Сү.Батболдод сонголт байна

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Сү.Батболдод сонголт байна

МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын танхимаа бүрдүүлэх ажил лав долоо хоногоор суналаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ингэж шийдэв. Өмнө нь ч Ерөнхийлөгч энэ талаар сануулга өгч байсан. Харамсалтай нь Ерөнхий сайд үүн дээр төдийлөн ач холбогдол өгөөгүй билээ.

Өнгөрөгч долоо хоногийн эхээр сайдад нэр дэвшүүлсэн зургаан нэр дэвшигчээ зөвшилцөхөөр саналаа хүргүүлсэн Ерөнхий сайд С.Батболдод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр давхар томилохгүй байх зарчмыг барина шүү. Аливаа муу жишгээс зугтаж, сайн жишгээ авч явах нь дээр. Тэгээд ч хамтарсан Засгийн газар байгуулах үед шинээр бий болгосон Тэргүүн шадар сайдын орон тоог одоо байлгах шаардлагагүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн билээ.

Гэвч энэ уулзалтаас хойш тав хоногийн дараа буюу өнгөрөгч даваа гаригт нэр дэвшигчдийнхээ асуудлаар дахин санал хүргүүлэхдээ Ерөнхий сайд өмнө нэр дэвшүүлсэн зургаан хүнээ тэр хэвээр нь оруулж ирсэн билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаярыг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Ц.Дашдорж, Сангийн сайдад Д.Хаянхярваа, Эрүүл мэндийн сайдад Н.Хүрэлбаатар, Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүхийг томилуулахаар. Харин зургаан нэр дэвшигчээс зөвхөн хоёрыг дэмжсэн нь Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нар. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд С.Батболд нэр дэвшигчдээ УИХ руу оруулсан билээ. Нам нь олонхи учраас хүч түрээд батлуулчихна гэж тооцсон биз.

Гэвч үүнд нь Ардчилсан намын бүлэг тээг тавилаа. Тэд Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж, Тэргүүн шадар садын албан тушаалыг үгүй болгох, сайдад нэр дэвшигчдийг УИХ-ын гаднаас оруулж ирэхийг шаардан өчигдөр Байнгын хороод, нэгдсэн чуулганаас хугацаагүй завсарлага хүсэв. Хэрвээ Ерөнхий сайд анхныхаа саналаас буцахгүй бол завсарлага хэдий хүртэл ч үргэлжилж мэднэ. Гэхдээ үүнийг хамтарсан Засгийн газраас сайд нараа аваад гарсан Ардчилсан намын өширхөл ч юм уу, сонгуулийн өмнө дэглэж буй улс төрийн шоу гэдэг байдлаар харах нь дэндүү өнгөц болно.

Учир нь Ардчилсан нам өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хамтарсан Засгийн газарт ажиллах зуурт олон нийт, сонгогчдын зүгээс хамгийн их хүсэн хүлээж байсан зүйл нь МАН-аас ялгарах Ардчилсан намын бодлого, байр суурийн ялгаа. Тиймээс дөнгөж сая Засгийн газраас гараад байгаа тус намынхан хэдийгээр өөрсдөд нь эрсдэлтэй байж болох ч энэ замыг сонгож, УИХ дахь олонхийн бүлэг буюу эрх баригчдад өөрсдийн зүгээс цензурийг тавихыг хичээж байна. Энэ удаа боловсон хүчний, сайд нарын томилгооны асуудал дээр.

Нэг талаас харахад Ардчилсан намын зургаан сайд зургууулаа УИХ-ын гишүүд байсан тул одоо ирж “сайд нарыг УИХ-ын гаднаас” гэдэг тэдний шалгуур тийм ч их “совесть”-той харагдахгүй. Хоёрдугаарт, нэгэнт сөрөг хүчний байр суурин дээр оччихоод байгаа тус намынхан МАН-ын энэ томилгоог “Муу байх тусмаа сайн” гэдэг байр сууринаас хараад нүдэн балай өнгөрч болох. Үүнийг хийхийн тулд тэд Ардын намын сайд нарыг улаан цайм дэмжиж гаргадаггүй юм гэхэд Байнгын хороод, чуулганы хэралдаанд орж суугаад эсрэг кноп дарахад л болох байв. Ардын намынхан ч Засгийн газраа бүрдүүлж, Ардчилсан намынхан ч “Бид чадлаараа эсэргүүцсэн шүү дээ” гээд л сууж байна. Хонь бүрэн, чоно цатгалан.
Гэвч Ардчилсан намын бүлэг томилгооны асуудлаар завсарлага авсан нь улс төрийн арай өөр шийдлийг шаардаж байна. Зургаахан сар ажиллах сайд хэн байсан ч яалаа гэдэг хүниймсэг байдлаар ч биш, “Манайхан ч гэсэн хавсарч л байсан шүү дээ” гэж өөгшүүлэх замаар ч бус, зүгээр л зарчмаараа явья аа гэж байгаа хэрэг.

Учир нь “УИХ-ын гишүүд сайдын ажил хавсарч болохгүй” гэдэг яриа өнөөдөр анх удаа гарч байгаа юм биш. Бүр оны өмнө хоёр нам энэ асуудлаар зөвшилцөөд, “УИХ-ын гишүүн сайдын ажил хавсрах тохиолдолд ядахдаа танхимын нийт гишүүдийн 1/3-ээс хэтрүүлэхгүй байя” гэдэг тохиролцоонд хүрч, хуулийн төсөл хүртэл боловсруулаад байсан билээ. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан өөр хуулийн төсөл өмнө нь УИХ-д орж ирж байгаа ч үгүй байх. Харамсалтай нь, Үндсэн хуульд оруулах энэ өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлэгт орж амжилгүй арванхоёрдугаар сарын 29-тэй золгосон. Сонгуулийн өмнөх зургаан сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй тул одоо энэ сэдэв ингээд хаагдсан. Гэхдээ хүсвэл Засгийн газрын ч, УИХ-ын ч хуулинд өөрчлөлт оруулаад явчих боломж нь байгаа. Тиймээс л Ардчилсан намын бүлэг “УИХ-ын гишүүд сайдын ажил хавсрахгүй” гэдэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн хэрэг. Тэгээд ч сайд болох гээд яваа гурван гишүүний дотор сайдын байтугай гишүүнийхээ ажлыг хийж чадахгүй байгаа, өмнө нь хашиж байсан албан тушаал дээрээ асуудал гаргаж байсан нөхдүүд дуулдаж л байгаа шүү дээ. Аргаа ядаад УИХ-аас томилдог байлаа гэхэд хувь хүний асуудал дахиад л хөндөгдөнө.

Харин Тэргүүн шадар сайдын тухайд асуудал өөр, асуудал У.Хүрэлсүх гэдэг хүнд ч байгаа юм биш. Тэргүүний шадар сайдын албан тушаалыг халчихвал У.Хүрэлсүх гэдэг хүн дуртай яамандаа сайдаар очих боломжтой. Ерөнхий сайд ч гэсэн Тэргүүн шадрын эрхлэх асуудалд хамаарч байсан жижиг дунд үйлдвэр, иргэний бүртгэл, чөлөөт бусийн асуудлыг Шадар сайдын эрхлэх ажил руу шилжүүлээд л болоо шүү дээ.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн авсан завсарлагыг цуцлуулахын тулд МАН-ын дарга тавьсан хоёр шаардлагын ядаж нэгийг нь хүлээж авч байж дахин хэлэлцээрийн ширээнд суух боломжтой болж байна. Хамгийн ойр нь Тэргүүн шадар сайдын албан тушаалыг халах байж магадгүй. Угаасаа ямар шалтгаанаар үүнийг хадгалаад, тэр тусмаа У.Хүрэлсүхэд зэхээд байгаа нь олон нийтэд ч ойлгомжгүй л байгаа шүү дээ. Ардчилсан намын бүлгийн хувьд ч гэсэн “төрийг гацаасан” буруутан болоод суухыг удаан тэвчихгүй байлгүй. МАН-аас болж зөвшилцөл гацахад хүрвэл санал хураалтаар хагалах зам руу л явна. Тэглээ ч үүнд бас шалтгаан хэрэгтэй. Наад зах нь МАН-ын бүлгээс ямар нэгэн буулт хийхийг хүлээж таарна. Тэгэхээр МАН-ын даргад дахиад нэг сонголт байна.    

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж