АН даргаа солихгүй бол ялахгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

АН даргаа солихгүй бол ялахгүй

Он гарсаар улс төрийн хүчнүүд хөдөлгөөнд орж эхлээд байгаа. АН хамтарсан Засгийн газраас гарч буйгаа мэдэгдсэн нь зарим хүмүүсийн хүлээж байсан хүлээлт байсан боловч зарим хүний дургүйцлийг хүргээд байгаа билээ. Учир нь УИХ-ын сонгууль болох энэ жил сүүлээ хавчин зугтаж байгаа чоно шиг сонгууль болохоос зургаахан сарын өмнө гарч байгаа нь АН-ын дарга Н.Алтанхуягийн туйлбаргүй занг илтгэж байгаа юм. Уг нь намын дарга гэдэг хүн намынхаа гишүүдийн зөв удирдан жолоодож, эрх баригч нам болгохын төлөө бие сэтгэлээ харамгүй зориулах ёстой хүн. Гэвч АН-ын одоогийн даргад тийм итгэл сэтгэл, зүрх зориг байхгүй аж. 

Улс төр бол нийгмийн сэтгэлзүйг удирдаж бусдад нөлөөлөх урлаг гэж эрдэмтэд тайлбарладаг. Нийгмийн сэтгэлзүйг маш сайн судалж ойлгосон, ард түмний хэрэгцээг мэдэрч тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж чадсан нам л сонгуульд ялалт байгуулдаг. Гэвч ийм мэдрэмж, ойлголт одоогийн АН-ын даргад алга. Харин энэ мэдрэмж, ойлголтыг сайн мэддэг МАН-ын хувьд уугуул нэрээ сэргээсэн, Нийгмийн ардчилал гэдэг концепцийг өөртөө наах гэж  PR хийж байгаа нь АН-аас илүү мэдрэмжтэй, улс төрийн менежмент сайтай байгаа нь харагдаж байна.

Хэдхэн хоногийн өмнө болсон АН-ын ҮЗХ-ны хурал дээр гишүүдийн олонх нь анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулсан Н.Алтанхуяг даргыг буруутгаж байсан. Гэвч Н.Алтанхуяг даргад энэ бүхнийг зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг бодох сөхөө хараахан байхгүй байгаа бололтой. Хэрэв АН-ын дарга Н.Алтанхуяг одоо бий болоод байгаа энэ л имижээрээ 2012 оны сонгуульд орвол ялалт байгуулах магадлал тун бага байгаа нь судалгаагаар нотлогдсон байгаа юм. Үүнийг АН-ын удирдлагууд, ҮЗХ-ны гишүүд ойлгож байгаа ч намын даргадаа таалагдаж, УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвших гэсэн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж байгаа нь илт харагдаж байна.

Одоо намын даргын гол үүрэг бол сонгуульд ялалт байгуулах юм. Гэтэл одоогийн АН-ын даргад намаа сонгууль ялуулах чадвар байна уу гэдэгт асуудал оршино. Сонгуульд ялалт байгуулахын тулд нийгэмд зөвөөр танигдсан, олны итгэлийг даах, мэдрэмжтэй, туршлагатай сайн улс төрчийг даргаар сонгож чадвал АН энэ оны сонгуульд олонх болох магадлал 35% нэмэгдэх нь судалгаагаар нотлогдлоо.
Нэр дэвшигчийг сонгохын тулд эхлээд намын нэр хүнд 40 хувь нөлөөлдөг байна. Үүнд хамгийн түрүүнд намын даргын нэр хүнд, түүний ард түмний төлөө хийж байгаа ажил хэрэг, шударга, ёс зүйтэй байдал зэргээс шууд шалтгаалдаг. Сонгуульд ялах үлдсэн 60 хувийн магадлалын 30 хувь нь хувь хүний нэр хүнд, нийгэмд танигдсан байдал, нийгмийн төлөө хийж байгаа үйл хэрэг, шударга, ёс зүйтэй байдал байдаг бол үлдсэн хувь нь улс төрч хэр сайн сонгуульд менежмент хийж байдгийг шалтгаалдаг байна.

Иймд МАНАН-ын Засгийн газарт хамтарсан хоёр намын нэр хүнд унасан байгааг бид бүхэн мэднэ. Сонгуулийн өмнөх энэ чухал үед намын нэр хүнийг нэмэгдүүлэх зорилгоор одоо байгаа даргаа сольж нийгмийн итгэлийг олж чадвал АН сонгуульд ялах магадлалтай гэдгийг судлаачид дүгнэж байна. Иймд АН-ынхан даргаа сольж  сонгуульд орох нь хамгийн зөв алхам гэж харагдаж байна.

Улс төрийн шинжээч Д.Ганбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж