Үндсэн хуулийг зоргоороо тайлбарладгийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг зоргоороо тайлбарладгийг буруутгав

Өнөөдөр Төрийн ордонд “Ардчилсан Үндсэн хууль-20” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Түүнд олон илтгэгч үг хэлсэн юм. Тухайлбал, Удирдлагын академийн Захиргааны сургуулийн захирал доктор, профессор Ч.Энхбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн байдал: Үндсэн хуулийн зохицуулалт ба өнөөгийн практик” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдыг томилох оролцоо байхгүй болж зөвхөн индэрт гарч нэр уншдаг “шуудан зөөгч” болгосныг шүүмжилж байв.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэтэрхий бүдүүлэг аргаар хийснийг илтгэгч дурдсан юм. Үндсэн хуулийн Цэц дээр нэмэлт, өөрчлөлт унасан ч жилийн дараа УИХ-ын гишүүд хуйвалдааны аргаар буцаан оруулсныг Ардын Их Хурлын депутатууд шүүмжилж байлаа. Үндсэн хуулиараа хамаагүй оролдвол Засгийн газар хэврэгшиж болохыг ч анхааруулсан юм. Италид 50 жилд 50 Засгийн газар солигдсон, Японд хэдэн сар болоод л засаг огцордог. Иймээс Үндсэн хуулийн дархлаа сайн байх ёстой гэцгээж байлаа. Сүүлийн үед хэн дуртай нь санааныхаа зоргоор Үндсэн хуулийг тайлбарладаг болсныг буруутгацгаалаа.

Илтгэгч Ч.Өнөрбаяр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын бүрэн эрхийг хэт өргөтгөж, нийгэмд парламент дахь олонхийн дарангуйлал тогтох эх үндэс болсон гэж байв. Мөн УИХ төсөв батлах, түүний зохицуулалтыг хянах бус өөрөө төсөв зарцуулагч болж хувирсныг шүүмжиллээ. УИХ-ын байнгын тасралтгүй ажиллах зарчмыг үгүй хийж хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа байхгүй болсон, Үндсэн хуулийн дархлаа сул, Үндсэн хуулийн шүүхийн хяналт ч сул, улс төр, эрх зүйн соёл гүйцэд төлөвшөөгүй зэргийг илтгэлдээ дурдлаа. 

Илтгэгч Л.Өлзийсайхан Үндсэн хууль бол хууль тогтоогчдод зориулсан хууль мөнийг дурдаж Үндсэн хууль дээдлэх дархлааг гаднаас хүчээр, албадлагаар тогтоож болохгүй гэдгийг онцлов. Түүний хийсэн судалгаагаар Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг зөвхөн УИХ-аас хамгаалж байгаа гэнэ. 

Үндсэн хууль баталсан депутатууд энэ үеэр байр сууриа илэрхийллээ. Депутат Ч.Хурц “Үндсэн хууль өнөөдөр ямар болчихоод байна вэ гэдгийг ярих нь чухал болохоос тэгж баталж байсан гэх зэргээр дурсамжаа ярих нь нэг их чухал бус юм. УИХ өнөөдөр төрийн дээд байгууллага атлаа хяналтын системгүй боллоо. УИХ-ын гишүүд хуралдаа оролцохгүй байсан ч ямар ч хариуцлага тооцох зүйлгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч л улс орны хэмжээний бодлогын зүйл ярьж байхад УИХ, Засгийн газар нь сонсоогүй юм шиг сууж байдаг. Төрийн гурван өндөрлөг тус тусдаа үг хэлээд, хэн нь юу яриад байгаа нь мэдэгдэхгүй байна”  хэмээв.

Эдгээр хүмүүсийн хэлсэн үг, дэвшүүлсэн саналууд нь ардчилсан шинэ Үндсэн хуулийн талаар улс төр, хууль эрх зүйн хүрээнд ярилцсан үнэ цэнэтэй, эрхэм чухал хувь нэмэр болно гэдгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү хурлыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Тэрээр, Үндсэн хуулийг сахин биелүүлж хэрэгжүүлэх нь нэг, хоёр сарын ажил бус байнгын үргэлжлэх бүх нийтийн үйлс юм гэдгийг онцолсноор эрдэм шинжилгээний хурал өндөрлөв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж