“Моннис”, “Өег” багууд аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Моннис”, “Өег” багууд аваргын төлөө тоглоно

Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит 2011-2012 оны Үндэсний лигийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээний финалын тоглолтод өрсөлдөх багууд өчигдөр тодорлоо. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн лигийн тоглолтод “Баянхонгор” баруун бүс, “Төмөр транс”, “АПУ”, “Бласт” болон  “Грандфин”, “Петровис”, “Моннис”, “Өег” гэсэн найман баг өрсөлдсөнөөс “Моннис”, “Грандфин”, “Өег”, “Бласт” багууд хагас шигшээ шалгараад байсан юм. Улмаар хагас шигшээгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, “Моннис” болон “Өег” багууд аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

“Моннис” багийн тухайд “Бласт” багийг 5:2, 5:2 харьцаатай, харин “Өег” баг “Грандфин”-ийг 5:4, 5:4 харьцаагаар буулган авчээ. Ингэснээр хүрэл медалийн төлөө “Бласт” ба “Грандфин” багууд өрсөлдөх юм.

Лигийн медалийн төлөөх тоглолтууд ирэх баасан гариг буюу нэгдүгээр сарын 20-нд “Оч” теннисний клубт эхлэх бөгөөд түрүүлж хоёр хожсон баг аваргын цом хүртэх юм.

Ингээд лигийн тоглолтын нэг бүрчлэнгийн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг танилцуулья. Эрэгтэйчүүдийг Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийг Б.Батхишиг нар тэргүүллээ. 


Эрэгтэй:

  1. Э.Лхагвасүрэн “Моннис”
  2. З.Төрболд “Грандфин”
  3. Б.Баатарсүрэн “Моннис”
  4. Л.Алтантулга “Өег”
  5. Н.Энхсайхан “Төмөртранс”

Эмэгтэй:

  1. Б.Батхишиг “Моннис”
  2. Ч.Номин-Эрдэнэ “Грандфин”
  3. М.Баярмаа “Бласт”
  4. Б.Эрдэнэ-Сувд “Баянхонгор”
  5. Б.Энхжин “Петровис” нар шалгарлаа. 


Тэмцээний үеэр “Моннис” багийн тамирчин, улсын зургаан удаагийн аварга, ОУХМ Б.Батхишигтэй уулзлаа.


-2011-2012 оны Үндэсний лигийн аварга шалгаруулах VI тэмцээний онцлог нь юу байв?

-Энэ жилийн хувьд лигийн тоглолтод хөвгүүдийг оруулсан нь их онцлог болсон. Учир нь өнгөрсөн жил охидыг оруулж тэдний тоглолт эрс сайжирсан. Иймээс залуучуудаа дэмжих үүднээс хөвгүүдийг багийн тоглолтод оруулснаараа онцлогтой байсан.

-Танай баг энэ жилийн аваргын төлөө тоглохоор боллоо?

-Манай багийн хувьд нэгдүгээр тойрогт нэгээр,  хоёрдугаар тойрогт хоёроор гарч ирсэн. Багийн гишүүдийн хувьд 2008 оны улсын аварга Э.Лхагвасүрэн, дэд мастер Б.Баатарсүрэн, залуу тамирчин Г.Индра, Чулуудай, Мөнхжин нар тоглож байгаа. Багийн хувьд эрэгтэй нэг бүрчлэнгийн шилдэгт Э.Лхагвасүрэн, Б.Баатарсүрэн нар шалгарлаа.

-Өрсөлдөгч “Өег” багийн тухайд?

-Улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Л.Алтантулгаар ахлуулсан “Өег” багийн хувьд өнгөрсөн жилийн аварга багийг хожиж шигшээд гарч ирсэн болохоор үнэхээр сайн баг. Тиймээс финалын тоглолтууд улам өрсөлдөөнтэй болох байх.

-Өөрөө эмэгтэйчүүдийн нэг бүрчлэнгийн аварга боллоо. Мөн “Бласт” багийн залуу тамирчинтай сая тоглолоо. Өрсөлдөөнтэй тоглолт боллоо?

-Тийм ээ, энэ жил өрсөлдөгч нар их хүчтэй байна. Ялангуяа залуу тамирчид. “Бласт” багийн залуу тамирчны хувьд нэлээд хүчтэй байгааг та анзаарсан байх. Иймээс лигийн тоглолтын нэг онцлог бол залуу тамирчдаа дэмжиж байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Тоглолт бүр сонирхолтой өрнөж байгаа. Өнгөрсөн жилийн аварга “Грандфин” баг хүрлийн төлөө тоглохоор болсон бол мөн дэд аварга “АПУ” баг хагас шигшээд шалгарч чадаагүй нь тэмцээн улам өрсөлдөөнтэй болж байгааг харуулж байна.

-Дараагийн тэмцээний хувьд?

-Ирэх сараас бүх ард түмний спортын наадмын ширээний теннисний тэмцээн эхэлнэ. Тэндээс шалгарсан эхний гурван тамирчин лигийн тоглолтын шилдэг тавтай нэгдэн гуравдугаар сард болох багийн ДАШТ-д оролцох болно.

-Багийн ДАШТ-ий талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Энэ жил эмэгтэй баг Д зоноос С зон руу шилжин тоглож байгаа. Тиймээс бид чансаагаа улам ахиулахын төлөө тоглох болно.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж