Дэлхий нийт шинэ оныг угтлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Дэлхий нийт шинэ оныг угтлаа

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүн төрөлхтөн 2011 оныг үдэж, 2012 оныг угтан авлаа. Авсралийн Сидней хот шинэ оны баярт зориулж олон сая ам.долларын өртгөөр галын наадам зохион байгуулсан бол Дубай дахь дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа солонгын өнгөөр гэрэлтсэн гэрэлт цамхаг шиг болжээ. Лондон хотод Темза мөрөн дээрх галын наадмыг үзэхээр 250,000 гаруй хүн цугларчээ. Испанийн иргэд уламжлалынхаа дагуу Пуэрто дел Сол цагийн хонх цохихыг хүлээн шинэ он гарахын өмнө 12 ширхэг усан үзэм иджээ. Энэ үеэр хэдэн арван мянган германчууд улсынхаа бэлгэдэл болсон Бранденбургийн хаалганы өмнө цугларч, амьд хөгжим сонсон, шинэ оноо угтжээ. Харин шинэ оныг дэлхийн улс орнуудтай нэгэн зэрэг анх удаа угтсан улс Самао, Токелау байв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ны шөнө дунд өнгөрөхөд Номхон далайн арлын хоёр улс 30-ныг алгасан шинэ тоололд шилжсэн юм. Тус улсын иргэд болон гадаадын жуулчид энэ үйл явдлыг тэмдэглэн, баяр хөөр болсон байна. Энэ үеэр Японд Токио хотын цамхгаас япончуудын шинэ онд хүссэн хүслээ бичсэн асар том агаарын бөмбөлөг хөөргөжээ. Өнгөрсөн онд асар хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшигт өртсөн Японы иргэд шинэ оныг байгалийн гамшигт үзэгдэл, гай гамшиггүй жил байхыг хүсчээ. 21 настай Хори Соичиро “Шинэ он бүгдэд нь аз жаргал, баяр хөөр авчраг. Зовж зүдэрсэн олны нуруу тэнийж, аз жаргалтай болоосой гэж хүсч байна” хэмээн ярьсан байна. Харин дэлхийн хамгийн хаалттай улс, БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир нас барж, хүүд нь эрх мэдлийг шилжүүлэх гэж буй энэ үед тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд шинэ он шилжих мөчид ард иргэдээсээ хүндэт удирдагчийн  залгамжлагч, залуу удирдагч Ким Чен Уныг дэмжихийг уриалжээ. Умард Солонгосын телевизээр гарсан уг мэдэгдэлд “Ким Чен Уныг үхэн үхтэл нам төр, цэрэг арми болон ард иргэд түүний өмөг түшиг төдийгүй бамбай байх болно” гэсэн байв.

Төрийн Думын сонгуультай холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж ОХУ-ын Улаан талбай дахь ёслолын үйл ажиллагааг  үзэхээр очсон хүн болгон харуул хамгаалалтыг нэвтрэх ёстой болж байжээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Германы Канцлер Ангела Меркел телевизээр хэлсэн үгэндээ “Европын орнуудад 2012 он өнгөрсөн оноос хэцүү байх болно. Гэвч Евро бүсийн өрийн хямралаас гарах гарц олоход улс орнуудын нягт хамтын ажиллагаа тус болно гэж найдаж байна” гэсэн юм. Францын Ерөнхийлөгч Николя Саркози ч мөн Ангела Меркелийнх шиг анхааруулсан мэдэгдэл гаргасан гэнэ. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон Бан Ги Мүн ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж, “Арабын хувьсгал” гэгдэж буй Араб ертөнцөд дэгдсэн эсэргүүцлийн томоохон хөдөлгөөний жагсагчдын эрх ашгийг хамгаалахаа мэдэгдсэн байна. Туркийн Станбул хотод шинэ оныг угтах баяр наадмын ажиллагааны үеэр ширүүн бороо орж, саад болсон бол Украйны Киев хотод галын наадам, гэрлийн үзүүлбэрүүд болжээ. Харин Бразилийн Рио Де Жанеро хотын иргэд далайн эрэгт галын наадам зохиож, шинэ оноо угтжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж