Хөл ихтэй газрын хөөрхийлэлтэй үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Хөл ихтэй газрын хөөрхийлэлтэй үйлчилгээ

Улаанбаатар хотоос баруун аймгуудыг зорих тээврийн хэрэгслүүд их хөлийн газар "Драгон" авто вокзал юм.

Энэ газарт орчны тохижилт, цэвэрлэгээ огт хийгддэггүй нь илт юм гээч. Мөн том оврын автобус зогсох зайгүй орж, гардаг тул ихэнх зам талбай нь хонхойж, хотойн, хагарч эвдэрсэн байдаг. Өвлийн улиралд тоос шороо бужигнаад байдаггүй болохоор яахав гэхсэн. Гэтэл урин дулааны цагт байдал тун эвгүй. Бороо орсон үед нь хот хоорондын автобус зорчигчоо буулгах ч газар олдохгүй энхэл донхол хэсгүүдэд нь ус тогтчихсон шавар шавхай дүүрэн тийм л дүр зураг угтдаг.

Хөхөө өвөл болчихоод байхад усан бороо, шавар шавхай ярилаа гэж гоочлох нэгэн байж мэднэ. Гэтэл байдал ийм хэвээр байсаар нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа тул бодит байдлын талаар зүгээр өнгөрч боломгүй санагдана.

Ер нь эрүүл ахуйн талаасаа ч тэр, аюулгүй байдал гэдэг утгаараа ч тэр тэнд шинэчлэл, тохижилтын ажил хийх цаг нь нэгэнт болжээ. Харин энд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүд байгуулагдсан цагаасаа хойш энэхүү талбайг нэг ч удаа тохижуулж янзлаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Түүнээс гадна Драгон авто вокзалтай хаяа нийлэн "Шунхлай" шатахуун түгээх станц байрлах юм. Уг нь айл, өрх хийгээд албан байгууллагуудаас 500 метрийн зайд шатахуун түгээх станц байрлах боломжтой гэсэн тодорхой хэмжээ заасан байдаг. Гэтэл энэ хууль тэнд мөн л хэрэгжээгүй байна. Алс хол аян замд явах гэж байгаа хүмүүс шатахуун авах нь мэдээж хэрэг. Харин тэдгээрт шатахуунаа өрсөж зарах гэж улайран хууль дүрэм зөрчиж, иргэдийн аюулгүй байдлын баталгааг үл хайхрах нь хуулинд харш үйлдэл юм.

"Шунхлай" компанийн шатахуун түгээх станц нь Драгон авто вокзалын автобусны зогсоолын хажууханд ганцхан алхмын зайтай байрлажээ. Орон нутгийг зорихоор ээлжээ хүлээн зогсох автобуснуудын эгнээ тус шатахуун түгээх станцын бараг л шахуурганд хүрчих шахам зогссон нь аюул тун ойрхон байгааг илтгэнэ. Түүнчлэн тус вокзал хавиар амьдардаг орон гэргүй согтуу иргэд бензин түгээгчийн дэргэд тамхи татчихсан, морь харсан шиг, бүр түгээгүүрийг нь налаад дэмий яриад сууцгааж байна.

Тэднээс галын аюул ердөө нэг сөөмийн зайд байлтай. Орон нутаг явах машинуудын тоо бүр ч их нэмэгдсэн бололтой. Драгоноос нааш байрлах үйлчилгээний газруудын өмнөх талбайг мөн л зогсоол болгон ашиглажээ. Эмх, замбараагүй холилдон зогсох тээврийн хэрэгслүүд энд тэндгүй харагдана. Хөдөө явахаар зэхэж буй жолооч нар явах газрынхаа нэрийг хэлэн хашгичиж, туслах жолооч нь ойр хавиар нь өнгөрөх хүмүүсийн цүнх савнаас зулгааж "Манайх одоо хөдөллөө. Ийшээ суучих. Наадах чинь явах болоогүй" хэмээн чаргууцалдана.

Зарим нь бүр хойно урдаас нь татаж, үүрч явсан цүнх савтай зүйлийг нь булаан авч байгаа харагдав. Харин цүнхээ булаалгасан зорчигчид яах учраа олохгүй хэсэг манарна. Үнэндээ аль аймгийн машин хаанаас явах гээд байгаа нь ойлгомжгүй. Толгой эргэм энэ байдал дундаас арайхийж явах чиглэлийн унаагаа олж зорьсон зүгтээ хүлгийн жолоо зална. Уг нь аль ч улсад энэ асуудлыг зохицуулж өгсөн байдаг.

Ядаж л чанга яригчийн тусламжтайгаар энэ асуудлыг шийддэг. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын автобус тэндээс төдөн цагт хөдлөх гэж байна гээд зарлах жишээтэй. Харин Драгоныхонд ийм ойлголт байдаггүй аж. Байлгахыг ч хүсдэггүй бололтой юм. Учир нь хэн чанга хашгирч, ойр хавиар явсан хүмүүсийг татаж чангаан унаандаа суулгасан нь хэдэн төгрөг илүү олдог болохоор тэр биз.

Үйлчлүүлэгчид нь өөрийн чиглэлийн унаагаа хайн ачаа, тээшээ үүрэн, ийш тийшээ явж хөдлөхийнх нь өмнө арай гэж олж очин суух гэсээр цаг алддаг. Өнөөх автобуснууд нь салхины шилэн дээрээ бараг харагдахгүй шахам газар өөрийн чиглэлийн хаягаа бичээд хэн нэгнээс нууж байгаа юм шиг байрлуулна. Энэ мэт ойлгомжгүй байдлаас үүдэн унаанаасаа хоцорсон гадаадын жуулчид ч цөөнгүй байдаг талаар нэгэн танил минь ярьсан нь санаанд орж үнэн болохыг нь нотлох шиг.

Миний бие тэнд очихтой зэрэгцэн Дархан-Уул аймгийн том оврын автобус хөдлөх гэж байв. Түүний хажууд бас нэг микро автобус тус чиглэлд хөдлөхөөр зэхэж байгаа харагдав. Тэдний хажууд хэсэг зогсож зорчигчдоо өөрийн унаандаа хэрхэн самбаачлан суулгаж байгааг нь ажиглалаа. Энэ зуур микро автобусны жолооч наагуур цаагуур гүйсээр байгаад төд удалгүй машинаа зорчигчдоор дүүргэх нь тэр. Ингэхдээ хажуугийн том оврын автобусанд суух гэж байсан хоёр зорчигчийг булааснаас болж тэр хавиар нэг хэрүүл, маргаан дэгдэв. Энэ мэт зорчигчдоо булаацалддаг үзэгдэл тэнд байнга гардаг байна.

Зарим нэг хор шартай жолооч нар зорчигчдоо булаалгасандаа дургүйцэж хол замд явах гэж буй нэгнийхээ дугуйг нь шивэх, дугуйны боолтыг нь суллах зэргээр "чаддаг" гэнэ.

Мөн тэнд гар дээрээс жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд олон байв. Тэдний худалдаж буй бараануудад байхгүй юм гэж алга. Өвлийн хүйтэнд хэдэн төгрөг олох гэж суугаа тэднийг буруутгах юун. Амьдралын эрхээр хэн нэгнээс мөнгө гуйхгүйгээр арга буюу ингэж суугаа. Тэр зарагдаж байгаа бараанууд дотроос нэг зүйл сонирхол татсан нь бэлгэвч. Тэгэхээр тэнд бүх төрлийн үйл ажиллагаа өрнөдөг нь ойлгомжтой.

Тэр бүхнийг зохицуулдаг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл гэх хүн тэнд ер харагдсангүй. Хөдөөнөөс хотыг зорьсон иргэдийг автобуснаасаа буув уу, үгүй юу ачаа барааг нь булаах шахам авах таксины жолоочид бас тэнд бий. Хэдэн хүүхэд дээрээ ирсэн эмээ өвөө, эгч, ах нар гар хоосон байна гэж үгүй. Жаахан мах, тараг сүүнээс эхлээд ачаагүй бууна гэж байхгүй. Тэднийг ч таксичид андахгүй. Мэдэхгүйг нь далимдуулж машиндаа суулгаж аваад дуртай мөнгөө нэхнэ гээч.

Жишээлбэл Зурагтын чиглэлд явъя гэвэл 6000-8000 төгрөгөөр тохироод явна. Бас болоогүй ээ замдаа III, IV хорооллын хүнийг давхар 5000 төгрөгөөр дайгаад явчихна. Ингээд нэг сумаар нэлээд хэдэн төгрөг олчихно доо. Гэхдээ өнөөдөр сүйхээтэй нэгэн нь амьдардаг болсон цаг юм.

Драгон авто вокзалын тэнд үүсээд байгаа дараагийн хүндрэлтэй асуудал бол хог, зам талбай юм. Уг нь тус вокзалын өмнөх талбай нэлдээ засмал зам байсныг иргэд мэдэж байгаа байх. Харин өчигдрийн байдлаар тэнд машин бүү хэл явган хүн явахад ч хүндрэлтэй, хальтирч уначих гээд хэцүү байв. Уг нь хуучин байсан засмал замыг нь сэндийчээд хөрсөөр нь эргүүлчихсэн, тэр нь тэгээд одоо энхэл донхолтой "бартаат зам" болон хувирсан. Түүнээс гадна тус зогсоол дотор хог нь хальчихсан том хогийн цэг байрлах бөгөөд хөдөө орон нутгийн хэдэн зуун хүн өдөр бүр энэ эвгүй байдлын хажуугаар холхиж байдаг байна.

Энэ нь хөгжиж буй нийслэлийн өнгө, төрх мөн үү гэлтэй харагдана. Хогийн цэгийг тойроод орон нутгийн машинууд зорчигчдоо суулгаж байна. Зарим иргэд гар дээрээс авсан хоол цай идэж харагдав. Тус газраар зөвхөн монголчууд биш гадаадын олон жуулчид үйлчлүүлдэг байлтай. Ядаж хог, шорооныхоо асуудлыг шийдвэрлэж болдоггүй юм байх даа гэсэн бодол төрж байлаа.

Ингээд билетийн касс руу орж тээвэр зохицуулагч нараас нь цөөн асуултад тодруулга авах гэсэн боловч орох хаалганы хажууд суух диспетчир эмэгтэйн ааш гэж арай л дэндүү. Уучлаарай эгч ээ хэдэн зүйл тодруулах гэсэн юм гэж хэлсний төлөө учир утга нь ойлгогдохгүй баахан юм амандаа үглээд бараг л хөөх шахам гаргав. Энэ байдал бол төрийн үйлчилгээний ажилчдын үйлчлүүлэгчиддээ байнга шахам гаргадаг ёс бус харьцааны тод жишээ. Ийм мэт зан ааштай хүмүүс яаж ажилд тэнцэж төрийн албанд ажилладаг байна аа. Ёстой чөтгөр бүү мэд.

Тэгээд менежер эмэгтэйтэй нь уулзсан боловч мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Учир нь Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын хэлтсийн даргын зөвшөөрөлгүй амнаасаа авиа ч гаргах эрхгүй хэмээн учирлав. Хэрэв шаардлагатай бол Авто тээврийн газарт очиж даргатайгаа уулзахыг зөвлөсөн юм. Түүнээс өөр удирдлага гээд байх хүн тэнд байсангүй.

Монголын аялал жуулчлалын бүс баруун талдаа байдаг. Манайд онгоц хөлөглөн аялдаг жуулчин бараг байдаггүй гэж хэлж болохоор. Бүгд л газраар явдаг. Тэд бүгдээрээ энэ л вокзалаас Монголын хөдөөг зорьж байгаа. Гадаадынхан анхны сэтгэгдлийг эндээс л авч байгаа. Тохижилт, үйлчилгээ тааруу, гэр оронгүй согтуу иргэд олноороо байрлах болсон ийм л эвгүй сэтгэгдлийг гадны олон зуун жуулчдад төрүүлэх Монгол улсын анхны орчин нь энэхүү Драгон авто вокзал. Хөл ихтэй газрын хөөрхийлөлтэй гэмээр үйлчилгээ иймэрхүү байлаа.

О.Ууганжаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж