Хатан хийлийн сонгодог үдэш

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Хатан хийлийн сонгодог үдэш

Хийлч О.Байгаль анхны бие даасан тоглолтоо “Сонгодог үдэш” нэртэйгээр энэ сарын 27-нд хийх гэж байгаа билээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох түүний тоглолтод дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын 13 бүтээл эгшиглэх нь. Тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин,  Гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, ая дуугаараа бэлэг барих юм. Мөн СУИС-ийн багш, дэд профессор Д.Эрдэнэчимэг, төгөлдөр хуурч Ц.Энхтөр, Соёлын тэргүүний ажилтан Н.Гэрэлчулуун, хийлч Б.Амарсанаа, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдах ДБЭТ-ын симфони найрал хөгжим энэ үдэш үзэгчдийн сонорыг мялаана. Концертын ерөнхий найруулагчаар СУИС-ийн багш, дэд профессор Л.Алтанчимэг ажиллаж байна. “Өөрийгөө хийл хөгжимтэй зүйрлэнэ” хэмээсэн О.Байгалийн “Сонгодог үдэш”-д И.С.Бахын I сонат, П.И.Чайковскийн “Бодрол”, Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга”, Н.Жанцанноровын “Аяз”, И.Брамсын хийл, найрал хөгжимд зориулсан концертын хоёр, гуравдугаар анги, Ф.Шопений “Этюд” зэрэг гайхалтай бүтээлүүд эгшиглэх аж.

Сонирхуулахад, хийлч бүсгүй ОХУ, Хятад, Туркт тоглолт хийж байсан удаатай. Мөн Монголын уран сайхны “Би чамд хайртай-2” киноны хөгжим, “Улаанбаатарын үдэш” зэрэг дэлхийн болон Монголын 400 гаруй бүтээлийг хийлийн чавхдасаар амилуулж байсан юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж