Ираныг ”иракдах” америк ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ираныг ”иракдах” америк ажиллагаа

АНУ, Ираны нөхцөл байдал хурцдаад байгаа энэ үед өөр нэгэн мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татав. Тэр нь НАТО болон Европын холбоо Ираны нефтийн импортод хориг арга хэмжээ авсан явдал юм. Ираныг НҮБ болон АНУ тэргүүтэй НАТО уран баяжуулж буй явдлыг хүчтэй эсэргүүцэж, шүүмжилж байгаа ч ОХУ, БНХАУ болон БНАСАУ ямар нэгэн байдлаар тус­лалцаа дэмжлэг үзүүлсээр байгаа нь нэгэнт илэрхий болсон. Иран АНУ-ыг Ормузын хоолой болон Персийн булангаас яаралтай цэргээ гаргахыг шаардсан хэвээр байгаа. Улмаар Европын холбоо өөрсдийн байр суурийг Иранд хатуу илэрхийлж, өчигдрөөс эхлэн Иранаас гарч буй нефтэд хориг арга хэмжээ авч байгаагаа “дөнгөж эхлэл” хэмээн мэдэгдсэн. Энэхүү үйл явдлын ха­жуугаар АНУ-ын тэнгисийн цэргийн “Аврам Линкольн” байлдааны хөлөг онгоц Арабын тэнгист нэвтэрсэн тухай CNN агентлаг онцолсон. Уг байлдааны хөлөг онгоц нь тус бүс нутагт байрлаж буй Карл Винсоны байлдааны хөлөг онгоцтой нэгдсэн аж. Улмаар Ормузын хоо­лойн ойролцоох “Жон Стеннис” байлдааны хөлөг онгоцтой хүчээ нэгтгэх гэж байгаа юм. Энэ талаар олон улсын ажиглагчид “Хэрэв АНУ, Ираны байдал энэ хэвээр үргэлжилбэл аваас цөмийн дайн болохгүй гэхийн баталгаа байхгүй” хэмээн дэлхий нийтэд анхааруулсаар байна. АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд ийнхүү хүчээ нэгтгэж, албан бус дайны бэлэн байдалд орж байгаа нь Ираныг өдөөн хатгаж байгаагийн илрэл гэдгийг Ираны албаныхан мэдэгдсээр байна. Сая­­хан Иран улс дунд тусгалын пуу­жин­гаа амжилттай туршиж “Ор­музын хоолойг бооно” хэмээн за­нал­хийлснээс хойш АНУ-ын Бат­лан хам­гаалах яам ийнхүү Арабын тэнгис дэх хүчээ нэмэгдүүлэх болсон. Номхон далайд байрлаж байсан “Аврам Линкольн” байлдааны хөлөг онгоц бүхий тэнгисийн цэргийн гол хүчийг яаралтай Ормузын хоолойд татсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  

Ираны талд хэтэрхий их дарамт шахалт үзүүлж буй талаар ОХУ-ын гадаад харилцааны яамны зү­гээс шүүмжлэлтэй хандаж бай­гаа­гаа АНУ-д удаа дараа илэр­хийл­сэн. Мөн Ираны цөмийн эр­чим хүчний байгууллагын ерөн­хийлөгч Ф.А.Давани “Ираны ариун шашинтнуудын хот Комын ой­рол­цоох Фордогийн уран бая­жуу­лах үйлдвэр ойрын хугацаанд ашиг­лалтад орно. АНУ болон холбоотон орнуудын хийж буй алхамууд бидний ариун үйлд хэзээ ч саад хийж чадахгүй. Фордогийн уран баяжуулах үйлдвэр тун удахгүй ашиглалтад орно. Уг үйлдвэрийн цэвэршлийн хэмжээ нь 3.5, 4 болон 20 хувийн ураны баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнээс гадна Ираны анхдагч Бушерийн атомын цахилгаан станц ирэх сарын эхний долоо хоногт багтан бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Битгий Ираныг “Иракдах” гэж оролд. Бид хэзээд бэлэн” хэмээн мэдэгдсэн. Ираны талаас байгаа бүхнээ цэрэг армийн хэрэглээ, хангамжид зар­цуулж байгаа бололтой. Учир нь Ираны Батлан хамгаалахын яамнаас ард иргэдэд “Эрх чөлөөний төлөө нэгдэх нь” нэртэй уриа, хөдөлгөөн байгуулсан аж. Энэхүү хөдөлгөөн нь сайн дураараа армид хандив өргөх хүсэлтэй иргэдэд зориулсан юм байна.

Ираны арми Афганистантай хил залгаа орших бүсийн “Шохадай-е Вахдат” хэмээх газарт цэргийн сур­гуулилт хийсэн. Энэхүү сур­гуу­лилт  нь “Иран улс дайнд бэ­лэн” гэдгийн илэрхийлэл. Харин энэ­хүү сургуулилтыг “Ираны хи­лийн бүсийн аюулгүй байдлыг хам­гаалах, хуурай замын цэргийн дай­ны үеийн бэлтгэлийг дээшлүүлж, алан хядагчид болон гадны тү­рэмгийлэгчдийн эсрэг ажиллагаа явуулахыг сайжруулахад оршино” хэмээн Ираны армийн командлагч Мохаммед Па Ке Пуер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Иран өдөрт хоёр сая 154 мянган баррел нефтийг Европ болон Азийн орнууд руу импортолдог. Үүний 20 гаруй хувийг БНХАУ эзэмшдэг аж. Харин бусад 70 гаруй хувийг Япон, Итали, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг орнууд бүрдүүлдэг. Европын холбооноос авч буй нефтийн хориг арга хэмжээ гэсэн нэр төдий боловч угтаа АНУ болон НАТО-гийн хийж буй алхам хэмээн Ираны зарим албаныхан үзэж байгаа юм. Иран улсын хувьд эдийн засгийн гол ашгийг бүрдүүлж буй салбарын нэг нь нефть. Тэр ч утгаараа нефтийн хориг арга хэмжээ авсан нь давхар эдийн засгийн хориг арга хэмжээ болж байгаа талаар Европын холбооноос CNN агентлагаар улам­жилсан. Мөн Европын холбоо ба АНУ-ын зүгээс Сирид тавьсан неф­тийн хоригийн улмаас учирсан хохирлыг “Хоёр тэрбум ам.доллар болсон” хэмээн Сирийн Нефтийн сайд Суфиан Алау мэдэгдэж байсан. Харин Ираны хувьд нефтийн хориг арга хэмжээ төдийлөн их хэмжээний хохирол учруулахгүй бололтой. Учир нь Иран өөрсдийн нефтийг БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг зэрэг Азийн томоохон орнуудад нийлүүлдэг. Ираны талаас дээрх нефтийн хориг арга хэмжээний талаар “Европын холбоо бол НАТО-гийн бууны ноход. Тэдний хийсэн бүхэн АНУ-тай байнга холбоотой байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр нөхцөл байдал ширүүссэн хэвээр байна. Манай улсад нефтийн хориг арга хэмжээ авснаар уран баяжуулах ажиллагааг зогсооно гэж найдах хэрэггүй гэдгийг хэлмээр байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Европ руу импортолж буй нефтийг хориглосноор ямар нэгэн ач холбогдол өгөхгүй гэдгийг Европын зарим орон үзэж байгаа аж. Учир нь “Иранаас ирж буй нефтийг Итали өөрийн хэрэглээнд 70 гаруй хувийг, үлдсэн 20 гаруй хувиа хөрш зэргэлдээ орнуудад хоёр дахин үнээр нийлүүлсээр байгаа” гэжээ.

Саяхан арабын орнуудаас Турк улс хамгийн эхэлж өөрсдийн байр суурийг дэлхийд товч тодорхой илэрхийлж, Ираны хил ойролцоо цөмийн пуужин эсэргүүцэх хам­гаалалтын систем бүхий тө­хөөрөмжийг байрлуулсан. Ираны талаас энэхүү үйлдлийг ихэд шүүм­жилж “Турк бол ариун шашнаасаа урвагчид” гэсэн шинэ тодотголыг өгсөн. Харин Иранд тавьж буй нефтийн хориг арга хэмжээний талаар Туркын тал “Оновчгүй шийдвэр” хэмээн CNN агентлагаар дамжуулан өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

БНХАУ-ын хувьд АНУ-ыг хатуу шүүмж­лэлээр булж эхлээд буй. Тэд Ормузын хоолойн асуудлыг “Бид АНУ-ыг ганц л шалтгаанаар Ирантай сөргөлцөөд байна гэж ойлгож байгаа. Энэ нь уран баяжуулах, цөмийн зэвсэг, дэлхийн энх тайвны асуудал бус Ирактай адил нефтийн нөөцтөй холбож ойлгож байгаа” гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж