Ханбогд сумын иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Ханбогд сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу Толгой төслийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдтэй уулзсан. Уул уурхайн том төслүүд хэрэгжиж, бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр хүн ам нэмэгдэж, байгаль орчин, дэд бүтэц, төсөл хэрэгжүүлэгчид болон нутгийн иргэдийн хоорондын ойлголцолтой холбоотой асуудлууд  гарах болжээ. Тийм ч учраас иргэдийн зүгээс Төрийн тэргүүнд хандаж хэлэх үг, асуух асуулт, хүсэлт маш их байсан юм.

Юуны өмнө цахилгаан эрчим хүчний ирээдүйн байдлын талаар асуудал хөндөгдөж байв. Оюу Толгой төслийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн хэлснээр, ирэх намар багтааж Оюу Толгой, Ханбогд сумын хооронд цахилгааны шугам тавьж дуусгана, урьдчилсан байдлаар 5.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “ Мандалговиос Таван Толгой  уруу 220-ийн шугам явж байгаа. Тэндээс наашаа шугам татагдана. Таван Толгой,  Оюу Толгой аль алинд нь  300 мв-ын цахилгаан станц баригдана. Станц барих нь дунджаар 2 жилийн ажил. Станц баригдахаас өмнө эрчим хүч хэрэгтэй тул гэрээнд заасны дагуу хятад улсаас авахаар болж байгаа. УБ-аас авсан ч бай, урдаас авсан ч бай наашаа шугамаа л  барьчихвал энэ ондоо багтаад цахилгааны асуудал шийдэгдэнэ” гэдэг хариуг өглөө.  

Иргэн Батмөнх ярихдаа,  Оюу Толгой төслийг  буруу гэж байгаа юм биш, гэхдээ ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогоо наад зах нь 100 жилээр харж хийх хэрэгтэй. Ус ширгэж байна, байгал орчин доройтож байна, энэ байдлаараа Ханбогд сум оршин тогтох уу үгүй юу гэдэгт эргэлзэж байна.  Ерөнхийлөгч та  хойд нутгуудаас усаа татах хэрэгтэй гэж хэлсэн нь хамгийн зөв шийдвэр. Тэрэнд ямар хөрөнгө гарах нь хамаагүй, заавал хийх ёстой. Бэлчээрийн мал сүйдэж байна, яваандаа бэлчээр үгүй болох нь, малчид ч байхгүй боллоо. 20 жилийн дараа мал маллах хүнгүй болох байх. Дэд бүтцийн асуудлаа шийдэхгүйгээр яаж уул уурхайг хөгжүүлэх гэж байгааг ойлгохгүй байна, говьд хамгийн хүнд нөхцөл нь байна. Та сумын төвийг харж байгаа ,  хар бор л юм байна.  Замын хурдан тавьж өгөөч ээ гэлээ.

Өндөр настан Амбаа  “Өнөөдөр Таныг энд ирж бодит байдалтай танилцаж бидний үгийг сонсч байгаад баяртай байна.

Ханбогдод Монгол Улсыг тэжээх үүц задарсан. Энэ их эрдэнэсийн үүц бидний хамар дор байгаа их хувь заяатай хүмүүс. Гэвч монголчууд бидний зүгээс хэлэх зүйл байна. Энэ их баялгийн талаар яриад 15 жил өнгөрөөд байна. Хөрөнгө оруулагчид биднийг гэрэл цахилгаантай болгочихье гэдэг талаар огт ажиллаагүйд гомдож явдаг. Лаатай амьдарч байна. Бүтээн байгуулалт, хөгжлийн төв болсон өмнийн говьд лаатай амьдарч байгаа нь бусдад элэг доог болж байна. Ус, тоосны тухай яриад хэлээд залхлаа.

Ханбогд сумыг хөгжүүлэх талаар Оюу Толгой төслийн гэрээнд юу туссан байгаа вэ? Хэзээ бид тэр хөгжлийг үзэх вэ?

Шат шатанд улстөржиж,  ажил хохироох  байдал байсаар байна. Улстөржихгүй байх талаар Ерөнхийлөгч хэлээд байгаа шүү дээ.

Улаанбаатарыг харж байхад, эхлээд зах замбараагүй гэр хороолол барьчихаад, хүнээ бөөгнүүлчихээд, дараа нь утаагаа дарж чадахгүй зовлон эдэлж байснаас одоо бага дээр нь орон сууц барих гэх мэт арга хэмжээ авч баймаар байна. Бензиний үнэ нэмэгдээд амьдрал хэцүү болж байна. Шатахуун түлшнээс гадны хараат байдлаасаа хэзээ гарах вэ? Одоо хятадаас тог авна гэж байна. Баруун аймгууд хэдэн жил оросоос тог авч хичнээн төгрөг мөнгө үрж байгаа билээ. Яг тэрэн шиг болно. Таван Толгой  дээр тавих эрчим хүчний асуудлаа наашлуулж яагаад болдоггүй юм бэ? 2 жил гэдгийг та нарыг худлаа хэлж байна гэж бодож байна.

Хөдөө аж ахуйн талаар сэтгэл зовж явдаг зүйл байдаг. Уул уурхай гэсээр нэг мэдэхэд тэр нь барагдаад хальтираад ойчвол мал аж ахуй дээрээ очих болно. Тэгэхээр хөдөө аж ахуйг эдийн засгийн хөшүүрэг болгох хэрэгтэй гэж бодож байна. Сайн малчинд 2-хон сая төгрөг өгнө гэж дуулдаж байна. Тэрийг би чамлаж байна. МАА дээр тавих анхаарал тун бага байна. Хөдөө суманд МАА дээр ажиллаж байгаа улсыг шагнах асуудал маш муу байна” гэж ярив.

Өндөр настан Дамдинсүрэн “Төрийн алба дампуурсан байна, дандаа нэгнийхээ үгийг сөрөөд явж байна, хийж байгаа ажил нь мэлхийн хурдаар явж байна. МУ өнөөдөр хөгжиж байна гэж байгаа боловч, машин хийдэг инженер алга байна. Радиогоор ярьж байна, манай улсад 7 мянган инженер байгаа ч машин угсардаг инженер нэг ч байхгүй байна гэж

Нефтийн үйлдвэрээ хурдан бариач ээ. Нефтийн компаниудын дарамт их боллоо” гэв.  

Өндөр настан Цэцэгмаа, иргэний оролцоо үгүй бол төр оршин тогтохгүй. Бидний үгийг сонсох тал дээр сум орон нутгийн удирдлага тун тааруу байна. Ханбогдын засаг захиргаа ард түмнээ бодохгүй байна Газар өмчлөлийн хууль энэ суманд хэрэгжихгүй  байна. Би 7 жил газар хөөцөлдөж байна, жирийн иргэндээ газар өгдөггүй ийм удирдлагатай байна гэж ярилаа.

Ханбогд сумын өндөр настан Цэрэнхүү, Оюу Толгой төсөл хэрэгжээд жирийн малчин хүнд хүртээсэн оноосон юм алга. Хөдөөний малчдаар орж сууж ярилцаач ээ. Энэ сумын төв дээр хуралдаад үр нөлөө гарахгүй.  Тэнд амьдрал ямар байгааг хараач ээ. Мал эрүүл биш боллоо, элэг дотор нь идэх юм байхгүй. Манай суманд ойрхон алт их угаасан. Ямар их хортойг та бүхэн мэдэж л байгаа. Яагаад энэ Дөрвөлжин Тээг гэдэг газрыг алтны газар болгоод өгчихөв өө. Жавхлант Баян улаан тоос шороо болсон. Замын ойролцоо байгаа айлууд малаа идэхийн аргагүй байгаа хэмээн бухимдав.

Сумын эмч эмэгтэй, уурхай дээр ажиллаж байгаа монгол ажилчдын эрүүл мэндэд санаа зовж байгаагаа хэлж, хүн ам нэмэгдэж байгаа энэ нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ хаанаа ч хүрэлцэхгүй болсон тул Засгийн газар анхаарлаа хандуулна уу гэж хүслээ.

Ханбогд сумын иргэд Оюу Толгой төсөлтэй холбоотой асуулт, хүсэлтүүд их хэлж байв. Монгол ажилчдынхаа эрүүл мэндийг боддоггүй, зөвхөн гадаад хүнийг л хүн шиг үздэг, монгол хүнд доогуур цалин өгч, гадаад хүн их цалин авдаг,  ажилчдын орон сууц барихгүй байгаа гэх зэргээр шүүмжлэв. Зарим гэрээт компаниудын гадаад удирдлагын ёсзүйн талаар гомдол ирж байлаа.

Асуудал тус бүр дээр төслийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, усны газрын дарга Ц.Бадрах, ЗТБХБ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарын зэрэг албаны хүмүүс хариулт өглөө.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч хэлэхдээ, бидэнд баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимий нь хүртэж, улс орноо хөгжүүлэх асар их хувь заяа ногдсон.  Энэ их баялгийн үр шимийг энэ сумын иргэд  хүртэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Олны үг ортой байдаг. Оюу толгой төслийн удирдлага, хөрөнгө оруулагчид энд ирж нутгийн иргэдийн үгийг сонсч, асуудлаас гарах арга замаа хамтран олж, харилцан нэг нэгнээ хүндэтгэж хамтран ажиллах хэрэгтэй. Би өнөөдөр төслийн үйл ажиллагаатай танилцах үеэр тодорхой үүрэг чиглэл өгсөн байгаа. Оюу толгойн хамт олон үүнийг биелүүлнэ гэж амласан гэлээ.

Энэ уулзалтын үеэр Оюу Толгой төслийн удирдлага сар бүрийн 20-нд нутгийн иргэдтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хамтран ярилцаж, өмнөх асуудлыг хэрхэн шийдсэн талаараа мэдээлж байхаар боллоо.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж