“Давос 2012” муу мэдээтэй эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Давос 2012” муу мэдээтэй эхлэв

Тав хоног үргэлжлэх Дэлхийн эдийн засгийн форум өнөөдөр Швейцарийн Давост эхэллээ. Жил бүр зохиогддог Дэлхийн эдийн засгийн форумыг Германы Канцлер Ангела Меркел нээж, 2600 гаруй топ бизнес эрхлэгч болон улс төрчдийн өмнө үг хэлнэ.

Форумын халуухан сэдвийн нэг нь Евробүсийн хямрал, олон улсын эдийн засаг дахь сөрөг үр дагаварууд байх бололтой. Түүнээс гадна эдийн засгийн чуулга уулзалт болгонд маргаан дэгдээдэг капитализмын ирээдүйн асуудал  энэ удаагийн форумд хурцаар тавигдана. Хэлэлцэх гол зүйлд Хятадын өсөлт, дэлхий даяар өрнөсөн бослого хөдөлгөөний дараа авах арга хэмжээ, санхүүгийн зохицуулалт зэрэг асуудлууд зайлшгүй багтах аж. “Давос 2012” форумд энэ жил 40 гаруй орны удирдагч, дэлхийн хамгийн нөлөө бүхий 20 банкны ерөнхийлөгч, Засгийн газрын төлөөлөгч, томоохон компанийн захирлууд оролцох юм. Тэдэнтэй хамт улс төрийн зүтгэлтэн, худалдааны зөвлөлийн тэргүүн, ажил олгогч болон академич нар хүрэлцэн очно. Харамсалтай нь “Давос 2012” олон таагүй мэдээллээр эхэлж байна. Өнгөрсөн даваа гаригт Эдельманы олон нийттэй харилцах институтаас гаргасан судалгаа дэлхийн олон орны эрх баригч, удирдагч, бизнес эрхлэгчид болон санхүүчид олон түмний итгэлийг алдсаныг харуулсан юм. Ялангуяа Европын холбооны орнуудад иргэд эрх баригчдад төдийгүй бизнес, санхүүгийн институтэд итгэхээ больсон аж. Эдельманы судалгааны үр дүнг зарлаад удаагүй байхад ОУВС дэлхийн эдийн засаг аюултай бүсэд хэдийн орсныг анхааруулсан билээ. Дэлхийн 25 орны 25000 гаруй иргэдийн дунд явуулсан дээрх судалгааны тайланг форумын үеэр оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулах аж. Гэвч “Давос 2012” форумын үр өгөөж урьд урьдын чуулга уулзалтаас дээрдэхгүй гэж ажиглагчид бичиж байна. Дэлхийн хамгийн нөлөө бүхий шийдвэр гаргагчид нэг дор цугларснаар  чухал шийдвэр гаргах үйл явц улам адармаатай, бохир болно. Тэд 2009, 2010, 2011 оны форумаар шийдэх гээд чадаагүй нөгөө л Грекийн өрийн хямрал гэх мэт асуудлаа дахин сөхөж тавих нь тодорхой байгаа юм. Тав, зургаан жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад кино, урлагийн одуудыг ёс юм шиг урьдаг байсныг өнгөрсөн жилээс больсон билээ. Жүжигчин Анжелина Жоли, Майкл Дуглас, Ричард Гир,  Шарон Стоун, супер загвар өмсөгч Клаудия Шиффер нарыг форумд уригдаж байсан.  Үүнээс болж сэтгүүлч сурвалжлагчид чуулга уулзалтад гол анхаарлаа хандуулж чадахгүйд хүрсэн билээ.

Н.Энх 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж