“Манайд хүчтэй хэлний засаглал хэрэгтэй байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Манайд хүчтэй хэлний засаглал хэрэгтэй байна”

Тавин мянган үгийг монгол ба кириллээр хадмалдаж гаргасан Монгол хэлний хадмал толь бичиг өнгөрөгч оны 12 дугаар сарын 26-нд  “Интер” номын дэлгүүрт   нээлтээ хийсэн билээ. Уг толь бичгийг МУИС-ийн Эх бичиг судлалын тэнхимээс эрхлэн,  МУ-ын гавьяат багш, профессор Ш.Чоймаа (Sc.D), багш М.Баярсайхан (Ph.D), С.Батхишиг (Ph.D), Э.Мөнх-Учрал (Ph.D) нар хамтран гаргасан ажээ. Ингхэдээ Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II, Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхийлөгчийн 2010 оны 5 сарын 21-ний өдрийн зарлигийг дагуу “Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн байна. Энэхүү толь бичгийн талаар МУИС-ийн Эх бичиг судлалын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баярсайхантай ярилцлаа.

-Энэхүү толь бичиг өмнө гарч байсан бүтээлүүдээс юугаараа онцлог болж чадсан бэ. Бүтэц агуулгыг тодорхойлбол?

-Урьд y, гавьяат багш Чой.Лувсанжав, профессор удирдан Г.Гантогтох, Л.Дармабал нарын хамт Монгол бичгийн хадмал толийг зохион хэвлүүлсэн. Энэ толь нь 34448 толгой үгтэй бөгөөд монгол бичгээ сурч, ашиглахад тун өгөөжтэй байрын хажуугаар сургалтад их үүрэг гүйцэтгэж ирлээ. Хэдэнтээ хэвлэгдсэн ч одоо ховор болжээ. Мөн 1987 онд Өвөр Монголд Галсанпунцаг 24800 орчим толгой үгтэй “Шинэ үсгийн дүрмийн хадмал толь”-ийг найруулан гаргаж байсан. Энэ удаа бид толь бичигтээ нийт 50 мянга орчим толгой үгийг кирил ба монгол бичгээр хадмалдаж, товч тайлбар, тодруулга хийлээ. Толийн үндсэн хэсгийн ард нэр ба үйл үгийн үндэс хувилах загварыг оруулж, хавсралтад Монгол улсын засаг захиргааны нэгжийн оноосон нэр, Монгол орны газар усны нэр, монголчуудын овгийн нэр, хүний нэр, дэлхийн улсууд, тэдгээрийн нийслэл, төрийн хэл, үндэсний мөнгөн тэмдэгтийн нэрсийг багтаасан юм. Бид өнөөг хүртэл дотоод гадаадад гарсан, уламжлалт ба орчин үеийн голлох толь бичгүүдийг нэг нэгэнгүй үзэж,  үгсийн бичлэг, тайлбарыг  харгуулан тулгаж нягталсны үндсэнд энэ толь бичгийг хийсэн. Буруу үүссэн үгийг монгол хэлний үгийн сангаас шахаж гаргах ёстой. Монгол үг нь байсаар атал, оронд нь харь үг хэрэглэхээс татгалзвал зохино. Тиймээс бид монгол хэлний зүйд үл нийцсэн буруу үүсмэл үг, нийтийн тольд байх шаардлагагүй нэр томьёо, монгол хэлний үгийн санд оруулж тооцомгүй гадаад хэлний үг зэргийг хасаж танасаар анх хуримтлуулсан толгой үгийнхээ бараг тал хувийг нь “заазлаж”, таван түмэн үгтэй үлдсэн дээ.

-Өнөө цагт монгол хэлний дүрэм олон тийш холбирох болж. Толь бичгийг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ямар дүрмэн дээр тулгуурлан бүтээсэн  бэ. Залруулгын тухайд цогц шийдэл гарч ирсэн байх?

-Кирил үсгийн бичлэгт академич Ц.Дамдинсүрэн гуайн боловсруулсан үсгийн дүрэм, “Үсгийн дүрмийн толь”-ийг баримталлаа. Мөн 2011 оны 10 дугаар сард Монгол улсын Төрийн хэлний зөвлөлийн тогтоосон “Кирил бичгийн бичлэгийн стандарт” –ыг тусгасан болно. Монгол бичгийн тухайд, толь бичгүүдэд зөрүүтэй бичсэн үгсийг бүтэц, гарлыг нь шинжлэн магадласны үндсэнд жигдэлсэн. Дуудлага дагуулсан, үгийн бүтцийн хувьд буруу бичлэг монгол бичгийн толиудад хэвшиж байсныг үгийн бүтцийг нь зөв сэргээн залруулахыг оролдлоо. Жишээ нь: Хорхой гэдгээс хорхойх, бөөс гэдгээс бөөсөх гэж үгийн хэлбэр үүсэхгүй. Хорхойтой болохыг хорхойтох, бөөстэй болохыг бөөстөх л гэдэг. Гэтэл кирил ба монгол бичгийн толиудад аль алинд нь өттэй болохыг “өтөх” гэж бичиж хэвшжээ. Зүй нь “өттөх” гэвэл таарах тул, бид ямар ч байсан монгол бичгээр “өтүтүхү” хэмээн бичихээр тусгасан.  Энэ мэт залруулахыг хичээсэн зүйл цөөнгүй бий.

-Зарим толь бичигт үгсийн тайлбар байх ч мөн л ойлгомжгүй үг тааралдах нь бий. Тэгэхээр толь бичиг эргүүлсэн үр ашиг гарахгүй, түүнээс илүү эргэлзээтэй байдалд ордог. Энэ тухайд хэрхэн шийдсэн бэ?

-Түрүүнд гарсан хадмал толиудад голдуу ижил бичлэгтэй үгс, хүн эргэлзэж мэдэх цөөн үгэнд ойролцоо утгат үг, холбож хэлэх үгээр нь тодруулга хийсэн байдаг. Толь бичиг бол лавлагааны чухал хэрэглэгдэхүүн. Аль ч насны, ямар ч мэдлэг боловсролтой хүн толь бичиг ашиглаж болно. Өргөн хэрэглээний бус үгсийн дотор кирил ба монголоор нь уншаад ч энэ юу билээ гэх зүйл бишгүй л таарна. Цааш утгыг нь мэдэхийн тулд дахиж өөр толь эргүүлэх шаардлага гардаг. Ихэнх нь залхуураад эсвэл бололцооноосоо болоод лавлахгүй, тэгэсхийгээд орхичихдог. Бид нийт өргөн олонд зориулан ашиглахад амар хялбар, тодорхой ойлгомжтой, ямар нэг мухардалд орохгүй байхаар толилохыг хичээж, бүх толгой үгэндээ товч тайлбар буюу тодруулга хийж өгсөн. Ингэж толийн хэрэглээг нэмснээр ашиглахад ч дөхөм хөнгөн болсон гэж бодож байна. Гол нь толийг үзэх хүний эх хэлний мэдлэг боловсролд тус нэмэр болох юмсан гэж санасан юм аа. Жишээ нь, төвөг – түвэг хэмээн хоёр янзаар бичиж байсан үгийг дээр дурдсан стандартын дагуу “түвэг” гэж бичихээр оруулсан. Анхааран үзсэн хүнд орчмоос нь түвэх гэдэг үйл үгийг олж харах амархан. Тэгвэл, “тохиолдох, учрах” гэсэн утгатай тэр түвэх гэдэг үгээс “тохиолдсон саад, бэрхшээл” гэсэн утгаар түвэг гэдэг үг үүссэнийг ойлгож авна. Ингээд төвөг биш түвэг гэж бичвэл зөв болохыг мэдээд авах юм.

-Эх хэлний нийтээр даган мөрдөхөд мөрдлөг бүхий толь бичгийн ач холбогдол, зорилго, цар хүрээг авч үзвэл үлэмж их байх?

-Өнөөдөр зөв бичих зүйн алдаа гаргах нь хэвийн үзэгдэл болж, улам бүр даамжирсаар байна. Үүнд янз бүрийн хүчин зүйл шалтгаалж байгаа. Үндэсний үзэл жинхэнэ зүйгээрээ хэрэгжихгүй, хоосон санаа сүржигнэл төдий байна. Хэл бичгээс аваад өөрийн үндэсний гэсэн юмаа хайрлах хичээл зүтгэл дутаж байна. Сайн ярьдаг боловч, түүнийгээ дор бүрнээ хэрэгжүүлье гэж хичээдэггүй.  Бичиж байгаа хүн бичсэндээ эзэн байж чаддаг, хэвлэж эрхэлж байгаа газрын хяналт ч хариуцлагатай байх ёстой. Ялангуяа хүүхдэд зориулсан номд зөв бичих зүйн алдаа орохоос бусад улс орон машид сэргэмжилдэг ажээ. Гэтэл манайд арай бага алддаг нь тэр сонин, тэр сэтгүүл гэж ярихаас биш алдаагүй бичдэг сонин хэвлэл гэж алга байна. Нэг хүн дур зоргоор бичвэл, цаанаа хэд хэдэн хүнийг бас л эмх замбараагүй, салан задгай байдалд уруу татна. Манайд хүчтэй хэлний засаглал хэрэгтэй байна, бидэнд ч хэл бичгээ хайрлах сэтгэл дутагдаж байна.

Бид эх хэлний мэдрэмжээ дээшлүүлье, хэлнийхээ дархлааг зохих хэмжээнд нь барья, уугуул монгол хэлнийхээ сэтгэлгээг авч үлдэе, монгол бичгийн хэлний яруу тансагийг бахдая гэж бодвол монгол хэлний онцлогийг оновчтой тусгасан үндэсний монгол бичгээ боломжийн хирээр сурахыг эрмэлзэх ёстой.

 Бидний хүүхдүүд, дүү нар маань гэлтгүй томчуул ч гэсэн үгийн баялаг тааруу, ичмээр байгаагаа ив илхэн мэдэцгээж байгаа. Соёлын талаар өөрсдөө колоничлогдох сэтгэлгээнд автаад, ихэнх пүүс бизнесийн байгууллага гадаад нэртэй болсон. Хотын нийтийн бие засах газрыг хүртэл “City toilet” хэмээн хариар нэрлэж байна. Чухамдаа даяаршуулж болохгүй зүйл бол монгол хэл, монгол бичиг, монгол соёл биш үү. А үсгээр амлахаас нь эхлээд гадаад хэлний сургалттай сургуульд явуулсан багачуул тулга тойрсон өдөр тутмын үгээс цааш монголоор ойлгох, ярих чадвар муу байна. Иймэрхүү бүтэлгүй юмыг цааш тоочвол их зүйл бий. Эх хэлээ эвдэхгүй байхыг Монголын иргэн бүр мөнхийн үүрэг, хариуцлагаа гэж ухамсарлаасай. Энэ  толийг кирил ба монгол бичгээрээ зөв бичье, монгол бичгээ сурья, эх хэлнийхээ мэдлэгийг бага ч болов дээшлүүлье гэсэн хэнд ч болов, хэрэг болоосой хэмээн тусыг санаж бэлтгэсэн юм аа. Сэтгэл байвал өдөр өдөр цөөн ч гэсэн үгийг зөв бичиж, ганц хоёр гэлтгүй үг мэдэж авахад нэг их цаг зав орохгүй шүү дээ. Бичсэн үгээ эргэлзэж байвал, залхууралгүй тольдоод зөв буруугаа хяначихаад байвал эргээд мартахгүй. Нэгнийхээ буруу бичсэнийг засаад өгөхөд, бас л нэг буяны өглөг болно доо.

-Энэхүү толь бичгийг хаагуур худалдаалж байгаа вэ. Аль газарт хүргэвэл ашиг тусаа илүү өгөх бол?

-Толь бичгийг “Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэр өөрийн зардлаар хэвлэсэн. Иймээс ном борлуулахтай холбогдсон асуудлыг тус хэвлэх үйлдвэрээс лавлаарай. Одоогоор Их дэлгүүрийн номын худалдаа, “Интерном”, “Ухаан далай” зэрэг номын дэлгүүрт 25 мянган  төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа. Мянга гаруй хуудастай толь бичгийн хувьд энэ хямд үнэ шүү. Үйлдвэрийнхэн үзэж ашиглах, авч явахад аль болох тохиромжтой хэлбэр хийцээр, үзэмж чанартай хэвлэсэн байна лээ. Энэ толийг нийтэд албан ёсоор юм уу, заавал хэрэглүүлэх гэж захиалга, даалгавраар хэвлүүлээгүй. Тиймээс сургууль, номын сангуудад шахах маягаар тарааж болохгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид, багш, оюутан, сурагч гээд үзэг цаас нийлүүлэх, үг лавлах хэн ч бай, хүссэн хэрэгссэн хүндээ хүртээлтэй очиж байвал зүгээр сэн. Сургууль, номын сан зэрэг оюуны үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд, сонин хэвлэлийн болон бусад газрууд албан хэрэгцээндээ энэ толиос авахад буруудахгүй шүү. Дашрамд хүсэх нь, энэ толийг цаашид сайжруулахад чиглэсэн санал зөвлөгөө, шүүмжлэл байвал МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг судлалын тэнхимд ирүүлбэл талархан хүлээж авна.

-Цаашид энэ талаар төсөөтэй толь бичиг юм уу, өөр ямар ажил төлөвлөж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  бүх шатны боловсролын байгууллагаас олгодог үнэмлэх, гэрчилгээ, диплом зэрэг баримт бичгүүд, иргэний төрсөн болон гэрлэлтийн гэрчилгээ зэрэгт кирил монгол хоёр бичгээр зэрэг бичлэг хийж байхаар болсон. Их дээд сургуулийн өвөл төгсөж буй бакалавр, магистр, докторууд ийм шинэ дипломоо аваад эхэллээ. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжиж эхлээд байна. Одоо иргэний төрсөн ба гэрлэсэн бичиг баримтад монгол бичгээр бичлэг үйлдэх үлдлээ. Үүнийг хэрэгжүүлэхэд, Монгол хүний нэрийн толь бичиг зайлшгүй хэрэгцээтэй болж байна. Ийм тольд Монголын эртний болон орчин үеийн хүний нэр, төвд, санскрит, манж, хятад, орос гаралтай нэр, хасаг иргэдийн нэр гээд Монгол улсын иргэдэд хамаарах хүний нэрийг аль болох бүрэн тусгах ёстой. Манай тэнхимийн багш нараас одоогоор 27 мянга орчим хүний нэр бүхий кирил монгол хадмал толь, нэрийн гарлын тайлбарын хамт үндсэнд нь бэлтгээд байна. Эцэслэн хянаж хэвлэлийн эхээр бэлтгээд, холбогдох албан байгууллагуудтай тохирон албан хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. 

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж