Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Молливуд мандтугай

Монголын кино урлаг мандаж байна. Шил, шилээ даран олон кино нээлтээ хийх болов. Уйлуулдаг, дуулуулдаг, зодолддог, араар нь тавьдаг, алдаг, хяддаг гээд. Олныг бүтээж байна, чадаж байна. Даанч чанарыг нь ардаа гээдэг болохоос. Нэг хэсэг ямар ч кино гардаггүй байсан үеийг санавал кино урлаг мандсан ч юм шиг. Монголдоо кино гаргадаг “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрыг эс тооцвол өөр газар байхгүй. Олон кино нээлтээ хийж байгаа болохоор ачааллаа дийлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс киночдод үлдсэн эцсийн сонголт “улаан булан”. Гэхдээ энэ сумын төвийн ноорхой, хоёр давхар барилга биш. Хотын төвийн томоохон барилга. Яагаа вэ, нөгөө төмөр хашаа, Чингис, 13 дугаар зууны баатар нөх­дөөр хамгаалуулсан.

Төрийн ордонд тоглолт хийх салхийг хагалсан эрхэм бол Д.Болд. Давшилт нь ч амжилттай болж тэр төрийн шагнал авсан. Харин энэ бүхний араас кино урлаг орохоор шийджээ. “ДОЗ” энтэртеймэнтийн хийсэн нэгэн кино Төрийн ордонд нээлтээ хийх гэж байна. Агуулгыг нь харвал гишүү­дэд зориулсан кино ч юм шиг. Гэтэл нэр­шил нь “Хөх толбот хүмүүс”. “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”-д гардаг шиг архи, пивоны реклам л гарахгүй бол яамай. Кино ч их хийдэг болж, нээлтээ ч Төрийн ордонд хийдэг болж. Энэ дэвшил­тийг харвал капитализмыг алгасагчтай төстэй ч юм шиг. Ямар сайндаа л зарим нэг судлаачид Молливуд гэх нэрийг өгч байх вэ дээ. Холливуд, Болливуд гэж сонссоноос Молливуд гэж сонссонгүй ээ. Улс бүрийн нэрний эхний үсгээр ингэж нэрлэдэг бол кино урлагаараа азидаа толгой цохидог Хятад Чолливуд, Япон Яолливуд, Солонгос улс Солливуд гээд нэрлэж болно. Гэхдээ тэд тэгсэнгүй. Киногоо ч парламетын ордонд нээсэн­гүй. Зарим улсын киночид жижиг тан­химд нээж, азийн шилдэг кино болж бай­сан ч түүх бий. Хэрвээ АНУ-д төдий­гүй, дэлхийд од болсон “Аватар”-ын нээлт Цагаан ордонд болоогүй. Тэгье ч гэсэн зөвөөрөхгүй. Төрт ёсны их уламжлалтай гэдэг манай улсад кино нь ч тэр, дуучин нь ч тэр төрийн ордонг шоуны газар гэж төсөөлдөг бололтой.

Уг нь орос ах нараас тусламж авч баригдахдаа зөвхөн хурлын зориулалттай л хийсэн юмсан. Киноны 35 мм-ийн хальсийг эргүүлэх дамар, концертын дуугаралтыг хангасан өсгөгч, сюрраунд дуугаралтыг хангах төхөө­рөмж аль нь ч байхгүй. Яагаад гэ­вэл тухайн Ардын их хурал, одоогийн Улсын их хурал ч тэр кино тоглож, дуу дуулахгүй учраас.

Төрийн ордонд нээлтээ хийх гэж байгаа энэ киноноос гадна өөр олон кино сул дэлгэц хүлээгээд сууж байгаа гэх. Араас нь олон киночид хүсэлтээ бариад Төрийн ордон руу гүйлдэх вий. Ер нь яагаад олон жилийн өмнө гараад сураг тасарсан кинонуудыг энд гаргаж болохгүй гэж. “Шар нохойн там”, “Хоёр өдөр, гурван шөнө”, “Нянгар хаданд гарсан нь”, “Долдугаар сарын 1” гэх мэтийн кинонуудыг гарга л даа. Тэднийг харин эрхэм гишүүд хэрхэн хүлээж авах бол. Унтах болов уу, сэрж, мэдрэх болов уу?

Өнгөрсөн зууны эхэнд В.И.Ленин нэг үг хэлжээ. Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэж. Одоо хамгийн агуу нь манайд кино болсон. Ямар сайндаа л Төрийн ордондоо нээлтээ хийж байх вэ дээ. Гэхдээ энэ кино нь зөвхөн Монголд л од болох юм даа. Монголын уран бүтээлчид иргэддээ бус УИХ, Засгийн газрын гишүүд гэх мэтчилэн томчуудаа зориулж туурвиж, тал засдаг болжээ. Урлагаас тухайн нийгмийн мэдэж болно гэдэг юутай үнэн бэ. Гэхдээ энэ утга­гүй зүйл бидний муу хэлэх дуртай өм­нөх нийгэмд ч байгаагүй юмдаг.

1970-аад оны эхээр АНУ-ын кино урлаг цэцэглэн хөгжөөд байхад Либерти Холл-д нэгэн кино нээлтээ хийхээр болжээ. Хэдийгээ сурталчилгаагаа иймэрхүү байдлаар хийсэн ч нээлтээ хийснээсээ хойш ямар нэгэн шагналыг авч чадсангүй. Бүр зарцуулсан хөрөнгөө ч олж чадсангүй. Кино шүүмжлэгчдийн хараалын бай болжээ. Үүнээс хойш АНУ-ын улс төрийн зориулалттай ямар ч байгууллага, албан газарт урлагийн тоглолт, кино нээлтээ хийгээгүй юм.

Ямар ч байсан Молливуд амилж, Төрийн ордонд кино нээнэ. Амжилт хүсье, агуу киночдоо.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж