Аваргын төлөөх тоглолт шинэ ордонд болно

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Аваргын төлөөх тоглолт шинэ ордонд болно

“TLG-13” Төрийн бус байгууллага, “MCS Coca-Cola” компани хамтран зохион байгуулдаг Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөөх тоглолтууд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд нэгдүгээр сарын 18, 19-нд болно. Тодруулбал, энэ сарын 18-нд 18.00 цагаас, 19-нд 19.30 цагаас аваргын төлөөх тоглолтууд эхлэх юм.

Спрайт хөгжлийн лигийн 2011-2012 оны улирлын аваргын төлөө өнгөрсөн жилийн аварга ДХИС-ийн “CRM Шонхрууд” болон “Танан Импекс” багууд тоглоно. Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Хасын хүлгүүд” багийн довтлогч О.Ууганбаярыг эгнээндээ нэгтгээд байсан “Танан Импекс” ирэх хоёрдугаар сарын 3-нд эхлэх Спрайт супер лигт тоглохдоо дээд лигийн Г.Ихбаяр, Б.Мөнхболд нарыг багтаа элсүүлэхээр тохиролцсон гэнэ.

Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөөх цувралд түрүүлж хоёр ялалт авсан баг нь аваргын цом өргөнө. Аваргын цомыг таван сая төгрөг дагалдахаас гадна Спрайт лигийг төлөөлж, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Энэ жилийн Спрайт хөгжлийн лигт нийт 48 баг өрсөлдсөнөөс хүрэл медалийн төлөө “Эрдэнэдрийлинг RIGS” болон “УБЦТС” компанийн багууд өрсөлдөхөөр шалгараад буй. Хүрэл медалийн төлөөх тоглолт энэ сарын 19-ний 18.00 цагт эхэлнэ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “TLG-13” ТББ-ын хэрэгжүүлэгчээр нь ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Мөрөөдлийн баг” төслийн нэгдүгээр үе шат өндөрлөж, хоёрдугаар шат эхэлж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 264 мянган сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээн гурван насны ангиллаар, дөрвөн үе шаттайгаар үргэлжлэх юм. Тэмцээний 8-11 насны аварга багийг АНУ-д, 12-15 насны аварга багийг Сахагийн хүүхдийн наадамд, харин 15-18 насны ангилалд түрүүлсэн багийг ОХУ-ын нэрт тамирчин Сергей Беловын нэрэмжит “КЭС Баскетбол” тэмцээнд оролцуулах ажээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж