Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Иргэдээ соёлжуулахад түлхүү анхаарна

Ирэх сарын 9-нд Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг 1912 онд “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэхүү түүхэн ойг тэмдэглээд өнгөрөх бус өнөөгийн Улаанбаатарын соёлын суурь бий болсон чухал үе учраас иргэдэд энэ талын мэдээллийг өргөнөөр өгч, иргэдээ соёлжуулах нь чухал гэдгийг тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Ойн хүрээнд хоёрдугаар сарын 06-наас эхлэн “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн болон Архивын түүхэн баримт бичиг, үзмэрүүдийн үзэсгэлэн гаргах, Зүүн хүрээ-Дашчойлон хийдтэй хамтран ном хуруулах, Нийслэл хүрээний сэдэвт жүжиг тавих, “Нийслэл хүрээ-100 жил” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг урлаг соёлын олон ажлыг зохион байгуулна. Гэхдээ нийслэл хотын иргэн гэж ямар хүн байх, ахуйн ямар соёлд суралцсан байх, харилцааны наад захын ямар соёлтой байх зэргээр иргэдээ соёлжуулах “Хүрээ соёл” аяныг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн бүтэн жилийн турш өрнүүлэх юм.

100 жилийн ойн өдөр нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд нийслэлийн түүхээр хичээл заана. Нийслэлийн түүхээ иргэд, хүүхэд, залууст өргөнөөр таниулах, сурталчлах үүднээс зохион бичлэг, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж