“Шинэ Өндөрхаан” төслийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

“Шинэ Өндөрхаан” төслийг хэрэгжүүлнэ

Хэнтий аймгийн Өндөрхаан хот Зүүн бүсийн тулгуур төв хотоор батлагдсаны дагуу сүүлийн жилүүдэд хот байгуулалтын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж өдөр ирэх тусам хотын нүүр царай шинэчлэгдэн сайжирч байна.

Өндөрхаан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын хоймор хэсгийн 10 га газарт “Шинэ Өндөрхаан” төслийг хэрэгжүүлэх бодлогыг аймгийн Засаг дарга санаачлан дэвшүүлж, 2012 оны хавраас бүтээн байгуулалтын ажлууд эхлэхээр болж байна. Энэ төслийн хүрээнд Өндөрхаан хотод шинээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд “Шинэ Өндөрхаан” бичил хороолол сүндэрлэн босох аж. Аймгийн Засаг дарга “Шинэ Өндөрхаан” төслийг Өндөрхаан хотынхоо иргэдтэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд энэ төслөөр инженерийн шугам сүлжээ татах, хатуу хучилттай зам барих, иж бүрэн гэрэлтүүлэг, зам талбай байгуулах, мод цэцэг тарьж экологийн цэвэр орчин бүрдүүлэх, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд, орон сууцны хороолол байгуулах зэрэг бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Өндөрхаан хотын хоёр, гурав, тавдугаар багуудын нутагт иргэд гэр бүлийн хэрэгцээндээ зориулан өмчилж авсан газрын ашиглалт сайжирч, орчны чанар мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно.

И.Байгалмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж