Өсвөрийн даамчид дэлхийн аваргад

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Өсвөрийн даамчид дэлхийн аваргад

Беларусийн Слоним хотноо 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 4-нд эхэлсэн ДАШТ охид, хөвгүүдийн 10 нас хүртэлх, 11-14 нас гэсэн ангиллаар зохиогдож байгаа юм. Энэ удаад Монголын өсвөрийн даамчдаас найман тамирчин оюун ухаанаа уралдуулж байна. Тодруулбал, охидын 10 хүртэлх насны ангилалд Т.Ганчимэг, Б.Болормаа, 11-14 насны хөвгүүдийн ангилалд М.Шийрэвжамц, Б.Алтан-Од, Б.Билгүүн нар, 11-14 насны охидын төрөлд Г.Хэрлэнмөрөн, Б.Номин-Эрдэнэ, Б.Ууганзаяа нар өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний туршид даамчид швейцарь системээр нийт есөн өрөг тоглож, энэ сарын 10-нд өсвөрийн дэлхийн аваргууд тодорно. Тэмцээний дөрөв дэх өргийн тоглолтууд өчигдөр болсон бөгөөд одоогийн байдлаар Монголын даамчдаас охидын 10 хүртэлх насны ангилалд Б.Болормаа дөрвөн тоглолтоос 5 оноотой долдугаарт, Т.Ганчимэг мөн 5 оноотой есдүгээр байрт бичигдээд байна.

Харин 11-14 насны хөвгүүдийн ангилалд М.Шийрэвжамц /4 оноо/ 14 дүгээрт, Б.Алтан-Од /2/ 26 дугаарт, харин Б.Билгүүн /1/ 31 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдээд байгаа бол охидын төрөлд Б.Номин-Эрдэнэ гурван оноотой 16, Г.Хэрлэнмөрөн 2 оноотой 20, харин Б.Ууганзаяа 1 оноотой 22 дугаар байрт тус тус бичигдээд байна.

Тэмцээний зургаа дахь өргийн тоглолтууд өнөөдөр болно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж