарийн Басел хотноо болсон ATP-ийн цуврал тэмцээнд Чехийн Томаш Бердеш /7/, улмаар хагас финалд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг 2-6, 7-6, 6-0-аар буулган авч финалд дэлхийн экс тэргүүн теннисчин, их дуулгын 16 түрүүт Швеайцарь цаг Рожер Федерерд ялагдсан билээ. Энэ түүний теннисний ертөнцөд үзүүлсэн хамгийн өндөр амжилт бөгөөд тэрбээр 2008 онд дэлхийн чансааны 126-д байхдаа Америкийн нээлттэй тэмцээнд 3-р тойрогт Испаний Дэвид Ферерийг буулган авч тухайн үедээ нилээдгүй сенцаацийг тарьж байсан. Оны төгсгөлийг дэлхийн чансааны 25 хүртэл дэвшээд байгаа нь Солонгосын нэрт тамирчин, олимпид 3 удаа оролцож байсан И Тээ Хуагийн амжилтаас илүү гарсанд Ази тамирчид, тэр дундаа Японы ард түмний нэгэн бахархал болоод байгаа билээ. Азийн тэргүүн теннисчний ирэх жилийн тоглолтыг харах л үлдлээ. Магадгүй энэ жилийн хувьд Ли На болон Кей Нишикорийн амжилтууд Ази тамирчдад ихээхэн болж байгааг харуулсан билээ.

Ингээд энэ жилийн теннисний ертөнцөд Ази тамирчдын гол үйл явдлыг тоймлон хүргэхийг оролдвоо.

Ирэх жилүүдэд манай улсын шилдэг тамирчид теннисний ертөнцөд өнгөлж бичих зүйлтэй болно гэдэгт итгэж байна.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж