Улаанчулуут яг л хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Улаанчулуут яг л хэвээрээ

Алсаас харвал жижиг толгод том уулын бэлд үзэгдэнэ. Газар хорогдож, ойртох тусам цагаан зүйлсүүд үзэгдэх бөгөөд ахиулж харвал төрөл бүрийн өнгөтэй гялгар уутнууд байх аж. Толгод хэмээн бодож байтал нөгөөдөх маань хогон овоо байж таарлаа. Улаанчулуутын гэж нэрлэгдсэн энэхүү хогийн цэгт хогон овоо бүр эзэнтэй байх аж. Одоогоос хэдэн жилийн тэртээ ажиглагдаж байсан дүр зураг өнөөдөр ч хэвээр. Өнгөрсөн оны аравдугаар сард хог боловсруулах үйлдвэр нээгдэж олон хүн ажилтай болсон гэж бодож байлаа. Гэвч үгүй байж.

Улаанчулуутын төвд байх нэлээд том хогон овооны хажууханд гал асч байгаа харагдав. Хогоо шатааж байна гэж бодтол тэнд ажилладаг хүмүүсийн дулаацаж байгаа нь энэ аж. Арга ч үгүй юм. Үүр хаяарахтай зэрэгцэн ажилласан тэд ингэж дулаацахаас өөр аргагүй. Тэндхийг манадаг өвөөгийн хэлж буйгаар бол тэд өглөөний 05 цагаас, өдрийн 15 цаг хүртэл ажилладаг гэх. Манаач өвгөнтэй ийн ярилцаж зогстол том хогийн машин тоос татуулан ирж байгаа үзэгдэв. Үүнийг харсан хүмүүс аавыгаа тосон гүйлдэх хүүхдүүд шиг том машиныг хоромхон зуур бүчиж байлаа. Ашиг олж болох “шинэ бараа”-нууд ирж байгаа болохоор тэдний баярлах нь зүйн хэрэг. Тэгээд ч ченжүүд ирэх цаг нь дөхжээ. Хогийн цэгт юун ченж гэж эрхэм уншигч та бодож магад. Тэнд нэг килограмм кардонон цаасыг 45-50 төгрөгөөр зардаг ажээ. Тиймээс ченжүүд нь ирээд хормын дотор аваад оддог аж. Хог түүгчдийн од нь гийвэл том, том төмөрнүүдийг өгөөд “бурзайдаг” гэж байлаа. Хог түүгчид тэр болгон мөнгөөр наймаа хийх ченжүүд байдаггүй ажээ. Учир нь ченжүүд бага, сагахан хоол, нэг шил архи тэргүүтнээр хэдэн кг кардоноо сольж авдаг гэх.

Хогийн цэгийн төвд байх нэлээд том хогон овоонд “урилгагүй зочид” иржээ. Зүс танихгүй хүмүүс өөрийнх нь бүсэд нэвтэрсэнд дургүй байгаа болтой дунд эргэм насны нэгэн хараал хэлэн хашхирч байгаа үзэгдэв. Хог түүх зориулалттай тахир төмрөө дохилзуулан өнөөх “урилгагүй зочид” руу далайна. Хэсэг хугацаанд үймж байсан хүмүүс хормын дотор алга болоод өгөв. Учир нь тэртээгээс тоос татуулан хогийн машин ирж байлаа. Зодооныг тараах хүчтэй энэ машин тэнд өдөр бүр ирдэг 300 машины нэг. Хэдхэн жилийн өмнө 50-60 машин ирдэг байсан бол өнөөдөр энэ тоо хэд дахин нэмэгджээ. Хог түүгчдийг баярлуулах ерөөлтэй машин энд зөвхөн хогийн машинууд биш. Ченжүүдийн машин ч тэднийг машид баярлуулна. Учир нь тэд түүхий эдийг дүүртэл нь ачаад явдаг болохоор. Зарим ченжүүд мөнгөөр, зарим нь хоол, зарим нь нэг шил архи гээд наймааны шан харамж нь өөр, өөр. Ченжүүдийн машин ч гэсэн ирдэг тогтсон цагтай. Тэд өдөр бүрийн 15 цагт ирж хог түүгчдээс бараагаа аваад буцдаг ажээ. Зарим ченжүүд нь бүр эрт ирээд аваад явдаг аргатай ч болсон гэх.

Төвд байх хогон овоонд хүмүүс нэмэгджээ. Учир нь нөгөөх дунд эргэм насны эр эндхийн хоёр,  гурван хүмүүсийг таньдаг болохоор өнөөх таньдаг хэд нь хэдэн шинэ хүмүүсийг эгнээндээ нэгтгэжээ. Манаач өвөөгөөс яагаад энд бусад хогон овооноос илүү их хүн байгааг лавлавал хамгийн “үнэтэй” зүйлсүүд энд байдаг гэх. Ченжүүдэд хэрэгтэй кардон, зарим нэгэн төмөр эдлэл гээд “үнэд” хүрч болох бүх зүйлс энд байдаг ажээ. Энэ хогон овоон дээр ч гэлтгүй Улаанчулуутын хогийн цэгт өсвөр насны жаалууд олон. Амьдралын эрхээр хог түүхээс өөр сонголтгүй болсон гэр бүлийнхээ хувь заяаг тэд ийнхүү хуваалцаж байгаа нь энэ. Хэдийгээр Сонгинохайрхан дүүргээс зарим хүүхдийг нь сургалтад хамруулдаг боловч хэдэн сарын дараа Улаанчулуутдаа буцаад ирдэг аж. Хотын бидний цээрлэхээр энэ газар тэдэнд таалагдаж, мөнгө олох ганцхан хэрэгсэл нь учраас тэд эргээд ирэхээс ч өөр аргагүй. Хэдийгээр хэдэн жилийн тэртээ тэнд залуучууд гэхээсээ илүү дунд эргэм насны хүмүүс их байсан ч жил ирэх тусам хүмүүс нь нэмэгдэж, насных нь ч тоо залуужиж байгаа ажээ. Улаанчулуутын хаалгаар ороход хамгийн түрүүнд угтах манаачийн хэлж буйгаар хөдөөнөөс шилжин ирэгсдийн ихэнх нь эндхийн ажилчдын эгнээнд нэгддэг гэх.

Нийслэлийн зургаан дүүргээс өдөр бүр 1000-1300 тонн хог хаягдал уг цэг дээр ирдэг ажээ. Тиймээс хогийн цэгийн хогийг бууруулах, хог түүгчдийг цөөлөх зорилгоор Япон улсын JICA байгууллагын зүгээс 10 сая ам долларын хөрөнгөөр шинэ хогийн цэгийг барьж өгчээ. Хэрвээ бүрэн хүчин чадлаараа ажиллавал ирсэн хогийг өдөрт булж, дахин боловсруулах боломжтой хаягдлуудыг боловсруулах ажил эхлэх юм байна. Чухам ийм учраас өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийсэн билээ. Гэсэн ч өнөөдөр энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хараахан болоогүй. Ирэх гуравдугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллах гэнэ. Улаанчулуутын шинэ хогийн цэгт ажилладаг нэрээ нууцалсан нэгэн ажилчны хэлж буйгаар уг үйлдвэр ашиглалтад орсон ч тэндхийн хог түүгчдийг цөөлөх эсэх нь эргэлзээтэй гэх.

Хэдийгээр эргэлзээтэй зүйлс олон байгаа ч зарим зүйл өмнөхөөсөө өөрчлөгджээ. Өмнө нь ямар нэгэн хашаа хаалтгүй байсан бол хашаа хаалт барьж, дэргэд нь манаачийн шовгор босгосон байх аж. Хогийн машинуудыг үүдээр ороход хог, хаягдлын эзлэх жинг тооцох том жинг суурилуулсан байна. Машин түүгээр өнгөрөх болгонд тухайн машинд хэдэн килограмм хог байгааг тооцоолох сүүлийн үеийн технологийг япончууд суулгасан аж.

Улаанчулуутын дээгүүр тоолж барахааргүй олон хар хэрээ, улаан хошуут эргэлдэнэ. Тийм олон шувууд нийлэлдэж үгээр хэлэхийн аргагүй сонин байдлыг бүрдүүлэх. Дээгүүр эргэлдэх шувуудтай ижил хувь заяаг хүн төрөлхтөний төлөөлөл ийн эдэлж явна. Шувуунууд хоол эрэн гуаглалдаж, хүмүүс нь гайгүй хог хайн хашхиралдана. Одоогоос 35 жилийн өмнөөс Улаанчулуутад хог хаядаг болсон ч чухам хэзээнээс хүн, хэрээ хоёрыг тэжээдэг болсныг мэдэхгүй. Бас хэзээ энэ байдал дуусах нь ч эргэлзээтэй. Ямар ч байсан хогон овоог эргэлдэн нисэх хэрээ, турлиах тэргүүтэн, хог эрэн бэдрэх хог түүгчид байгаа. Өдөр, шөнийн алинд нь ч. Учир нь тэнд хонохоос өөр сонголтгүй олон хүн байдаг болохоор тэр.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж