Есөн орны зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

Есөн орны зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Standard & Poor"s олон улсын байгууллага Европын есөн орны зээлжих зэрэглэлийг бууруулсан байна. Баасан гаригийн орой гаргасан албан ёсны мэдээллээр Франц, Австри улсууд ААА дээд зэрэглэлийн зээлжих эрхээ хасуулж, АА+ зэрэглэлтэй болсон байна. Түүнчлэн Мальта улс А зэрэглэлээс А-, Словак улс А+ зэрэглэлээс А, Словени АА- зэрэглэлээс А+ хүртэл тус тус нэг шатаар буурсан юм. Харин Кипр улсын зээлжих ВВВ зэрэглэл ВВ+ хүртэл хоёр шатаар, Италийн А зэрэглэл ВВВ+, Португалийн ВВВ- зэрэглэл ВВ, Испанийн АА зэрэглэл А хүртэл тус бүр хоёр шатаар буурчээ. Харин Бельги улсын АА, Эстонийн АА-, Финляндын ААА, Германы ААА, Ирландын ВВВ+, Люксембургийн ААА болон Нидерландын ААА зэрэглэл өөрчлөгдөөгүй байна.

Урьдчилсан тооцоогоор зээлжих зэрэглэл нь буурсан дээрх улсуудын болон Бельги, Эстони, Финлянд, Ирланд Люксембург, Нидерланд улсуудын зэрэглэл энэ онд болон ирэх онд дахин буурах магадлал бүхий сөрөг үзүүлэлттэй гарч байгаа юм. Харин Герман болон Словакийн зэрэглэл тогтвортой байх хандлагатай байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Standard & Poor"s Европын 15 орны зээлжих зэрэглэлийг бууруулах урьдчилсан тооцоо хийсэн бөгөөд өндөр зэрэглэлтэй Герман, Франц, Нидерланд, Австри, Финлянд болон Люксембург зэрэг орны зэрэглэлийг дахин нягталж үзсэн юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын зээлжих зэрэглэл нэг шатаар буурсан нь төсвийн алдагдал болон улсын өрийн асуудалтай холбоотой байсан билээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж