Анхаар! Эдийн засгийн уналтад бэлэн бай

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Анхаар! Эдийн засгийн уналтад бэлэн бай

Шатахуун импортлогч­дын үгсэн нэмсэн үнийн хөө­рөгд­лөөс болж, өргөн хэрэг­лээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Энэ тохиол­долд иргэдэд Төрийн ордныг цээжээрээ хаахаас өөр зам үлд­сэнгүй. Үүний цаад шалт­гаа­ныг олж харахад тун амархан аж.

Аливаа улсын төр им­пор­тын бараа бүтээгдэхүүнээ нөөц­лөх замаар гэнэтийн хомсдол, үнийн хөөрөгдлөөс иргэдээ хамгаалдаг. Тухайлбал нефть, мах, улаанбуудай зэрэг үнийн өсөлтөд нөлөөлдөг гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн хэм­жээг Bloomberg сайтад до­лоо хоног бүр  мэдээлж бай­даг. Үүний нэгэн адил ма­най улс гаднаас 100 хувийн ха­­маа­ралтай шатахуунаа нөөц­­лөөд, нөөцийн болон им­пор­­тын хэмжээгээ тогтмол мэ­дээлдэг байх хэрэгтэй. Ин­гэс­нээр байнгын нэг сарын нөөцтэй, түүгээрээ үнэ огцом өсөх, гэнэтийн шоконд орох үед зохицуулалт хийх бо­ломж­той болно. Мэдээж “Рос­нефть” болон бусад ша­та­хуун нийлүүлэгчид үнээ өс­гөнө, бууруулна. Үүнийг төр татварын бодлого ба нөөц бүр­дүүлэх гэсэн аргаар л зохи­цуулдаг. Гэтэл татвараа тэглэчихсэн. Нөөцийн агуулах алга. Өөрөөр хэлбэл үнийг зо­хицуулах механизмгүй бол­сон. Одоо яах вэ. Хувийн ком­паниудад татаас өгөх болж байна уу.

Дэлхийн банкнаас хөгжиж буй орнуудад хандан “Эдийн зас­гийн уналтад бэлэн байх”-ыг анхааруулж байна. Тэр тус­маа дэлхийн эдийн засгийн шоконд бэлтгэлтэй байж, аюу­лыг дутуу үнэлэхгүй байхыг онцгойлон сануулаад “Энэ хямралаас зайлах аргагүй” хэ­мээлээ. Тус банк энэ онд хөг­жиж буй орнуудын эдийн зас­гийн өсөлт 5.4 хувьтай байх таа­маглалыг дэвшүүлжээ. Ма­най улсын хувьд айсуй хямрал УИХ-ын ээлжит сонгуультай давхцах болж буй нь түгшүүр төрүүлж байгаа юм. Дашрамд дурьдахад УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө Дэлхийн банкны ерөнхийлөгч ноён Д.Доллар “Танай улс дотоод нөхцөл байдлаасаа голлон шалтгаалж эдийн засаг чинь хямарч мэдэхээр байна. Энэ хямралын үед гадаад валютын нөөцөөсөө интервенц хийж болохгүй шүү” хэмээн анхааруулсныг манай улстөрчид сөрж ажиллаад 2009 онд хүнд цохилтод орсон гашуун туршлага бий билээ. Хөрш орнуудын нөлөөлөл гэвэл Евро бүсийн эдийн засгийн өсөлт 0.3 хувиар буурахаар байна. Мөн “Тус бүсийн өрийн хям­ралаас болж дэлхийн эдийн засгийн хямралд баян, ядуу гэлтгүй бүх орон өртөнө” хэмээн эдийн засагч Эндрю Бёрнс хэлсэн.

Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд энэ оны турш саарч жилийн дүнгээр 8-8.5 хувьтай байна гэсэн таамаглал бий. Тус улсын Зас­гийн газар ойрын таван жилийн төлөв­лөгөөгөө батлахдаа эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээгээ энэ хэвээр нь тогтвортой барих зорилт дэвшүүлсэн. Хэдийгээр Хятадын эдийн засаг ирэх оны турш дэлхийд тэргүүлэх боловч мөнгө, зээлийн болдогоо зөөлрүүлэхийг хүсэхгүй байгаа аж.  Ажиглагчдын үзэж буйгаар Хятадын ДНБ-ий өсөлт саарах нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд бага зэрэг эерэг нөлөө үзүүлж болохоор байгаа юм. Ямартай ч Дэлхийн банкны таамаглалаар хөгжиж буй орнуудын хувьд түүхий эдийн үнэ буурч буй нь сайн хэрэг боловч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөхцөл байдлыг хүндрүүлэх том шалтгаан хэвээр байгаа юм. Ойрын үеийн түгшүүр гэвэл энэ сарын 22-24-нд өмнөд хөршийн Еэвэн сарын баяр, дараа нь ирэх хоёрдугаар сарын 22-нд Монголын цагаан сарын баяр болохтой  зэрэгцэн өргөн хэрэг­лээ­ний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт айсуй. Мөн ирэх сараас эхлэн иргэн бүрт нэг сая төгрөг тарааж эхэлнэ. Энэ бүхэн инфляцийн өсөл­төд айхавтар хүчтэй нөлөөлнө. Инфляцийн энэхүү өсөлт Дэлхийн банк­наас анхааруулж буй “дутуу үнэ­лэ­хийн аргагүй” хямралтай, ул­маар УИХ-ын сонгуультай золгох нь. Энэ бүхний төгсгөлд иргэдийн амьдралын ямархан дүр зураг, эдийн засгийн хямралыг сөрж учраа таарах бол гэдгийг төсөөлөхөөс ч аймаар санагдана. Хямралын үед аминд тулсан юм л зарагдана. Шатахууны нөөц бол аминд тулсан зүйл мөн.

Гэтэл манайд шатахууны нөөц ч, нөөцийн агуулах ч байдаггүй. Өөрөөр хэлбэл зах зээлийн хамгаа­лалт алга. Шатахууны үнийн өсөл­тийн гарал үүсэл ерөөсөө л энэ. Ша­тахуун импортлогч компаниуд “Рос­нефть”-ээс худалдаж авсан шата­хуунаа 14-хөн хоногийн дотор зараад дуусдаг ийм тогтолцоо олон жил ноёрхсон. Энэ нь манай улсыг өөрөөсөө байнгын хараат байлгах хойд хөршийн төрийн бодлого, түүнийг дуугүй дагаж мөрддөг байсан Монгол төрийн бодлогын эмгэнэлт хоршил гэж хэлж болно Үүнийхээ “бонус”-нд их гүрний улс төрийн нөлөөлөл, тэдний хувийн компаниудын ашиг сонирхол давхар импортолж зах зээлээ ч зүй тогтлынх нь дагуу хөгжүүлж чадахгүйд хүрчээ.  Гэтэл дэлхийн бүх улс орон нөөц бүрдүүлэх, түүнийгээ олон нийтэд ил тод мэдээлэх замаар дээрх хүндрэлээс гардаг аж. Үүнийг нь Монголын үе үеийн Засгийн газар байгааг харсаар байж мэдэхгүй байна гэж баймааргүй. Тэгэхээр хүсээгүй гэсэн үг.  Өөрөөр хэлбэл шатахуун импортлогч компаниудын хувьд түргэн хугацаанд эрсдэлгүй борлуулчихаад ашгаа халааслах нь ашигтай л байж таарна. Тиймээс ч нефть импортлогч компаниудын лоб­би төрийн бодлогод ингэтлээ хүчтэй нөлөөлж ард түмний эрх ашгийг хоёр­дугаарт тавиулж чадаж байгаа нь тэсэхийн аргагүй бухимдуулж бай­гаа юм.

Засгийн газар өнөөдөр “Эдийн засаг өсөж байна, цаашид ч өснө” хэ­мээн цээжээ дэлдэн мэдэгдэж бай­на. Эдийн засаг өсөхийн хэрээр шата­хууны хэрэглээ нэмэгдэнэ. Монгол­чууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ. Одоо шатахууны нөөцийн агуулах, мах нөөцлөх зоорьтой болох тухай ярих болоогүй юү. Үүнд ихээр бодоход 50 тэрбум төгрөг зарцуулна. Үр дүнд нь байнга нэг сарын нөөцтэй байж, гэнэтийн шокын өмнө иргэдээ сөхрүүлэхгүй байна гэдэг ухаалаг алхам биш гэж үү.

ОНЦГОЙ ЭРХ ЭДЛЭГЧДЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭЕ

Бухимдлыг оргилд нь хүргэж буй дараагийн асуудал нь төр онцгой эрхтэй компаниуддаа онцгой үүрэг хүлээлгэж чадахгүй байгаад оршиж байна. Шатахуун импортлогчид бүгдээрээ зөвхөн “Роснефть”-ээс шатахуунаа авдаггүй. “Роснефть”-ийн ивээл дор үлдсэн азтай компаниудын тоонд зөвхөн “НИК”, “Петровис”, “Сод Монгол”, “М-Ойл” компаниуд үлджээ. Харин “Магнай трейд”, “Шунхлай” компаниуд хилийн цаанаас шатахуунаа авдаг байсан аятайхан нөхцлөөсөө хасагдан Москва орчимд байрладаг  “ТНК-ВP” компаниас шатахуунаа авах болсноор тээвэрлэлтийн зардлаа дийлэхгүйд хүрч байна. Гэтэл яагаад “Роснефть”-ийн ивээлд онцгой эрх эдлэн бизнес эрхэлж байгаа шатахуун импортлогчид эдэлдэг эрх шигээ онцгой үүрэг хүлээн шатахуунаа иргэдэд хямд үнээр худалдах үүрэг хүлээж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл өөр эх үүвэрээс, харилцан адилгүй үнээр шатахуунаа худалдан аваад, жигд өндөр үнээр нийтэд худалдах нь шударга биш төдийгүй иргэдийг хохироож байна. Жирийн иргэн уул уурхайн том компаниудтай ижил үнээр шатахуунаа худалдаж авахаар ямар хүнд цохилтод өртөж буйг төсөөлж байна уу. Гомдолтой явдаг компаниуд “шатахууны үнээ нэмье” хэмээж буйг ойлгож байна. Гэтэл гомдохын аргагүй давуу эрх эдэлдгийг нь төр анхааралдаа авч иргэдэд хямд үнээр шатахуун худалдах үүрэг хүлээлгэж болохгүй гэж үү. Иймд онцгой эрх эдлэгчдийн хүлээх нийгмийн болон төрийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг онцгой хэмжээнд нэмэгдүүлэх цаг нэгэнт болжээ.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж