Федерер, Надаль нар хагас шигшээд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Федерер, Надаль нар хагас шигшээд өрсөлдөнө

100 жилийн түүхтэй Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өчигдөр боллоо. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Беларусийн Виктория Азаренка, Польшийн Агниечка Радванска нар хоорондоо таарсан. Эхний сетийн тулаан тэнцүү өрнөсний эцэст тай брект Польш теннисчин илүүрхэж хожсон бол дараагийн сетэд Азаренка өрсөлдөгчдөө нэг ч гэйм алдсангүй 6:0-ээр хожжээ. Есөн гэйм дараалан авсан Беларусь теннисчин шийдвэрлэх сетэд 6:2-оор хожсоноор хагас шигшээд шалгарлаа.

Азаренкагийн дараагийн өрсөлдөгч нь Ким Клейстерс, Каролина Возняцки нарын тулаанаас  тодорлоо. Дэлхийн чансааг тэргүүлэгч Возняцки чансаагаа хадгалж үлдэхийн тулд зайлшгүй хагас шигшээд шалгарах ёстой байсан ч Бельги теннисчин түүний замд хангалттай саад болжээ. Клейстерс өрсөлдөгчийнхөө эсрэг хоёр брейк хийснээр 6:3-аар эхний сетэд хожсон бол дараагийн сет тай брек хүрсэн ч 7:4-аар ахмад тэннисчин дахин хожиж хагас шигшээд үлдэж байна.

Дэлхийн №1 теннисчинг ийнхүү бүдэрч байх үед чансааны хоёрт бичигдсэн Петра Квитова, Италийн Сара Эрранитай тоглолоо. Чехийн теннисчин өрсөлдөгчийнхөө давуулалтыг авч 5:2-оор тэргүүлж эхэлсэн төдийгүй 6:4-өөр хожсон байна. Дараагийн сет ч энэ зохиолын дагуу явагдаж 6:4-өөр дахин хожсоноор Квитова хагас шигшээд шалгарлаа. Хэрвээ дараагийн шатанд Квитова хожвол дэлхийн чансааны №1 болох боломжтой юм.

Түүнтэй хагас шигшээд өрсөлдөх тэннисчин нь Мария Шарапова боллоо. Гурван жилийн өмнө Меблурнд аваргалж байсан Шарапова өөрийн нутаг нэгт Екатерина Макароваг 6:2, 6:3-ын харьцаатай хожсон байна.

Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд 16 “Их дуулга” хүртсэн Рожер Федерер, Аргентиний Хуан Мартин дел Потротой шөвгийн наймд таарч 6:4, 6:3, 6:2-ын харьцаатай хожлоо. Чансааны №2 Рафаэл Надаль, Чехийн Томаш Бердых нарын тулаан дөрвөн сет үргэлжилж, 6:7, 7:6, 6:4, 6:3-ын харьцаатай Испанийн теннисчин хожсоноор хагас шигшээд Федерертэй өрсөлдөхөөр боллоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж