”Гурилын үнийг нэмээгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

”Гурилын үнийг нэмээгүй”

Шатахууны үнэ өсч зарим өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гурил үйлдвэрлэгч, импортлогчдын дунд хурал зохион байгууллаа.

Уг хуралдааны талаар тус яамны Хүнсний үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалантай ярилцлаа.

-Гурил үйлдвэрлэгчдээс өнөөдрийн хуралд бүгд оролцож чадсан уу?

-Манайд гурил үйлдвэрлэдэг 73 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрээс үйл ажиллагаа нь тасралтгүй олон жил явагдсан, томоохонд тооцогдох үйлдвэрүүд болон импортоор оруулж ирдэг байгууллагуудын захирал хуралд оролцлоо.

-Шатахууны үнэ өссөнтэй холбоотой гурилын үнэ килограмм тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Та бүхэн мэдэж байгаа энэ жил ургац арвин гарч улаан буудайн нөөц хангалттай байгаа. “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-д ч улаан буудайн нөөц бий. Гурилын үнэ өнгөрсөн есдүгээр сард гаргасан үнээрээ байна. Шатахууны үнийг дагаад гурилын үнэ 100 төгрөгөөр өссөн гэдэг нь цэвэр наймаачдын л хийж байгаа ажил. Гурил үйлдвэрлэгчид үнэ нэмсэн асуудал байхгүй. Түүхий эд хангалттай байхад үнэ нэмэх үндэслэл байхгүй.

-Гурилын үнийг зохиомлоор нэмж байгаа талаар хийсэн судалгаа, шалгалт бий юу?

-Бид мэргэжилтнүүдээ гаргаж томоохон худалдааны төвүүдээр ажиллуулсан. Гурилын үйлдвэрүүдийн гэрээт болон албан ёсны борлуулах цэгүүд үнэ нэмсэн тохиолдол нэг ч гараагүй. Харин жижиглэнгээр зарж байгаа хувь хүмүүс 50-100 төгрөгөөр нэмж зарж байсан тохиолдол бий. Тиймээс хэрэглэгчид гэрээт, албан ёсны борлуулах цэгүүдээр үйлчлүүлэх хэрэгтэй.

-Гурил импротлогчдын хувьд үнэ нь тогтвортой байгаа юу?

-Импортоор гурил оруулж ирдэг байгууллагууд үнэ нэмэх биш харин ч сар шинийн баяр удахгүй болохтой холбоотой хэрэглэгчдэд урамшуулалт худалдаа явуулах талаар ярьж байсан.

-Зөвхөн гурил ч биш өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний үнэ баяр дөхөх тусам нэмэгддэг. Энэ талаар?

-Өргөн хэрэглээний барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Дээр хэлсэн хувь хүмүүс өөрсдөө зохиомлоор үнэ нэмэх нь их байна. Ер нь цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос хамгийн эрэлттэй байдаг. Цагаан будаа, ургамлын тосны үнэ ч харьцангуй тогтвортой байгаа. Дээр нь Монголдоо “Монгол алтан тос” нэртэй ургамлын тос үйлдвэрлэж эхлээд байна. Харин элсэн чихрийг бид импортоор авдаг учир үнэ нь нэмэгдвэл дагаад нэмэхээс өөр аргагүй.

Э.Майцэцэг

"Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж