Зэвсэгт хүчнийхэн үзэсгэлэн гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчнийхэн үзэсгэлэн гаргав

Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штаб,  анги, байгууллагын удирдах албан тушаалтнуудын хувийн цуглуулгын дээжээс “Миний хобби” сэдэвт шинэлэг үзэсгэлэнг зохион байгуулж, үзэгч олны хүртээл болгож эхэлжээ. “Миний хобби” үзэсгэлэнд Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай 271 медальон, мөн газрын хэлтсийн дарга хурандаа Н.Бор Зэвсэгт хүчний таних тэмдэг бүхий 75 аяга, 200 гаруй балын харандаа, Батлан хамгаалах яамны Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга хурандаа Ө.Батмөнх 20 гаруй их бууны цуглуулга, 016-р ангийн захирагч хурандаа Д.Батбаатар 350 гаруй десантын цэргийн тэмдэг, 311-р ангийн захирагч дэд хурандаа Б.Баатар 25 улсын 60 гаруй хундаганы цуглуулгаа дэлгэжээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар, Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Ш.Ганбат 14 улсын 60 гаруй түлхүүрийн оосор, Цэргийн дуу, бүжгийн чуулгын дарга хурандаа Ч.Гансүх 1000 гаруй урилга, 150-р ангийн штабын дарга дэд хурандаа Б.Хаш-эрдэнэ 30 гаруй хутганы цуглуулгаараа тус тус оролцож буй юм.

Хобби гэдэг бол хүний сонирхол төдийгүй бусдад өөрийгөө нээх боломжийг олгодог. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүс бүгд өөрийн хүсэл сонирхлоороо жолоогоо хийж, амжилтанд хүрсэн байдаг. Хүний сонирхол гэдэг бол агуу юуг ч бүтээж болно. Хүн дуртай зүйлээ хийхдээ хамгийн их аз жаргалтай байдаг. Таны өөрийн зан араншин, үзэл бодол, хүсэл тэмүүлэлд тохирсон, түүнийг хийх зуур таныг аз жаргалтай болгож чадах тэр л  зүйл хобби. Энэхүү үзэсгэлэнгээрээ Зэвсэгт хүчний алба хаагчдын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, мэдлэгийн хүрээг нь тэлэх, цуглуулагчдыг дэмжих, нэгтгэх, үйл ажиллагааг нь өргөтгөх, хамтран ажиллах, арилжаа, солилцоо хийх нөхцөл бололцоог хангаж, дараа дараагийн үзэсгэлэнг төрөлжүүлэх, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж