“Ой хамгаалахад нөхөрлөл онцгой үүрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

“Ой хамгаалахад нөхөрлөл онцгой үүрэгтэй”

Хэнтий
аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөртэй
уулзаж, тус аймагт хэрэгжүүлсэн “Хамтын оролцооны ойн менежментийн
чадавхийг бэхжүүлэх” төслийн үр дүнгийн талаар ярилцлаа. Энэхүү төсөл нь
Хэнтий аймагт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжжээ.


-“Хамтын
оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөл хэрэгжээд дуусч
байгаа юм байна. Танай аймагт энэ төслийг ямар арга хэлбэрээр
хэрэгжүүлсэн талаар яриагаа эхлэх үү?

-НҮБ-ын Хүнс, хөдөө аж
ахуйн байгууллагаас хэрэгжүүлсэн хамтын оролцоотой ойн менежментийг
хөгжүүлэх төслийн хүрээнд манай аймгийн Биндэр, Дадал сумдад зургаан
нөхөрлөлийг загвар болгон хөгжүүлж, чадавхийг сайжруулах  чиглэлээр
сургалт явуулсан. Мөн ой бүхий найман сумын нөхөрлөлд бүх талын сургалт
хийлээ. Загвар байдлаар сонгосон нөхөрлөлүүд маань өнгөрсөн жил улсын
хэмжээнд чадавхиараа дээгүүр байрт орсон. Байгаль хамгаалах нөхөрлөл,
ойн санг гэрээгээр ашиглах нөхөрлөл гэсэн хоёр өөр төрөл байна. Хамтын
оролцоотой ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл нь ойн санг
гэрээгээр эзэмших  нөхөрлөлд чиглэсэн байгаа. Байгаль орчноо хэрхэн
хамгаалах, ойгоо нөхөн сэргээх ашиглах талаар мэдлэг мэдээлэл олгох,
туршлага солилцох нь  сургалтын зорилго байсан. 2007 онд Ойн тухай
хуулинд Ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөл гэсэн тодорхой заалт орж
ирснээр ой бүхий сумдад амьдарч байгаа нөхөрлөлүүдэд ойгоо давуу эрхээр
хамгаалах, эзэмших  эрх зүйн орчин бий болсон гэж хэлж болно. Манай
аймгийн хэмжээнд 2011 оны байдлаар  байгаль орчныг хамгаалах чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг 124 нөхөрлөл бий.  Үүнээс ойн санг гэрээгээр
эзэмших нөхөрлөл 100 гаруй байгаа. Эдгээрийн 40-өөд  нь ойн сангийн
зураглалаа гаргасан. Мөн төдий хэмжээний нөхөрлөлүүд ойн менежментийн
төлөвлөгөө боловсруулаад явж байна. Ойн менежментийн төлөвлөгөөг гурван
жилээр боловсруулдаг. Менежментийн төлөвлөгөөнд ойгоо хэрхэн хамгаалах,
эдийн засгийн чадавхиа хэрхэн нэмэгдүүлэх, ойгоо нөхөн сэргээх, ашиглах,
хяналт тавих, ойн цэвэрлэгээ хийх  зэрэг асуудлыг жил жилээр нь
төлөвлөж, хэрэгжүүлж байгаа. Ойн менежментийн  төлөвлөгөө боловсруулах,
хэрэгжүүлэх ажлыг энэхүү төслийн хүрээнд хийсэн.

-Төсөл хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд ойн нөхөрлөлүүдийн чадавхи,  байгаль орчныг хамгаалах ажилд ямар ахиц гарав?

-Төсөл
хэрэгжсэнээр ойн санг гэрээгээр эзэмшихэд юу шаардлагатай, ойг
гэрээгээр эзэмшсэнээр ямар ач холбогдолтой болохыг  малчид, нөхөрлөлийн
гишүүд нэлээд сайн ойлгосон байна.  2007 оноос хойш аймгийн хэмжээнд 
нөхөрлөлүүд олноор байгуулагдаж, хамтын оролцоо мэдэгдэхүйц сайжирсан нь
төслийн үр дүн. Энэ төслөөс гадна Дэлхийн байгаль хамгаалах сангийн
санхүүжилтээр хэрэгжиж байгаа Байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг
бууруулах төсөл Онон голын сав дагуух зургаан суманд хэрэгжиж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжиж байгаа төсөл нь Хамтын
оролцоотой ойн менежментийн төсөлтэй олон талаараа уялддаг.

-Ойн
санг гэрээгээр эзэмших нөхөрлөл байгуулахын ач холбогдол, чиг үүргийг
иргэдэд ойлгуулах  нь нэлээд хугацаа шаардсан ажил. Энэ төслийг
хэрэгжүүлэх ажилд танай газар хэрхэн  хамтран ажилласан бэ?

-Нөхөрлөл
байгуулахын үр ашгийг ойлгуулах нь хамгийн эхний алхам. Энэ ойлголт
иргэдэд хүрч байж, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа жигд, зөв болох юм. Ойн
санг гэрээгээр эзэмшинэ гэдэг ямар ач тустай, хэнд хэрэгтэй болохыг
ойлгохгүйгээр нөхөрлөл үйл ажиллагаа явуулахад хүнд л дээ. Тиймээс
сургалт явуулахаас гадна  орон нутгийн байгаль хамгаалагч, улсын
байцаагч, тамгын газрын даргатай төрийн байгууллагын алба хаагчдад энэ
сургалтыг давхар явуулдаг. Нөхөрлөлийн менежментийг хэрхэн боловсруулах
талаар тэдэнд сургалт явуулснаар цаашдаа бие дааж, нөхөрлөлүүдэд сургалт
явуулах боломж бүрдэж байгаа юм. Энэ талын сургалтыг ойн хээрийн бүсийн
сумдаас гадна тал хээрийн бүсийн сумдад ч хийнэ. Төсөл  дууссан ч гэсэн
төслийн хүрээнд явуулсан сургалтад хамрагдсан орон нутгийн удирдлага,
энэ чиглэлээр ажилладаг хүмүүс нөхөрлөлүүдтэй ажиллахад илүү дөхөм
болно  гэсэн үг.

-Хэнтий аймгийн ойн сан онцлогтой. Цэвэр 
усны хагалбар газар ч гэж ярьдаг. Ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөлүүд
байгуулагдсанаар бодит үр дүн харагдаж байна уу?

-Манай
аймаг найман сая орчим га нутаг дэвсгэртэй. Үүнээс 1.7 сая га нь ойн сан
бүхий газарт хамаардаг. Үүний 20 гаруй хувийг ойн нөхөрлөлүүд гэрээгээр
эзэишиж байна. Ой хээрийн түймэр, хортон шавьж гээд ойн санд сөргөөр
нөлөөлөх хүчин зүйлс олон. Төсөл хэрэгжсэнээр 100 хувь биш гэхэд
тодорхой хэмжээгээр багассан. Үүнээс гадна аймгийн хэмжээний ойн сан
бүхий газрыг улсын тусгай хамгаалалттай газар эзэлдэг. Нөхөрлөлүүд
тусгай хамгаалалттай газарт байрлах ойн санг гэрээгээр эзэмших асуудал
одооноос яригдаж байна.  Өнөөдрийн байдлаар  улсын тусгай хамгаалалттай
ойн сангаас гадна үлдсэн ойг эзэмшиж, хамгаалах  чиглэлээр нөхөрлөлүүд
байгуулагдаж байгаа. Гадна байгаа ойн сангийн ихэнх хувийг нөхөрлөлүүд
эзэмшсэн. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах
ойн санг гэрээгээр эзэмших сонирхолтой нөхөрлөл ч олон. Өмнө нь улсын
байцаагч, байгаль хамгаалагч ойн түймэр, хулгайн мод зэрэгтэй тэмцдэг
байсан нь учир дутагдалтай. Тэр хүмүүс сум, баг бүрт хяналт  тавьж
ажиллаж чадахгүй. Хулгайн  модноос хамгаалах ажлыг  ойгоо даган амьдарч 
байгаа нөхөрлөлүүд хийвэл илүү үр дүнтэй.

-Нөхөрлөлүүд ойгоо
хамгаалах ёстой, хамгаалсныхаа хэрээр үр шимийг нь хүртэх ёстой гэдэг
ойлголттой болжээ. Одоо харин эдийн засгийн чадавхиа яаж нэмэгдүүлэх вэ
гэдэг асуудал гарч ирж байна. Эргээд ашиг хүртэх чадавхиа нэмэгдүүлэх
боломж хэр байна вэ?

-Нөхөрлөлүүдийн чадавхийг нэмэгдүүлэх
асуудал яах аргагүй чухал. Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
НХХЯ-наас хамтраад ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлүүдэд ойн
цэвэрлэгээ  хийх ажлыг санаачилж, дэмжсэн. Энэ жил Бигэр суманд гэхэд
105 га ойг нөхөрлөлүүд өөрсдөө цэвэрлэж, тэндээс гарсан модыг хэрэглэх,
худалдах боломж  нь нээлттэй боллоо. Энэ бол нөхөрлөлүүдийн чадавхи
сайжрах нэг алхам. Мөн уг ажилд нэг нөхөрлөлөөс дунджаар 40-өөд хүн
хамрагдсан гэсэн судалгаа бий. Эдгээр хүмүүс түр ажлын байраар
хангагдаж, тодорхой хэмжээний цалин авсан. Хэдийгээр ойг ашиглах бус
зөвхөн цэвэрлэх ажлыг явуулж  байгаа  ч унанги болон хэрэггүй модыг
цэвэрлэснээр ойн түймэр газар авахаас сэргийлэх, шинэ залуу мод ургах 
нөхцөл бүрдэх олон сайн талтай. Нөхөрлөл өөрсдөө хэрэглээний мод бэлтгэх
эрх байхгүй. Энэ ажлыг мэргэжлийн байгууллагууд хийдэг. Ойг цэвэрлэх
замаар бэлтгэсэн модыг худалдаалах, эргэлтэд оруулах эрх бол бий. Шууд
давуу эрхээр хэрэглээний мод бэлтгэх эрх байж болохгүй. Одоогоор ойг
цэвэрлэх ажил нь нөхөрлөлийн хамгийн эхлээд хийж болох энгийн ажил. Ойд
их хэмжээний унанги мод байх нь ойн түймрийн унтраахад маш их
хүндрэлтэй,богино хугацаанд түймэр газар авах аюултай.

-Нөхөрлөлүүд
эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх чиглэлээр бичил зээл авах
сонирхолтой байдаг юм билээ. Энэ тал дээр боломж байдаг уу?

-Зээл
тусламжийн  асуудал бол энэ төсөлд тусгагдаагүй. Харин Дэлхийн  байгаль
хамгаалах сангийн нөхөрлөлүүдийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд
бол бага хэмжээний санхүүжилт олгосон байгаа. Энэ хоёр төслийн зорилго,
чиг үүрэг нь өөр л дөө. НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлсэн төсөл бол зээл
тусламж олгох асуудалд бус ойг хамгаалах, ойгоос ашиг хүртэх
зорилготой.  Ер нь цаашдаа нөхөрлөлүүдэд бага хэмжээний санхүүжилт, зээл
олгох  асуудал өөр төсөл хөтөлбөрийн хүрээнд  хийгдэх боломж байгаа 
гэж бодож  байна. Нөгөө талаар аймгийн хэмжээнд хэрэгжиж буй бусад төсөл
хөтөлбөрт хамрагдаж, зээл тусламж авах эрх нээлттэй шүү дээ.

-Аймгийн
хэмжээнд 120 гаруй нөхөрлөл  байгуулагдсан гэдэг бол чамлахааргүй тоо.
Харин үйл ажиллагаа нь жигдэрсэн, чадавхижсан нөхөрлөлүүд хэдэн хувийг
эзэлж байна вэ?

-Нөхөрлөл  нэрээр байгуулагдсан бүхэн нь
идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байна. Олонх нь шинээр байгуулагдсан
нөхөрлөлүүд. Нийтдээ 120 гаруй нөхөрлөлөөс 40-50 нь тогтмол, идэвхтэй
ажиллаж байна. Эдгээрээс төслийн хүрээнд загвар нөхөрлөл болгон сонгосон
нөхөрлөлүүд илүү идэвхтэй ажилладаг. Загвар нөхөрлөлүүд шинээр
байгуулагдсан нөхөрлөлийн гишүүдэд сургалт явуулах, санал бодлоо
солилцох чадвартай болсон. Загвар нөхөрлөл болгож сонгосон нь учиртай.
Энэ төсөл  хэрэгжээд дуусахад загвар зургаан нөхөрлөл нь бусад
нөхөрлөлдөө үлгэр жишээ болох учиртай.

-Нөхөрлөлүүд ойгоос
ямар ашиг хүртэж болох вэ гэдгийг сонгоод тэр чиглэлээрээ ажилладаг
гэсэн. Ер нь ойгоос ямар ашиг хүртэх боломжтой гэж нөхөрлөлүүд үзэж
байна вэ?

-Ой бүхий сумдуудад мониторинг хийлээ. Үүгээр
нөхөрлөлүүдэд тулгамдаж буй бэрхшээл  юу байна, цаашид ямар үйл
ажиллагаа явуулах нь нөхөрлөлд ашигтай байна гэдэг чиглэлээр хойд талын
долоон сумдыг хамарсан судалгаа хийлээ. Судалгаа  хийх үеэрээ 
нөхөрлөлүүдийн хийсэн ажлыг сонсч,  2012 онд ямар ажил хийхээр
төлөвснийг сонирхож, газар дээрээс нь бодитоор харлаа. Нөхөрлөл  бол
сайн дурын үндсэн дээр байгуулагдаж, өөрсдийн амьдарч  байгаа байгаль
орчин, ой модоо хамгаалах чиглэлд ажилладаг. Нөхөрлөлөө байгуулаад, ойн
сангийн заагаа тогтоогоод, эзэмших ой дотроо зураглал хийдэг. Тухайн
нөхөрлөлийн гэрээгээр эзэмших ой ямар бүтэцтэй, ямар онцлогтой, хэдэн
төрлийн модтой, насжилт нь ямар вэ гэдгийг мэргэжлийн байгууллага
нарийвчлан гаргаж өгдөг. Нөхөрлөлийн гишүүд үүний дараа ямар чиглэлээр
ажиллаж болох талаараа санал, санаачилга гаргаж, төлөвлөгөө
боловсруулдаг.

-Хэнтий аймгийн ой хэд хэдэн голыг тэтгэдэг.
Ойдоо анхаарал тавих, хамгаалах, эзэнтэй байлгах нь нэн тэргүүний
асуудал. Ойгоо хамгаалах асуудлаар аймгийн удирдлага, мэргэжлийн
байгууллагын зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Тал
хээрийн аймгуудтай харьцуулахад манай аймаг ойн сан ихтэй. Үүнийгээ
дагаад усан сан бүхий газар багагүй хувийг эзэлдэг. Саяхан энэ чиглэлээр
тооллого хийсэн. 500 орчим гадаргын ус, Онон, Хэрлэн, Туул голын сав
газрын ай савд манай аймаг хамаардаг. Аймгаас ойн санг нөхөрлөлүүдэд
гэрээгээр эзэмших асуудлыг дэмжих асуудлыг бодлогын төвшинд авч үзэж
байгаа. Мөн ойжуулалтын ажлыг усны сан бүхий эх газарт эхний ээлжинд
хийх ажил хийж байна. Ой хээрийн түймрээс хамгаалах чиглэлээр 2006 оноос
хойш хил дамнасан ой хээрийн түймрээс сэргийлэх ажилд анхаарал хандуулж
ирлээ. Энэ хүрээнд Биндэр, Дадал  сумдын хилийн зурвас нутагт түлхүү
нөхөрлөл  байгууллаа. Өнгөрсөн жил улсын хэмжээнд зарласан ойн түймэртэй
тэмцэх чиглэлээр  хийсэн ажлын үр дүнгээрээ шалгарсан нь бидний ажлын
үр дүн. Хэдийгээр ойн түймэр гарах эрчим өндөртэй аймагт хамаардаг. Усны
сан бүхий газарт урт нэртэй хуулийн хүрээнд хамаардаг газруудад анхаарч
байна. Аймгийн хэмжээнд ашигт малтмал хайх олборлох 68 тусгай
зөвшөөрөлтэй компани байсан. Одоогийн байдлаар урт нэртэй хуульд
хамаарах газарт хамаарах компаниудын үйл ажиллагаа зогссон. Хамгийн
чухал нь ойн сан, усан сангийн энгийн хамгаалалтын бүс, онцгой
хамгаалалтын бүсийг тогтоосон.

-Эцэст нь, төслийн үр дүнг дүгнэж хэлнэ үү?

-Энэ
төсөл хэрэгжсэнээр  нөхөрлөлийн талаарх ойлголт  хүн бүрт хүрч,
иргэдийн  ойгоо хамгаалах идэвх илт сайжирлаа. Боловсруулж байгаа бичиг
баримтууд нь шаардлагад нийцсэн, боловсронгуй болсон нь харагдлаа.
Ялангуяа төслийн хүрээнд сонгож авсан загвар нөхөрлөлүүдийн үйл
ажиллагаа, чадавхи нэмэгджээ. Төсөл хэрэгжээд дууссан ч цаашид загвар
байдлаараа ажиллах бүрэн боломжтой болсон байна. Энэ дашрамд дуулгахад,
энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо болох зөвлөгөөнд манай аймгийн ойн
нөхөрлөлүүд оролцох юм. Төслийн хэмжээнд байгуулагдсан нөхөрлөлийн
гишүүд, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар,
төслийн зохицуулагчид дөрвөн жилийн хугацаанд хийсэн төслийн үр дүнгээ
танилцуулах юм. Энэ үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж