Оюутнууд 70200 төгрөгийн тэтгэлэг авна

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Оюутнууд 70200 төгрөгийн тэтгэлэг авна

УИХ Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг өнгөрсөн онд баталсан юм.  Харин өнгөрсөн долоо хоногт тэтгэлэг олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталснаар энэ сараас эхлэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа оюутнууд сар бүр 70200-гаас дээш төгрөгийн тэтгэлэг авахаар болов.

Тэтгэлэг дотроо хэд, хэдэн төрөлтэй бөгөөд үндсэн тэтгэлэг болох 70200 төгрөгийг Монгол Улсын 94 их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй 151500 оюутан сар бүр сурлагын амжилт, ирцээс үл хамаарч авах юм байна. Харин урамшууллын тэтгэлэг буюу сурлагын голч дүнгээс хамаарсан тэтгэлгийг гурван хэлбэрээр олгоно. Сурлагын голч дүн нь 3,2 болон түүнээс дээш тохиолдолд 70200 төгрөг дээр түүний 50 хувьтай тэнцэх төгрөг нэмж 105300 төгрөг, голч дүн нь 3,6 болон түүнээс дээш тохиолдолд 70200 төгрөг дээр түүний 75 хувьтай тэнцэх хувь нэмж 122850 төгрөг, улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн оюутнууд 70200 төгрөгийн үндсэн тэтгэлэг дээрээ нэмж 70200 төгрөгийн тэтгэлгийг тус тус авахаар болсон байна. Гэхдээ урамшууллын гурван төрлийн тэтгэлгийг давхардуулан олгохгүйгээс гадна хичээлийн эхний жилийн дүн гарсны дараа олгохоор журамлажээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар хамгийн их эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг гаргасан бөгөөд эдгээр мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд нэмэлт тэтгэлэг авах аж. Тэтгэлгийг оюутанд хүрэхээс өмнө сургуулийн ашиг болгохгүй байх зорилгоор тодорхой зохицуулалт хийхээр болжээ.

Зөвхөн үндсэн тэтгэлэгт зориулж улсын төсөвт 106 тэрбум төгрөг суулгажээ. Оюутнуудын тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас сургуулиар нь дамжуулан олгох юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж