“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.14-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэгдэв

Эмхтгэлийн шинэ дугаарт Статистикийн үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Хөтөлбөр нь Монгол Улсын статистикийн салбарыг  хөгжүүлэх зорилт, бодлого, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт, санхүүжилт болон хүрэх үр дүнг тодорхойлоход оршиж байгаа аж.  Түүнчлэн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох шуурхай, үнэн бодитой тоо мэдээлэл, статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага  болон бусад хэрэглэгчийг хангахад чиглэгдэж байгаа юм байна.  

Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд  статистикийн тогтолцоог бэхжүүлэх, аргачлал, ангилал, шинжилгээ, судалгааг төгөлдөржүүлэх, үндэсний тооцооны системийг нэвтрүүлэх, салбарын статистикийг хөгжүүлэх, мэдээлэл,  харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авч уг хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх юм байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Уг тогтоолоор аймаг тус бүрийг сонгуулийн нэг тойрог, нийслэлийг сонгуулийн зургаан тойрог болгож, УИХ-ын сонгуулийн 26 тойрог байгуулсан байна. Сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрд ногдох УИХ-ын гишүүний мандатын тооны талаарх мэдээллийг эмхтгэлд нийтлэгдсэн тогтоолын хавсралтаас авах боломжтой.

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай, Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Агнуурын зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журмыг баталсан Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Агнуурын зохион байгуулалтын төрөл, агнуурын зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг, зохион байгуулалтын ажилтай холбоотой нарийн мэдээллийг зөвхөн "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн хуудаснаас авах болно.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Үндэсний хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг мөн нийтлэв. Үндэсний статистикийн хорооноос 2006-2007 онд явуулсан "Монголын хүүхдийн хөдөлмөрийн  судалгааны тайлан"-гаас үзэхэд Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 11,5 хувь буюу 71330 хүүхэд ажил эрхэлж байгаа аж. Хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин 2002-2003 оны байдлаар 10,1 хувь  байснаа  2006-2007 онд   11,5 хувьд хүрч өссөн байна. Ажил эрхэлж байгаа хүүхдийн 88,9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байна. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 89,5 хувь нь өрхийн бизнесийн үйл ажиллагаанд цалин хөлсгүйгээр оролцогч, 8,8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1,6 хувь нь зохих цалин хөлстэй оролцогч хэлбэрээр ажил эрхэлж буй аж. Мөн нийт ажил  эрхэлж байгаа хүүхдийн 16,0 хувь буюу 11400 орчим хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөл бүхий ажлын байранд ажиллаж байна гэсэн тоо байна.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үйл ажиллагааг бүх хүүхдэд чанартай суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт болон өрхийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа аж. Дээрх нөхцөл, байдлыг үндэслэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах Үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ. Уг хөтөлбөрийг эмхтгэл бүрэн эхээр нь нийтлэв.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын  3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэллээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж