Монголын гадаад өр санаа зовох зүйл биш гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Монголын гадаад өр санаа зовох зүйл биш гэнэ

Монгол Улсын гадны улс орнуудад тавьсан өр есөн тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь ойрын өдрүүдийн ханшаар тооцвол 13 гаруй их наяд монгол төгрөг болж байгаа гэсэн үг юм байна. Энэ их өрийг хэн тавьсан, бас юунд зарцуулсан бэ гэдэг дээр тодорхой тайлан тооцоо авч өгөлцсөн улсдаа бол байдаг л биз. Ямартай ч Монголбанкны гаргасан мэдээллээр дээрх есөн тэрбум ам.долларын 1,8 тэрбум нь Засгийн газрын, 275 сая нь Төвбанкны, 609 сая нь арилжааны банкуудын, 6,3 тэрбум нь аж ахуйн нэгж, иргэдийн нэр дээрх өр зээл гэнэ. Гадаад өрийн 70 гаруй хувь нь банк бусын буюу компаниуд, иргэдийн гаднаас зээлсэн мөнгө. 2010 онд 1,5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан энэ өр 2011 онд 6,3 тэрбум болж огцом нэмэгдсэн. Гэхдээ үүнийг манайхан айхавтар ноцтой асуудал биш хэмээн үзэж буй аж. Тэртээ тэргүй зах зээлийн нийгэмд өргүй бол баян гэдэг социализмын зарчим эсрэгээрээ үйлчилж өртэй нь баяжиж, өргүй нь ядуурдаг тогтолцоонд шилжсэн учраас гайхаад айгаад байх зүйл огт биш гэнэ. Тэгээд ч энэ их мөнгөний дийлэнх нь шууд хөрөнгө оруулалт гэсэн тодотголтой юм байна.

Нэгэнт шууд хөрөнгө оруулалт юм бол үүнийг өрд тооцдог нь ямар учиртайг эдийн засагчаас асуухад хэдийгээр хөрөнгө оруулалт ч гэлээ эндээс ашиг олохын тулд хийж байгаа учраас эрт орой хэзээ нэгэн цагт төлөх учиртай өр гэсэн үг хэмээн тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт гэдэг бэлэг биш. Оруулс­ныхаа хэрээр буцааж авна, бүр хэд дахин нугалж авна гэсэн алсын тооцоотой орж ирсэн мөнгө учраас өр гэхээс аргагүй юм байна. Хувийн хэвшлийнхний гаднаас хөрөнгө босгон бизнесээ өргөжүүлж буй салбар нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл биш харин газрын доорх баялгаа барьцаалсан уул уурхай. Зэс, алт, нүүрс, уран гэхчилэн нөөц баялгаараа дэлхийд тэргүүлдэггүй юм гэхэд дээгүүр орох баян орд Монголд нээгдэх тусам түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг монголчууд дотроосоо биш гаднаас хайдаг. Энэ хэрээр Монголыг чиглэсэн их хөрөнгийн урсгал нэмэгдэж байсан ч гэдэг. Гэхдээ байгаа бүгдийгээ бөөнөөр нь ухаж гаргаад ачиж аваачаад зарчихаад байх нь хэр ухаалаг шийдвэр бол. Нөхөгддөггүй баялгийн нөөц шавхагдахад л толгойтой үснээс ч арвин өртэй үлдэхэд ирээдүй хойч минь юугаар амиа зогоож яаж тэр бүгдийг нь төлж барагдуулах билээ гэдгийг бодох л ёстой юм. Гадаад өр өнөөдрийнхөөр зогсохгүй. Жилдээ 10-12 сая ам.доллараар бага багаар төлж барагдуулж байгаа гэх ч энэ жил ирэх жил авах зээл тусламж нийлсээр өнөөх гадаадын улс орон, олон улсын байгууллагад төлөх өр барагдах биш нэмэгдэх хандлага байна. Хамгийн гол нь тэрхүү өрийн барьцаа нь өнөөх л газрын баялаг ашигт малтмал. Ургаж арвиждаггүй, нөхөгддөггүй, нөөц нь хязгаарлагдмал уран, нүүрс, алт, зэс. Тэгээд ч 2020 оноос зээлийн эргэн төлөлтийн дарамт одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Тэр цагт урд хормойгоо авч хойдохоо додомддог өрийн эдийн засагт өөрчлөлт яаж гарах нь тун ойлгомжтой.

Гадаад өр есөн тэрбум ам.доллар даваад талийсныг Сангийн яам, Монголбанкны түшмэлүүд зохист хэмжээнээс хэтрээгүй, нэг үгээр үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд очоогүй. Нэг үе манай улсын гадаадад төлөх өр дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг эзэлж бай­сан. Тэр л жинхэнэ түгшүүр байсан болохоос одоо шиг мөнгөнөөс их юмгүй болсон манай эдийн засаг энэ зэргийн өрнөөс айгаад хэрэггүй хэмээн тайвшруулдаг юм.

Гадаад өрийн хэмжээ 40 хувиас хэтрээд ирвэл эдийн засгийн хямрал төдийгүй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрдэг гэж олон улсын эдийн засагчид олонтаа анхааруулдаг. Хамгийн ойрын бас бодитой жишээг Грекээс харж болно. Грек 2010 оны байдлаар хөгжилтэй орны босгыг давсан төдийгүй “Хүний хөгжлийн индекс”-т 22 дугаар байрт жагссан үзүүлтээрээ ард түмэн нь чинээлэг амьдралтай орны тоонд багтаж байлаа. Баялаг бүтээдэг салбарууд нь аялал жуулчлал, далайн тээвэр, химийн үйлдвэрлэл болж, ДНБ-ий өсөлт 1990 оны Европын өсөлтөөс хамаагүй их байсан гэхчилэн мандан бадарч, хөгжин цэцэглэж байсан орон ажилгүйдлийн өндөр өсөлт, төр захиргааны үр ашиггүй үрлэгэн зардал, хавтгайрсан халамжийн бодлого, татварын алданги, дээр нь авлига гэх асуудал нэмэгдээд байдлыг улам хурцатгасан. Дотоод өр, алданги нь Грекийн рейтингийг навс унагаад зогсохгүй эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлж араас нь хөгшин Европ бүхэлдээ доргих ноцтой байдалд орсон юм. Энэ улсын хямралын шалтгааныг далд эдийн засаг нь 20 хувьтай гарч, төсвийн ажилтан, албан хаагчдад өгсөн авлигын хэмжээ 462 сая евро хүрсний дээр Засгийн газрын бонд, гадаад өр нь хэрээс хэтэрсэнтэй эдийн засагчид холбон тайлбарладаг. Тиймээс хандивлагч орнуудын тусламж, хөрөнгө оруулалт нэртэй эргүүлээд төлөх нь тодорхой өрөөс болгоомжлох нь хямралаас сэргийлэх том арга хэмжээ гэдгийг Грекийн туршлагаас харж болох юм. Тэгээд ч найр тавьсан зээл хэтрэхээр хүссэн хүсээгүй хямралын сүүдэр дайрдаг түүхийг заавал давтах шаардлага байгаа гэж үү. Хойд хөршид төлөх ёстой өр хуримтлагдсаар ямар гай болоод гавьяа дагуулсныг мартаагүй байгаа бол ирэх он жилүүдэд ирээдүй хойчдоо үлдээх өрийнхөө тухай нухацтайхан нэг бодож үзэх цаг болжээ.

Н.САРАН

 “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж